Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 952

 

 

 

 

 

 

 

 

2020         11            03                                        952

 

 

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

шүүгдэгч: Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2005 0158 71204 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тогооч ажилтай, сард 750 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эцэг, хүүхдийн хамт Ц.

 

Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн өглөө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К-107 дугаар байрны 44 тоотод иргэн А.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн гадна хана, баруун гайморийн хөндийн гадна хананы хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун бугалга, баруун даланд цус хуралт, зүүн шуу, сарвуу, баруун гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: Н.Ц мэдүүлэхдээ:

Хохирогч А.Бийг зодож, түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа би хүлээн зөвшөөрч байна. Би хохиролд 412 000 төгрөг төлсөн. Хохирогчийн цаашид гарсан эмчилгээний зардлыг төлнө. Манай хүүхэд 7 дугаар ангид суралцдаг бөгөөд хичээлийн өдрүүдээр Архангай аймгийн Хашаат суманд сургуулийн дотуур байранд амьдардаг. Би 20 хоног ажиллаад 10 хоног амрахдаа Архангай Хашаат суманд хүүхэд дээрээ очиж хамт байдаг. Торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Б мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 23-ны орой 22 цаг өнгөрч байхад Ц миний утсаар яриад “би танай гэрийн гадаа ирчихлээ, чи таксины мөнгө өгөөд аваадхаач, би хүлээж байя” гэхээр нь би “найзад нь мөнгө байхгүй” гэж хэлсэн. Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо, К-107 байрны 44 тоот 3 өрөө байрны 1 өрөөг түрээслэж амьдардаг юм. Тэгтэл Ц “байсан 5000 төгрөгөө өгөөд таксигаа явуулчихлаа” гээд манай гэрт халамцуу орж ирсэн. Ингээд “гаръя, нэг юм авч ууя” гэхээр нь би “яах юм бэ, одоо хэрэггүй, харин хоёулаа юм яриад унтая” гэж хэлээд бид хоёр юм ярьж суусаар байгаад 01 цагийн үед унтсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад Ц “хоёулаа гаръя, юм авч ууя” гээд байхаар нь бид хоёр хамт гараад миний дансанд байсан 40 000 төгрөгөөр ундаа, хоолны зүйл, мөн 0.75 граммтай Соёрхол архи аваад, эргээд гэрт орсон. Ингээд хоол унд хийж идээд, архийг хувааж уусан. Ингээд 18-19 цагийн орчим манай найз Цогтгэрэл утсаар яриад “юу хийж байна, ажлаа тарж байна” гэж ярихаар нь би “манай найз Ц ирчихээд байна. Чи танина, хуучин хамт ажиллаж байсан, бид хоёр жоохон юм ууж байна” гэхэд Цогтгэрэл “найз нь очих уу” гэхээр нь “тэг, хүрээд ир, чи таних юм чинь” гэж хэлсэн. Тэгээд Цогтгэрэл ирээд, надтай уулзаад “та хоёр нилээн халчихсан байна ш дээ” гэж ярьсан. Тэгээд “та хоёр яах уу гэхээр нь харин яах уу” гээд миний дансанд үлдсэн байсан 10 гаруй мянган төгрөгөөр 0.5 граммтай Хараа архи авч, бид гурав юм ярьж суугаад уусан. Ингээд 23 цаг өнгөрч байхад Цогтгэрэл “харилаа” гээд явсан. Би Цогтгэрэлийг гаргаж өгөөд эргээд ороод иртэл Ц “чи найзыгаа явуулчих юм аа, надад таалагдаад байсан юм, чи гэртээ найзыгаа үлдээчихгүй харанхуй шөнө явуулчихлаа” гэсэн утгатай юм яриад уурлах маягтай болсон. Би унтах гэхэд унтуулахгүй байхаар нь “чи ч гэсэн яв, би унтаж амармаар байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад, би орон дээрээ очоод унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Ц миний цээжин дээр гараад суучихсан, нүүр рүү гараараа удаа дараа цохиод би тэр үед ухаан балартаж, “юу болж байна” гэхэд дээрээс хоёр гараараа цохиж, болиулах гээд хориглосон чинь гар мушгиад хугалчих гэхээр нь би арай гэж гараа татаж аваад “болиоч ээ” гээд уйлж, орилсон. Ингэж байхдаа би хажуу өрөө түрээслэн амьдардаг охидуудад хандаж “миний дүү нар бичлэг хийгээрэй, цагдаа дуудаарай” гэж орилсон. Тэгээд хажуу өрөөний хоёр казак охин орж ирээд “та болиоч, хүний найз байж” гэж хэлээд салгах гэхэд салахгүй байсан. Ингээд би хэсэг ухаан санаа самуурсан. Тэгээд гайгүй ухаан орсон чинь Ц намайг зодохоо болиод хажууд сууж байсан. Би орон дэрээ уйлсан, хамаг бие хөдлөхийн аргагүй өвдөж байсан. Тэгээд би өөрийнхөө утсыг аваад нөхрөө, бас цагдаа дуудсан гэжээ. (хэргийн 48-49, 52-53 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Н мэдүүлэхдээ:

...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ иртэл хажуу талын өрөө хөлсөлдөг эгч гэртээ нэг эмэгтэй хүн дагуулж ирээд, өдөржин архи уусан. Тэгээд 06 цагийн орчим “туслаарай миний дүү” гээд хажуу өрөөний эмэгтэй орилоод байхаар нь яваад ортол байрны эгчтэй хамт архи ууж байсан эгч орон дээр нь хоёр гараас нь бариад дээр нь дарсан байдалтай байхад нь би очоод нөгөө эгчийг “боль” гээд салгасан. Б эгч нөгөө эмэгтэйг “чи янхандаж яваад тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гаргаа биз дээ” гээд их муухайгаар хэлэхэд нөгөө эгч уурлаад, хоёр гарыг нь бариад дайраад байсан. Ингэж 2-3 удаа салгасан. Тэр үед Б эгчийн баруун талын нүд нь хөхөрсөн байсан. 09 цагийн үед Б эгч “аллаа” гэж орилохоор нь ортол хамт байсан эгч нь зүгээр, орных нь дэргэд зогсож байсан. Тэр хоёр их удаан хэрэлдсэн. Б эгч нөгөө эмэгтэйг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, “бузар муухай янхан, чи зөв явсан бол тахир дутуу хүүхэд гаргахгүй байсан” гээд байсан. Нөгөө эгч тэвчихгүй зодсон гэж бодож байна. Б эгчийг хамт өдөржин архи уусан эгч зодсон байх. Намайг өрөөнд нь ороход Б эгчийн нүд хөхөрсөн, орон дээрээ дээшээ харсан, нөгөө эгч хоёр гарыг нь бариад дээр нь сууж байсан. Уг байранд надаас өөр нөгөө хоёр эгч байсан. Гадны өөр хүн байгаагүй. Б эгч нилээн их согтуу, ухаан санаа нь бүрэн биш, нөгөө эгч эрүүлдүү байсан. Ер нь бол Б эгч нөхөртэйгээ олон хоног өдөр, шөнө гэхгүй архи их уудаг. Согтохоороо уйлж хашгирч, дуулж, бүжиглээд их хэцүү байдаг гэжээ. (хэргийн 94 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Д мэдүүлэхдээ:

07 цагийн үед Б орцны жижүүрийн гар утас руу залгаад намайг дуудсан бөгөөд надад “намайг Цээгий зодоод, алах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд намайг орох үед Цээгий цаашаа хараад цонхон дээр зогсож байсан бөгөөд “яаж байгаа юм” гэж хэлэхэд шууд зөрөөд угаалгын өрөө рүү орсон. Тэгээд байж байхад цагдаагаас хүмүүс ирээд Бийг “гараад ир” гэж хэлэхэд гарч ирэхгүй байсан бөгөөд би хаалганы завсараар заазуурын ир шургуулж байгаад эрүүгийн цагдаа нарыг байж байхад онгойлгож өгсөн. Гэтэл нүцгэн байсан бөгөөд ирсэн цагдаа нар манай эгч Мөнхзулыг “орж хувцасыг нь өмсгө” гээд өмсөхөөр нь гаргаад аваад явсан. Тэгээд би үлдээд Бт алчуур авч өгөөд хүйтэн жин тавиад, эм авч өгсөн. Маргааш орой нь хамаг бие өвдөөд байна гэж байгаад шөнө 01 цагийн үед түргэн тусламжийн машинаар гэмтэл хүргүүлсэн гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5195 тоот дүгнэлтэд:

1. А.Бийн биед баруун нүдний ухархайн гадна хана, баруун гайморын хөндийн гадна хананы хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун бугалга, баруун даланд цус хуралт, зүүн шуу, сарвуу, баруун гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 66 дугаар хуудас)

                                                   ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн өглөө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К-107 дугаар байрны 44 тоотод хохирогч А.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн гадна хана, баруун гайморийн хөндийн гадна хананы хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун бугалга, баруун даланд цус хуралт, зүүн шуу, сарвуу, баруун гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Б, гэрч Б.Н, П.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5195 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Н.Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 361 970 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 412 000 төгрөг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч А.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, торгох ял оногдуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч йн Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Цг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 100 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Н.Цд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН