Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 957

 

 

 

 

 

 

 

 

2020            11            04                                  957     

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал /томилолтоор/,

шүүгдэгч: С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аид холбогдох эрүүгийн 2005 0252 61405 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, казак, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, комьпютерийн программист мэргэжилтэй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А.

 

Шүүгдэгч С.А нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панда” нэртэй хүнсний дэлгүүрт маргааны улмаас Б.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж, тархи доргилт, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун гарын ядам хурууны хумс хуулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.А мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би “Барс” худалдааны төв рүү бараа авах гээд явж байтал дүү залгаад “нэг согтуу эгч тооцоогоо хийхгүй, пиво ууж, асгаад байна” гэж хэлсэн. Тэгээд би “одоо очлоо” гээд утсаа салгасан. Дараа нь дүү дахиж утасдаж “намайг цохиод байна” гэж хэлсэн. Тухайн үед зам түгжрэлтэй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд буцаж 15-20 минутын дараа ажил дээрээ очиход дэлгүүрийн үүдэнд дүү, Б нар бие биенийхээ цамцнаас зууралдсан зогсож байсан. Тухайн үед дүү уйлсан байсан. Би тэднийг салгах зорилготой тэдний голоор ортол Б.Б над руу нулимаад, миний ам руу салаавч гаргасан. Тиймээс би уурандаа Бийг хүчтэй нүүр рүү нь түлхэхэд түүний уруулд гэмтэл үүссэн. Тэгээд биднийг 20 минут орчим маргалдсаны дараа цагдаа нар ирсэн. Би хохирогчийн биеийг эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж толгойг нь бариулах гээд эмнэлэгт очтол “та нарын таньдаг эмч байна” гээд манай эхнэртэй маргалдаад гараад явсан. Би хохирогчид 150 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн.  Хохирогч цаашид гарсан эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлээд нэхэмжилсэн тохиолдолд төлнө. Хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна: Би цаашдаа ийм хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Амгаланбаатартай хамт 1 пиво уусан. Ингээд 17 цагийн үед байрны гадна байрлах “Панда” нэртэй дэлгүүр рүү орж, охин Мишээл болон түүний найзуудад зайрмаг авч өгөөд өөртөө 4 шил пиво аваад 1 пивийг нь тэнд задлаад уусан. Ингээд тооцоогоо мобайлаар хийх гэтэл кодыг нь буруу хийгээд блоклогдсон. Тэгтэл тус дэлгүүрийн худалдагч Ба гэх охин миний гар утсыг аваад “тооцоогоо хийчихээд аваарай” гэж хэлээд цааш нь тавиур дээр шидчихсэн. Тэгэхээр нь би “яагаад гар утас барьцаанд авч байгаа юм бэ, би танай байнгын үйлчлүүлэгч байна” гэсэн.

Тэгээд маргалдаад би гар утсаа авах гээд хэрэлдсэн чинь өгөхгүй гээд байсан. Ингээд намайг хэл амаар доромжлохоор нь тэсэлгүй маргалдаад түлхэлцээд бие биенээ цохисон. Ингээд үүдэн дээр зогсож байтал А гэх залуу хүрч ирээд миний уруул хэсэгт 1 удаа гараараа цохисон. Дахиад баруун зүүн шанаа хэсэгт гараараа 3 удаа цохисон. Би цохиулчихаад эсэргүүцэж “чи ер нь яахаараа намайг цохих ёстой юм, би танай үйлчлүүлэгч” гэтэл “чиний үйлчлүүлэгч байх надад ямар хамаатай юм” гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Намайг цохисон залуу цагдаа дуудсан гэсэн. Ингээд цагдаа ирээд намайг хүүхэдтэй минь авч яваад мэдүүлэг авсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Цаашид эмнэлэгт хэвтэж, ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 24, 26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-С.Ба мэдүүлэхдээ:

Би өөрийн төрсөн ах Аийг дуусан бөгөөд ах гаднаас орж ирээд Бтэй маргалдаад нүүр хэсэгт нь цохисон. Тэр үед уруул нь язраад цус гарчихсан. Бийн биед учирсан гэмтлийг манай ах учруулсан. Хумсны хуулрал гэмтлийг ахтай маргалдаад зууралдаж байхдаа “хумсаа авчихлаа” гээд яриад хэрэлдээд байсан гэжээ. (хэргийн 6 дугаар хуудас)

 

2020 оны 9  дүгээр сарын 22-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16:52:59 цагийн бичлэгээр эхлэж байх бөгөөд худалдагч Ба дэлгүүрийн лангууны урд зогсож байв. 16:53:47 цагт Б лангууны хажуугаар орж худалдагч Батай маргалдаж байгаа нь харагдаж байв. 16:54:45 цагт худалдагч Ба утсаар ярих бөгөөд Б лангууны гадна талаас гараараа юм булааж авах гэж байгаа юм шиг үйлдэл гаргаж, юм ярьж байгаа нь харагдана. 17:01:01 цагт Б бага насны хүүхэд дагуулаад дэлгүүрээс гарав. 17:01:11 цагт буцаж ганцаараа орж ирээд үүдний хажууд зогсож байгаа хар өнгийн фудболк, улаан эрээн өнгийн шорттой, нүдний шил зүүсэн эрэгтэй Атэй юм яриад зогсов. Б.Б 17:01:35 цагт үүдээр гараад явав. 17:09:06 цагт Б эргэж орж ирээд Атэй юм яриад зогсов. 17:09:40 цагт бичлэг дуусав.

17:19:52 цагт бичлэг эхлэх бөгөөд Б лангууны гадна зогсчихсон худалдагч Батай юм яриад зогсож байв. 17:20:02 цагт Б толинд уруулаа харж байгаад амаа дараад гарч явж байгаа нь харагдаж байв. 17:22:35 цагт Б худалдагч дээр хүрч ирээд хэрүүл хийв. 17:22:51 цагт лангууны гаднаас Б Баыг баруун гараараа цохих үед Ба эргүүлээд цохих гэхэд А гарыг нь барьж хориглов. 17.23:05 цагт Ба лангууны араас тойрч гараад Бтэй барилцаж аваад бие биенээ зуурч авах үед А салгаад Бийг дэлгүүрийн хаалгаар гаргав. 17:32:05 цаг хүртэл Б дэлгүүр дотор хэрүүл хийж зогсох бөгөөд цагдаа 17:32:06 цагт гаднаас орж ирээд аваад гарч байгаа бичлэг байв. (хэргийн 33, 34 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8493 тоот дүгнэлтэд:

1. Б.Бийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун гарын ядам хурууны хумс хуулрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

С.А эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.А нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панда” нэртэй хүнсний дэлгүүрт маргааны улмаас хохирогч Б.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж, тархи доргилт, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун гарын ядам хурууны хумс хуулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч С.Ба нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8493 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Аид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, С.Аээс шүүх хуралдаанд толгойн дүрс оншилгоо хийлгэсэн тухай 130 000  төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж, нийт 130 000 төгрөгийн хохирол төлжээ. Иймд С.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг С.Аид даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арвантаван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Аид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН