Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

 

2020             10          07                            871

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч: А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оад холбогдох эрүүгийн 2005 00000 1366 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын материалын лангуу түрээслэж ажиллуулдаг, сард 6 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эмэг эх, 6 настай хүүхдийн хамт суух,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15 000 000 торгох ялаар шийтгүүлсэн, О.

                                                   

Шүүгдэгч А.О нь 2020 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны 18  тоотод “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Х.Оюийн толгойн тус газар аяга шидэж, түүнд “зүүн зулайн няцарсан шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.О  мэдүүлэхдээ:

Тухайн үед хохирогч Ою нь намайг хэл амаар доромжилж, миний гар утсыг аваад өгөхгүй байсан байсан тул бид маргалдсан. Би хохирогчийн хохирол төлбөрт 100 000 төгрөг шилжүүлсэн. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч- Х.Ою мэдүүлэхдээ:

Би 2020 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7 дугаар байрны 18 тоотод танил дүү болох Амараагийнд Тэгшжаргал бид 3 архи уугаад сууж байтал О гэгч гэрт нь согтуу орж ирсэн юм. Тэгээд Амараагийнд сууж байтал О гэгч эмэгтэй над руу цайны аяга авч шидээд, миний толгойг хагалчихсан. О над руу ямар учраас аяга шидсэнийг мэдэхгүй байна. Бид тухайн үед 3 савтай пиво уусан байсан. Миний толгойн зүүн талын шанааны чамархай орчимд 4 оёдол тавиулсан. Би үрэвслийн эсэрг эм ууж, толгойдоо боолт хийлгэсэн. Надад одоогоор баримт байхгүй. 500 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэжээ. (хэргийн 8-10, 12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Г.А мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 31-ний орой манай гэрт Ою, Тэгшжаргал хоёр ирээд пиво уугаад сууж байтал манай найз О “хороололд байна, найз нь архи уучихсан байна” гээд над руу яриад бас манай гэрт шөнө орж ирсэн. Тухайн үед би нэлээд согтчихсон байсан тул юу болсныг мэдээгүй. Нэг хартал Ою эгчийн толгойноос цус гарчихсан, бөөн маргаан болоод байж байсан. Би Ою эгчийн толгойг алчуураар дараад “юу болоод байгаа юм” гэтэл “О аяга аваад Ою эгч рүү шидчихсэн” гээд байж байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирээд Оыг цагдаа руу, Оюийг эмнэлэг рүү аваад явсан гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

                                                                                        

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10045 тоот дүгнэлтэд:

          1. Х.Оюийн биед зулайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15 000 000 торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.О нь 2020 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7 дугаар байрны 18 тоотод хохирогч Х.Оюийн толгойн тус газарт аяга шидэж, зүүн зулайн няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Оюийн мэдүүлэг, гэрч Г.Аийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10045 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Оад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Х.Ою нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй боловч шүүгдэгч А.О түүнд 100 000 төгрөгийг түүнд сайн дураар төлсөн байна. Иймд А.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Хохирогч Х.Ою нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор А.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15 000 000 торгох ялаар шийтгүүлж, уг ялаас 13 051 000 төгрөгийн торгуулийн ялыг эдлээгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 000 000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 13 051 000 төгрөгийн торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Оыг 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан А.Оад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15 000 000 торгох ялаас эдлээгүй үлдсэн 13 051 000 төгрөгийн торгуулийн ял, энэ тогтоолоор оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.О 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хохирогч Х.Ою нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Оад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН