Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 925

 

 

 

 

 

 

 

 

2020          10           22                                         925       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                         

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

хохирогч: Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа /0967/

шүүгдэгч: Л.О, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа /3070/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн От холбогдох эрүүгийн 2002001671173 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гутлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, охин, зээгийн хамт,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, О.

 

Шүүгдэгч  Л.О нь 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд хохирогч Б.Бгийн хүү Б.Амартүвшинг “Хууль сахиулахын их сургууль, ОХУ-д сургуульд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж биет 2 500 000 төгрөг, өөрийн 5014314620 дугаарын данс болон иргэн Б.Яын 5006145218, О.Баттөгсийн 5006479874, Ө.Ягааны 5720190777, А.Халиуны 5031693967, М.Тамирын 5030416315, Б.Аийн 5076383147, С.Энхболорын 5024217910 дугаарын дансаар 39 671 300 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 42 171 300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.О мэдүүлэхдээ:

Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа боловч ийм их хэмжээний мөнгө авсан гэж бодоогүй. Тухайн үед надад хохирогчийн хүүхдийг сургуульд оруулах, Оросын холбооны улсад сургуульд зуучлах боломж байсан боловч явцын дунд боломжгүй болсон. Харин Цагдаагийн ерөнхий газрын дарга Билэгтийг би өөрийн төрсөн ах гэж Бд хэлээгүй. Тэр хүн энэ хэрэгт хамааралгүй. Би Бд 42 171 300 сая төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 10 950 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 31 221 300 төгрөгийг боломжоороо төлнө. Сая завсарлага авсан хугацаанд төлбөрөө төлж амжсангүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, санаа зовж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Б мэдүүлэхдээ:

Манай бага хүү Амартүвшин 2011-2013 онд лицей сургуульд сурч байсан ба тэр цагдаа болно гэдэг байсан. Нэг орой хичээлээ тарж орж ирээд “манай ангийн хүүхдийн ээж намайг цагдаагийн академид оруулж өгж чадна” гэж байна, таныг уулзуулчих гэж байна” гэж надад хэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч дуусаад хүүхэдтэйгээ хамт, түүний найзынх нь ээж Атэй дөрвүүл 3, 4 дүгээр хороололд уулзаж ярилцахад тэр “хүүхдийг чинь сургуульд оруулж өгч чадна, сургуульд оруулахад 7 000 000 сая төгрөг хэрэгтэй, урьдчилгаанд 2 500 000 төгрөг өг. Үүнийг би хүнд дамжуулж өгнө, хэд хоногийн дараа тантай холбогдоно” гэж тэр хэлсэн. Би урьдчилгаа 2 500 000 төгрөгийг түүнд өгөхөд тэр мөнгийг маань От өгсөн байсан. 7 дугаар сарын 05-ны өдөр 99760636 дугаарын утнаас над руу яриад “О байна. Танай хүүхдийн мөнгийг би авсан. Цагдаагийн академи дээр хүрээд ир” гэж хэлсэн. 13 цагийн орчимд цаг болзож хүүтэйгээ очиход О жижиг хар өнгийн суудлын машинтай ирсэн. Уулзаж хүүхдийнхээ бичиг баримтыг өгөхөд “Би сургууль руу орж захирлуудтай уулзчихаад гараад ирье” гэж хэлсэн. Тухайн үед би хаалгаар орохыг нь харсан. Тэр нилээн удаж байж гарч ирээд “захирлуудтай тохирсон, энэ жилийн оюутнуудыг элсүүлж дуусаад наадмаас өмнө аж ахуй явах гэж байна. Явах бэлтгэлийг нь хангаж бай” гэж надад хэлсэн. 2013 оноос хойш миний хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Үүний дараа “Цагдаагийн академийн захирал Чингис хурандаагийн туслах Цэгмид гэдэг хүнтэй ярьсан байгаа, тань руу залгаж ярина. Ярихад нь хувцасны хэмжээ өгөөрэй” гэж хэлсэн. 2013 оны 7 дугаар сарын 5, 6-ны үеэр Цэгмид гэх хүн утсаар яриад “би таны хүүгийн материалыг өөр дээрээ авсан, хэд хоногоос аж ахуй явна. Үлдэгдэл тооцоогоо яаж хийх вэ” гэхэд нь “би яаж өгөх вэ” гэхэд “эхний ээлжинд 2 сая төгрөгийг 5014314650 данс руу одоо хийчих” гэж хэлсэн. Тухайн үед мобайл банкаар мөнгө шилжүүлэхэд харилцагчийн нэр гарч ирдэггүй байсан. Би О рүү залгаад “Цэгмид гэх хүн над руу залгаж 2 000 000 төгрөг явуул гэж байна, мөнгийг нь шилжүүлсэн” гэж хэлсэн. Ингээд наадам болоход аж ахуй яваагүй. Оээс энэ талаар асуухад “оюутнууд аж ахуй яваад ирсний дараа шууд орох” байх гэж хэлсэн. 8 дугаар сарын 20-ны үеэр би О рүү залгаж асуухад “хичээл эхлэхээр 9 дүгээр сарын 05-ны үеэр шууд ордог” гэж хэлсэн. Би “баталгаатай юу” гэж асуухад “Билэгт генерал бид нар ах дүү нар юм чинь айх хэрэггүй. Болохгүй бол Алтай эгчид хэлнэ” гэж хэлсэн. Тухайн үед Билэгт генерал цагдаагийн ерөнхий газрын дарга байсан. Ингэж явсаар намар дууссан. “Би мөнгөө авъя” гэж хэлэхэд “би ахын эхнэртэй ярьчихъя, тэр шууд оруулж өгнө, хагас жилээр хүүхдийн орон тоо гардаг” гэж хэлсэн. О надад байнга дарга нарын нэр хэлдэг байсан тул би үүнийх нь дагуу Цагдаагийн ерөнхий газар очиж шалгахад хэлсэн хүмүүс нь дарга хийгээд сууж байдаг байсан. Үүний дараа 2014 онд би От “мөнгөө авъя” гэж хэлэхэд “Билэгт хурандаагийн эхнэр Атэй уулзуулъя, Алтай эгч нөхрөөсөө илүү зохицуулдаг” гэж хэлсэн. Тухайн үед би хэлсэн үгэнд нь итгэсэн. 94120509 дугаараас А гэх хүн яриад “Билэгтийн эхнэр байна” гэж ярихад нь би учраа хэлтэл би яриад зохицуулъя гэж хэлсэн. А гэх хүн нь надад “намрын элсэлтээр оруулж чадахгүй бол битгий гомдоорой. Намрын элсэлтийг хавар авдаг юм” гэж хэлсэн. Энэ өдрөөс А нь надтай 95106208, 94120509 гэх дугааруудаас ярьж “Монголын сургуульд оруулж болохгүй байна. Москвагийн Цагдаагийн сургуульд оруулаад өгье. Жилийн төлбөр 13 000 000 төгрөг болно. Чиний урьд өгсөн мөнгийг би авсан. Одоо надад мөнгөний зөрүү 6 900 000 төгрөгийг рубль руу шилжүүлж, 50763883147 дугаар данс руу шилжүүл” гэж хэлж авч байсан. А өөрөө надад “Гранд Плаза дэлгүүрийн 2 давхарт булган шубаны лангуу ажиллуулдаг, итгэхгүй бол хүрээд ир” гэж хэлсэн. Би уулзах гээд хэд хэдэн удаа очиход надад огт царайгаа харуулдаггүй, “өөр ажилтай болчихлоо, дараа уулзъя” гэдэг байсан. О Шинэ Монгол сургуулийн хажууд цайны газар ажиллуудаг байсан. Би тэнд нь уулзах гээд очиход нөхөртэйгээ хамт байдаг байсан. Түүнтэй ярилцах гэхээр “хоёулаа гаръя, би Аийг дуудаад тантай уулзуулъя” гэж хэлдэг боловч А гэх хүнийг хараагүй. О намайг төөрөгдүүлдэг байсан гэж бодож байна. О надаас нийт 42 171 300 төгрөгийг олон дансаар авахдаа байнга өөр өөр хүнээр яриулдаг байсан. Тухайн үед Нарантуул худалдааны төв шатаж, би 100 000 000 гаран сая төгрөгийн хохирол амссан, сэтгэл санааны хямралтай байх үед О над руу залгаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хохирлыг нь төлүүлэх, улсаас тусламж олгуулах гэж байна гэж бас 5 000 000 төгрөг надаас авсан. О надад А, Амгалантуяа гэх мэтчилэн их олон хүний нэр хэлдэг байсан боловч би тэр хүмүүстэй уулзаж байгаагүй. Би сүүлд арга ядаад миний хүүгийн найз мобикомд ажилладаг учраас над руу ярьдаг байсан утасны дугааруудыг нь шүүлгэхэд бүгд Оийн дугаар болохыг нь мэдсэн. Би От мөнгө өгөхийн тулд байраа барьцаанд тавьж, зээл авч өгч байсан. Сүүлдээ зээлээ төлж чадахгүй болж, байраа алдсан. От итгэх болсон шалтгаан нь Нарантуул зах дээр байж байхад манай лангуунаас нэг хүн хулгай хийхэд би тэр хүнийг түрүүлж цохисноороо миний буруу болсон. Үүнээс болж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгагдсан. Тэр үед От энэ талаараа хэлтэл “ахтай яриад, хэрэгсэхгүй болгоод өгье” гэж хэлсэн. Байцаагч нь цагдаагийн ахмад цолтой залуу байсан ба уулзахад “генерал надтай ярьсан, та одоо яв, яв” гэж хэлсэн. Үүнээс болж би От итгэсэн. Энэ бүх хугацаанд би эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон. Нөхрөөсөө салж, одоо орох байргүй, түрээсийн байранд амьдарч байна. 2019 онд хүүгийнхээ бичиг баримтыг шуудангаар авсан. Миний бүх асуудал Оээс болсон. Иймд намайг орох оронтой болгож өгөхийг хүсч байна. 31 221 300 төгрөгийн хохирлоо төлүүлнэ гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Я мэдүүлэхдээ:

Би 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар байрны Өнөр-2 нэртэй СӨХ-ийн захирлаар ажиллаж байна. Тус дүүргийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг Л.О одоог хүртэл түрээслэж амьдарч байгаа. Л.О нь 2014, 2015 онуудад миний хаан банкны картыг гуйж авч ашигласан. Яг хэзээ хэдэн удаа гэдгийг би нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн үед О нь надад хэлэхдээ “гадаадаас манай хүүхдээс мөнгө шилжиж ирнэ” гээд миний виза картыг надаас авсан. Энэ үед л миний картыг ашиглаж бусдаас мөнгө авсан байна. Ямар учраас нийт хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна. Мөн О нь тухайн үед надтай цуг ажилладаг байсан Баттөгсийн карт, дансыг гуйж ашиглаад байхаар нь би Баттөгсөд ер нь карт, дансаа ашиглуулах дэмий байхаа гэж хэлэхэд Баттөгс нь Л.От карт, дансаа ашиглуулахаа больсон. Хамгийн гол нь Баттөгс нь 2018 онд элэгний хавдартай гэж эмчлүүлж байгаад 2018 оны 7 дугаар сард нас барчихсан гэжээ. (хэргийн 99-100 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Ш.Д мэдүүлэхдээ:

Би 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг маш сайн санаж байна. Учир нь энэ өдөр миний охин Тамир нь хүүхдээ төрүүлсэн юм. Намайг ажил дээр байж байхад 16 цагийн үед байх миний танил эмэгтэй О нь над руу залгаад “Бийн ээж О байна. Танай охин чинь өвдөөд, 1 дүгээр төрөх дээр хүргээд өгчихлөө” гэхээр нь би шууд эмнэлэг дээр очсон. Намайг эмнэлэг дээр очиход О байхгүй байсан. Тэгэхээр тухайн өдөр болон маргааш нь миний охины дансыг О юм уу, түүний охин Б нарын аль нэг нь ашигласан байх. Тухайн өдөр төрх гээд явж байсан хүүхэд маань юу гэж АТМ ороод яваад байхав дээ. Тэгээд ч О нь манай охины дансаас өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлсэн байна шүү дээ гэжээ. (хэргийн 101-102 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Б.А мэдүүлэхдээ:

Манай ээжийн найз Л.О нь “ээжээс түр ашиглуулах данс байна уу” гэж хэд хэдэн удаа гуйхад нь манай ээж миний дансыг Л.От өгсөн байсан. Тухайн үед ээж маань надад хэлэхдээ “чиний дансанд мөнгө орж ирэхээр нь энэ данс руу хийгээрэй” гээд дансны дугаар өгдөг байсан. Тухайн үед би ээжийн өгсөн Л.О гээд байгаа эгчийн данс руу тэр дор нь шилжүүлдэг байсан. Тэр мөнгийг ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй. Миний хувьд зүгээр Л.От дансаа ашиглуулсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 103-104 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

Миний хувьд оюутан байхдаа А.Халиун, М.Тамир нартай нийлж нөхөрлөдөг байсан. Би энэ хоёрыг гэр орондоо дагуулж очдог байсан. Харин тэр үед хааяа ээж тэр хоёрын данс, картыг авч ашигладаг байсан. Яг юунд ашигладаг байсан талаар надад хэлж байгаагүй. Би ээжийнхээ мөнгө төгрөгний асуудалд оролцдоггүй байсан учраас энэ талаар асуудаггүй байсан. Тэгэхээр хэнээс, ямар учраас хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 105-106 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Одончимэг мэдүүлэхдээ:

Миний мэдэж байгаагаар Л.О нь фэйсбүүкийн чатаар 2-3 удаа дансаа ашиглуулаач гэж гуйж байсан. Тэгэхээр нь би тухайн үед өөрийн охин Б.Аийн 5076383147 гэсэн дансны дугаарыг чатаар явуулаад мөнгө орж ирэхээр нь буцаагаад Л.Оийн данс руу шилжүүлчих гэж хэлж байсан. Тэгээд манай охин А нь мөнгө орж ирсэн үед нь буцаагаад Л.Оийн данс руу шилжүүлж байсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 107-108 дугаар хуудас)

 

   Мөрдөн байцаалтанд гэрч-С.Энхболор мэдүүлэхдээ:

Манай оюутан найз Л.О нь 2020 оны 01 дүгээр сарын 09, мөн 01 дүгээр сарын 19-ны өдрүүдэд надад найзынх нь данс гэлүү, карт гэлүү нэг зүйл болохгүй байна. Найздаа дансныхаа дугаарыг өгөөч гэхээр нь би найздаа дансныхаа дугаарыг өгсөн. Тэр үед миний дансанд мөнгө орж ирэхээр нь би буцаагаад Л.От өгсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 109-110 дугаар хуудас)

 

Д.Батчимэгийн Хаан банкны 5085224823 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:

С.Гансүхээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 500 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 300 000 төгрөг тус тус шилжүүлсэн гэжээ.

 

Д.Батчимэгийн дээрх данснаас С.Гансүхийн 5023055210 дугаар дансанд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг,

5 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг,

5 сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөг буцаан шилжүүлжээ. (хэргийн 59-64 дүгээр хуудас)

 

С.Гансүхийн Хаан банкны 5023055210 дугаартай дансны хуулга. (хэргийн 96 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Л.О нь 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 31 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3-т зааснаар 3 жил хорихыг 3 жил тэнсэж, хянан харгалзсан,

2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 639 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 960 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 135 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

 Шүүгдэгч Л.О нь 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд хохирогч Б.Бгаас хүү Б.Амартүвшинг нь “Хууль сахиулахын их сургууль, ОХУ-д цагдаагийн сургуульд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бэлнээр 2 500 000 төгрөг,

өөрийн 5014314620 дугаарын данс, иргэн Б.Яын 5006145218, О.Баттөгсийн 5006479874, Ө.Ягааны 5720190777, А.Халиуны 5031693967, М.Тамирын 5030416315, Б.Аийн 5076383147, С.Энхболорын 5024217910 дугаарын дансаар 39 671 300 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 42 171 300 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Л.Оийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Б.Я, Ш.Д, Б.А, Б.Б, Б.Одончимэг, С.Энхболор нарын мэдүүлэг, Д.Батчимэг, Д.Гансүх нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Оийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Л.О нь 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Б.Бд 42 171 300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулснаас хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 10 950 000 төгрөг төлсөн ба 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт үлдэх 31 221 300 төгрөг төлнө гэж завсарлага авсан боловч энэ хугацаанд хохирол төлөөгүй тул шүүгдэгчээс 31 221 300 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй.

 

Л.О 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаар өмгөөлүүлж, хохирол төлнө гэж өмгөөлөгчийн хамт хүсэлт гаргаж, завсарлага авсан боловч өнөөдрийн хэлэлцүүлэгт түүнээс татгалзаж, өөр өмгөөлөгч авна гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Оийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Оийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.От оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Оээс 31 221 300 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бд олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН