| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00534/И |
| Дугаар | 102/ШШ2017/00723 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/00723
2017 оны 03 сарын 16 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00723 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд оршин байгаа Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 13 дугаар байр, 8 тоотод оршин байгаа, “Дрийммэкэр” ХХК-д холбогдуулан гаргасан,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 4,791,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Дрийммэкэр” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,17 дугаар зүйлийн 17.1, 17.1.4-дэх хэсэгт заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 01 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 3,194,460 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 3 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.
Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлсэн бөгөөд шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд ороод байна.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3,194,460 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 1,597,230 төгрөг, нийт 4,791,690 төгрөгийг “Дрийммэкэр”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Дрийммэкэр” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,194,460 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь “Дрийммэкэр” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 4,791,690 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Дрийммэкэр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Дрийммэкэр” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 4,791,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь төсвийн байгууллага тул нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |