Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 874

 

 

 

 

 

 

 

 

2020          10            07                                          874

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

            улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

            хохирогч: Ц.Б,

шүүгдэгч: Ц.Ө, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр /1126/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өд холбогдох эрүүгийн 2003 00000 0303 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мон полимет групп” ХХК-д хамгаалагч ажилтай, сард 750 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамж, 128б тоотод оршин суух боловч, одоо,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, н Ө.

 

   Шүүгдэгч Ц.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 6 цаг 46 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар сургуулийн хойд замд “Тоёота Приус” маркийн, 19-51 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин, зөвшөөрсөн гэрлэн дохиогоор явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 53 настай Ц.Б, 9 хоногтой Эмүлэн нарыг мөргөж, Ц.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ц.Ө  мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан. Миний 1 сарын орлого 1 000 000 төгрөг байдаг. Үүнээс нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвараа хасаад 750 000 төгрөгийн цалин гар дээрээ авдаг. Би жолоочийн хариуцлагын даатгалаас 2 000 000-5 000 000 төгрөг авах боломжтой. Дээр нь нэмээд миний машин “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээр байдаг бөгөөд машинаа зарж, даатгалын мөнгөн дээрээ нэмээд нийт 7 500 000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ц.Б  мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зээгээ гадаа салхинд гаргах гэж гарсан бөгөөд гэрийн ойр орчимд хог үнэртээд байсан болохоор сургуулийн хажууд модтой цэцэрлэгт очих гээд зам хөндлөн гарах гэтэл улаан гэрлэн дохио ассан байсан. Тэгээд ногоон гэрлээр замын хурд сааруулагчтай хэсгээр зээгээ тэврээд гарч байсан. Тухайн үед зам дээр машин харагдахгүй байсан. Гэтэл гэнэт  миний баруун талаас машин мөргөсөн. Би машинд мөргүүлсний дараа “хүүхэд” гээд мөлхөөд босох гэтэл хүүхэд уйлж байсан. Тэгээд ухаан алдаад унасан байсан. Өөр зүйл санадаггүй. Ослын дараа эмнэлэгт очоод нуруу нугасны тасагт хэвтсэн. Ослын улмаас миний хүзүү хугарч, мултарсан, эгэм хугарсан онош гарсан. Хүзүүний мултралыг оруулахын тулд миний үсийг хусаж, 13 клограмм жинтэй төмөр аппаратыг 5 хоног толгойноос зүүж, хэвтүүлсэн. Аппаратыг зүүсэн байхад би юм ярьж, хоол идэж чадахгүй байсан. Эмч “энэ аппаратыг 5 хоног зүүж чадвал хагалгаа хийлгэхгүй байх боломжтой, хичээгээрэй” гэж хэлсэн. Тэгээд 5 хоногийн дараа эмч үзээд “хүзүүний мултрал орсон байна” гэж хэлсэн. Хүзүүний хугарсан 6, 7 дугаар үед хагалгаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн боловч эмч нарын зөвлөгөөнөөр хүзүүний 6, 7 дугаар үед зэрэг хагалгаа хийх нь аюултай гээд бүтэн мэдээ алдуулалттай хүзүүний хагалгаа хийлгэсэн. Хагалгааны дараа хоол идэх боломжгүй, хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Эмнэлэгт байх хугацаанд эмнэлэг, эмч нарын зүгээс надад хангалттай сайн эмчилгээ хийж өгсөн тул эмч нарт баярлаж байна. Дараа нь эгэмний хагалгаанд орох гэтэл хүзүүний хүнд хагалгаанд орсон тул эгэм хазайдаг. Тийм болохоор хүзүү мултрах магадлалтай гэж эмч нар хэлсэн. Гэвч миний биеийн байдал хүнд байсан тул эмгэмний хагалгаа хийсэн. Ослын улмаас миний эгэмний яснууд үйрсэн байсан тул хиймэл яс тавьж, дээр нь төмөр тавьж шрүүпдсэн. Энэ ялтас төмөрнүүд миний биеэс хэзээ ч салахгүй. Уг нь ялтас төмрүүдийг хүний биеэс авч болдог гэсэн боловч миний насны хүнд ялтас төмрүүдийг миний биеэс авсан тохиолдолд миний бие дийлэхгүй гэж эмч нар хэлсэн. Хоолойны хагалгааны зардал 4 сая гаруй төгрөгийн үнэтэй хэдий боловч нийгмийн даатгал төлдөг тул хөнгөлж 959 050 төгрөг болсон. Эгэмний хагалгааны төлбөр 380 000 төгрөг болсноос 92 000 төгрөг авсан. Эмч, сувилагч нар “та хүүхэдтэй явсан гэсэн таны хүүхэд зүгээр үү” гэж сэтгэл санаагар их дэмжсэн. Би зүгээр явж байгаад эрэмдэг болсон. Би ослын дараа хөдөлж чадахгүй яг дээшээ хараад хэвтэж байдаг байсан боловч одоо ариун цэврийн өрөө ордог болсон. Би хэвтэж, босох үедээ хүнээр түшүүлдэг. Би эмчилгээний зардалд 13 615 000 төгрөг нэхэмжилсэн. Өнөөдөр нэмж 1 496 000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч надад 2 868 000 төгрөгийг эмнэлэгт байхад өгсөн. Дараа нь 368 000 төгрөгийн эм, тариа авч өгсөн. Би гэртээ ганцаараа ажил хийдэг байсан тул 2020 оны 8 дугаар сараас хойш 5 сарын нийгмийн даатгал болон цалинг нэхэмжилж байна. Манай гэрт надаас өөр хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Манай зээ Эмүжин өдрийн цагаар гайгүй байгаа боловч шөнө болохоор юу нь өвдсөн болох нь мэдэгдэхгүй 2 цаг тутам уйлдаг болсон. Эх нялхаст үзүүлэхэд Эмүжинг 5-6 сартай болтол нь тогтмол үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Хувийн эмнэлэгт зулайны ЭХО-д харуулсан. Намайг 5 сарын дараа эмч нарын зөвлөгөөнөөр орж групп тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Ө миний эмчилгээний зардалд одоо 7 500 000 төгрөг төлсөн тохиолдолд би түүнээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй байж болно гэв.

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Г.М мэдүүлэхдээ:

            Одоогоор эмчилгээ хийлгээгүй байгаа. Хохирлын баримт байхгүй. Ослоос хойш хүүхэд уйлах, унтахгүй байх нь нэмэгдсэн. Эх нялхасын эмнэлэгт үзүүлэхэд гайгүй байна, осол юм чинь цаашдаа мэдэгдэнэ гэсэн. Манай хүүхэд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. 27 хонож байна. Хүүхдийн хувьд гомдолтой байна. Хэзээ юу илрэхийг мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9732 тоот дүгнэлтэд:

            1.М.Эмүлэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9026 тоот дүгнэлтэд:

           1. Ц.Бын биед хүзүүний 6 дугаар нугалмын арын нум, хоёр үений хэсгийн хугарал, мултрал, цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, эгэм орчны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.           

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид  хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.

            5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

           

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлд:

            Хяналтын камерын бичлэгийг уншуулахад 2020 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 7 цаг 20 минут 10 секундээс 07 цаг 23 минут 24 секунд хүртэл бичлэг байх бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 7 цаг 20 минут 31 секундэд ногоон өнгийн автобус замын урд талын автобусны буудал дээр зогсоод зорчигч суулгаад  явж байна. 7 цаг 20 минут 37 секундэд цагаан өнгийн хувцас өмссөн эмэгтэй хүн зүүн гартаа өлгийтэй хүүхэд энгэртээ наасан байдалтай яваад явган хүний гарцаар зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд замын голын үргэлжилсэн цагаан шугам өнгөрөөд эсрэг урсгалд алхаж явахад нь ертөнцийн зүгээр баруун талаас саарал өнгийн жижиг машин 07 цаг 20 минут 57 секундэнд мөргөж, явган зорчигч урагшаа шидэгдэн унаж, өлгийтэй хүүхэд машины зүүн талд унаж байна. 7 цаг 21 минут 05 секундэнд машины баруун урд талын хаалганаас ногоон өнгийн фудболктой эрэгтэй хүн бууж ирээд машины зүүн талд унасан өлгийтэй хүүхдийг тэвэрч, явган зорчигч зам дээр тийчлээд өвдөг дээрээ тонгойж сууж байна. Өөр ач холбогдолтой зүйл илрээгүй тул уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцохоор тогтож, үзлэгийг 13:30 минутанд дуусгав гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)

 

            Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн магадлагаанд:

            1. “Тоёота Приус” маркийн, 19-51 УБТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Цэдэндамба овогтой Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2. Явган зорчигч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

            3. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Ө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн  гэжээ. (хэргийн 111 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 07 цаг 20 минут 57 секундын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар сургуулийн хойд замд “Тоёота Приус” маркийн, 19-51 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин, зөвшөөрсөн гэрлэн дохиогоор явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч, хохирогч Ц.Б, 9 хоногтой М.Эмүлэн нарыг мөргөж, Ц.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх эмнэлгийн шинжээчийн 9026 дугаар дүгнэлт, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Ц.Өы гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ц.Б нь мөрдөн байцаалтад Ц.Өаас эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэрэгт 13 615 000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч 2 868 000 төгрөг төлсөнийг хасаж тооцоход 10 747 000 төгрөг үлдэж байх ба өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд нэмж 1 496 000 төгрөг, гэм хорын хохиролд нийт 12 243 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хохирогчийн эмчилгээ болон эм тариа авахад 7 500 000 төгрөгийн зардал гарсан нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, Лазер мед эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ, MRI хийлгэсэн баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгааны мөнгө төлсөн тухай орлогын баримт,  Монос, Хүрмэн эмийн сангийн зарлагын баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Өаас 7 500 000 төгрөг гаргуулан Ц.Бод олгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогч нь   Ц.Ө миний эмчилгээний зардалд 7 500 000 төгрөг төлсөн тохиолдолд би түүнээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй байж болно” гэснийг Ц.Ө хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид эмчилгээний зардал төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Ц.Өы 1135459 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох  нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Ө цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Өыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Өыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ө 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ц.Өаас 7 500 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Бод олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Ө цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц.Өы 1135459 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН