Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2014/0404/З |
Дугаар | 299 |
Огноо | 2016-10-12 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 299
“Жигүүр гранд групп” ХХК,
“ХЭБА трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2016/0360 дүгээр магадлалтай, “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн бие даасан шаардлагатай, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон; Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.6.3, 12.8-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн бие даасан шаардлагыг хангаж, “Гэгээнтэн” хотхоны ерөнхий төлөвлөгөөг С.Амарбаясгаланд эзэмшүүлсэн 18642308782966 нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газартай давхцалгүй болгож өөрчлөхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 70200 төгрөг болон шинжээчийн зардал 816.831 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд С.Амарбаясгаланд олгохоор шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2016/0360 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-иуд нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд “Гэгээнтэн цогцолбор”-ыг барихаар 2010 онд зураг төслийг батлуулан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд батлагдаж орсны дагуу 2011 онд барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг авч, 2013 онд барилгыг ашиглалтанд оруулсан. “Гэгээнтэн цогцолбо”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хойд талаар хотхонруу орж гаргах орц гарцтай байхаар төлөвлөгдсөний дагуу хойд хэсгийн газрыг тохижуулсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга “Гэгээнтэн цогцолбор” хотхоны ерөнхий төлөвлөгөөтэй давхцуулан мөн хотхоны хойд тулд автозогоол, орох гарах аюулгүйн гарцыг хааж С.Амарбаясгаланд 400 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. С.Амарбаясгалан анх өөр байршилд газар эзэмших эрхтэй байгаад тухайн газрыг ашиглах боломжгүй гэж түүний газрын байршлыг удаа дараа өөрчилөн, шилжүүлж, сольсон байдаг ба Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан газрыг солих зохицуулалтын журмыг хэрэгжүүлээгүй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “НИТХ-аас баталсан ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайг жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасныг зөрчсөн. С.Амарбаясгалангийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх “С.Амарбаясгаланд газар эзэмших эрх олгосон нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа” гэж дүгнэсэн хэрнээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн зөрүүтэй дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч компаниуд 2008 онд газар эзэмших эрхтэй болж, 2010 онд “Гэгээнтэн хотхон”-ын зураг төслийг батлуулан, 2011 онд Ерөнхий төлөвлөгөөг батлуулан, барилгын ажлыг эхлүүлсэн байхад Нийслэлийн Засаг даргаас 2013 онд С.Амарбаясгаланд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байдаг. Шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаар захирамжаар иргэн Ц.Батпүрэвт /дуудлага худалдаагаар/ эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 12 а байрны зүүн хойд талд байрлах 0,008 га газрыг С.Амарбаясгалан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр авсныг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар баталгаажуулсан байна.
С.Амарбаясгалан өөрөөс үл хамаарах шалтгаанаар тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсныг харгалзан үзэж захиргааны байгууллага газрын байршлыг удаа дараа өөрчилсний эцэст Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Гэгээнтэн цогцолбор”-ын хойд талд 400 м.кв газрыг Нийслэлийн Засаг дарга 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар эзэмшүүлжээ.
Энэ нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 198 дугаар захирамжаар “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-д эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4700 мкв, 1310 м.кв газартай давхцаагүй боловч Улаанбаатар хотын ерөнхий Архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, Хот байгуулалтын хэлтсийн дарга болон дүүрэг хариуцсан архитектор нарын баталсан “Гэгээнтэн цогцолбор”-ын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ерөнхий төлөвлөгөөтэй давхцсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, “Гэгээнтэн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөг баталгаажуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр С.Амарбаясгаланд тухайн байршилд газар эзэмших эрх үүсэхээс өмнө гарсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нэгэнт батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэлгүй газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь, хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тухайн орчны автозамын зорчих хэсэг, явган хүний замын тохижилтыг цогц байдлаар тусгасан ба төлөвлөгөөний дагуу тохижилтын ажлыг гүйцэтгэсний дүнд нийтээр зорчих автозам, явган хүний зам болохоор байх тул зөвхөн “бусдын эзэмшил газартай давхцаагүй” гэсэн үндэслэлээр газар олгосон нь хууль бус байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.
Иймд, “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-ийн эзэмших эрх бүхий 6010 м.кв газраа барилгажуулсан болох нь тогтоогдож байх боловч үүний улмаас гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн “Гэгээнцэн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээс баталгаажуулан, 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ХУД/36/11 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосны дагуу барилгын эскиз зургийг батлуулан, барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Гуравдагч этгээд С.Амарбаясгалан тухайн үйл баримтаас хойш маргаан бүхий газарт эзэмших эрх үүссэн байх тул өмнө гарсан захиргааны актыг сүүлд үүссэн эрх ашгийг хөндсөн гэж хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага урьд гаргасан шийдвэртэй дараагийн үйл ажиллагаагаа уялдуулах учиртай.
Иймд, “Гэгээнтэн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг даалгах гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч С.Амарбаясгалан газраа зориулалтын дагуу эзэмшиж, ажиллах боломжгүй болсон шалтгааныг анхаарч, түүний хүсэлтийг зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхэд энэхүү шийдвэр нөлөөлөхгүй, шүүх зөвхөн маргаан бүхий байршилд газар олгосон асуудлын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2016/0360 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг баримтлан “Жигүүр гранд групп” ХХК, “ХЭБА трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн С.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “... “Гэгээнтэн цогцолбор” хотхоны ерөнхий төлөвлөгөөнд С.Амарбаясгаланд эзэмшүүлсэн 400 м.кв газартай давхцуулахгүйгээр өөрчлөлт оруулахыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт даалгах тухай” гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН