Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0030/З |
Дугаар | 390 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 390
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ОРС” ХХК
Хариуцагч: МУСС ,
Хариуцагч: ТӨБЗГ
Гуравдагч этгээд: “ХР” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “МУСС ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” тушаал болон үүнд үндэслэн гарсан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “...“ХР” ХХК-д өмчлүүлсэн 338.07 м2 талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м2 талбай бүхий барилгыг “ОРС” ТӨХК-ийн санхүүгийн тайлан үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох үндсэн хөрөнгөөс хасах арга хэмжээ авах түүнтэй холбоотой зохицуулалт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Д.Э, Б.Ц, Ц.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М нар оролцов.
Нэхэмжлэгч “ОРС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Их хурлын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оиы 08 дугаар сарын 17-ны өдөр "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" 330 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 372 дугаар тогтоолын дагуу "ОРС" ТӨХК-ийг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж, уг дуудлага худалдаанд иргэн Д.Ганбат ялагчаар тодорсон.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн "Өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгох тухай" 410 дугаар тогтоолоор "ОРС” ТӨХК-ийн 100 хувийн хувьцааг өмчлөх эрх Д.Г-д шилжиж, “ОРС” ХХК болон өөрчлөн зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 24/2017 тоот Нээлттэй дуудлага худалдааны ялагчтай байгуулах Худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу "ОРС" ТӨХК-ийг хүлээлцэх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр уг компанийн санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй рашаан савлах байр өөр этгээдийн эзэмшилд шилжсэнийг мэдлээ.
Учрыг тодруулбал, СС-ын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн "Барилга худалдах тухай" 104 дүгээр тушаал, мөн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн "Өмчлөгчийн эрх олгох тухай" 134 дүгээр тушаалын дагуу "Оргил рашаан сувилал" ТӨХК-д бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн нэг болох 338,7 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51,2 м.кв барилгыг "ХР" ХХК-ийн хүсэлтээр түүнд шууд худалдсан байна.
Нээлттэй дуудлага худалдааны үнэлгээнд орж, худалдан авсан хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар бусдад худалдсан нь бидний эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.
СС-ын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн "Барилга худалдах тухай" 104 дүгээр тушаал, мөн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн "Өмчлөгчийн эрх олгох тухай" 134 дүгээр тушаал нь дараах байдлаар хууль зөрчсөн байна.
СС- нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т "Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын ИхХурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана", Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,4-т "Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах" 34 дүгээр зүйлийн 34.2-т "Төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг энэ зүйлд заасан аль аргаар хувьчлахыг Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд туүний дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ" гэж заасныг тус тус зөрчиж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" 330 дугаар тогтоолд “ОРС" ТӨХК-ийг үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, 100% хувьчлах, ...хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг ил тод, нээлттэй зохион байгуулах" -гэж заасныг биелүүлээгүй, зөрчсөн байна.
Тодруулбал, УИХ болон Засгийн газрын тогтоолоор “ОРС” ТӨХК-ийг бүхэлд нь нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсний дагуу хувьчлах ажлыг зохион байгуулах үүрэгтэй байтал үүнийг зөрчиж, Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр “Оргил раша|н сувилал” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн нэг хэсгийг ямар ч дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр шууд "ХР" ХХК-д санал болгон худалдсанаар СС- нь эрх мэдлээ хэтрүүлж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна.
Түүнээс гадна СС- нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т "Хувьчлагдах эд хөрөнгөд түүнийг хяналтад авснаас хойш шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хөдөлгөөн хийхийг хориглоно" гэж заасныг зөрчиж, дуудлага худалдаагаар худалдаж, хувьчлахаар нийтэд зарласан хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг дураараа худалдсан байна.
СС-ын 2016 оны 104, 134 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах хүсэлтийг "ОРС" ТӨХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 292 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад, 2017 оны 10 дугаар сарын 19- ны өдрийн 295 дугаар албан бичгээр МУСС ад хандаж гаргасан боловч эдгээр хүсэлтүүдийг харьяалал, чиг үүргийн дагуу ТӨБЗГ т шилжүүлсэн байна.
"ОРС" ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 312 дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж, СС-ын 2016 оны "Барилга худалдах тухай" 104 дүгээр тушаал, "Өмчлөгчийн эрх олгох тухай" 134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан боловч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-1/3445 тоот албан бичгээр энэ асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгөөд байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.
МУСС ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн "Барилга худалдах тухай" тушаал болон үүнд үндэслэн гарсан 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн "Өмчлөгчийн эрх олгох тухай" 134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.“ гэжээ.
Хариуцагч ТӨБЗГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “ОРС” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 372 дугаар тогтоолоор “ОРС” төрийн өмчит хувьцаат компанийн худалдах доод үнийг 12,172,500,000.00 төгрөгөөр шинэчлэн тогтоож, нээлттэй дуудлага худалдааны зарыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Хурлын танхимд зохион байгуулж, явуулсан.
“ОРС” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдааны доод үнэ болох 12,172,500,000.00 / арван хоёр тэрбум нэг зуун далан хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөс эхэлж, үнэ хаялцан дуудаж 15,025,000,000.00 төгрөгөөр иргэн Д.Ганбат худалдан авах эрхтэй болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон “Худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 410 дугаар тогтоолоор “ОРС” төрийн өмчит хувьцаат компанийн “Өмчлөгчийн эрх”-ийг Монгол Улсын иргэн Д.Ганбатад шилжүүлэн өгч, 00550 дугаартай “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгосон.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны А/156 дугаар тушаалаар томилогдсон Ажлын хэсэг “ОРС” төрийн өмчит хувьцаат компанийг шинэ өмчлөгч Д.Г-д 2017 оны 10 дугаар сарын 13-ны компанийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эцсийн байдлаар акт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан.
Иргэний хуулийн 105 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 607 дугаар тогтоол, “ХР” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүсэлтийг тус тус үндэслэн СС-ын 2016 оны 104 дүгээр тушаалаар “ОРС” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 338.07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий барилгын түрээсээр эзэмшиж байгаа “ХР” ХХК-д худалдан авахыг санал болгосны үндсэн дээр 242,800,000 /Хоёр зуун дөчин хоёр сая найман зуун мянган төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлэн олгосон.
Засгийн газрын 2015 оны 501, 2016 оны 05 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо татан буугдаж, төрийн өмчийн талаарх чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн учраас “ХР” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан барилгыг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндэслэн СС-ын тушаалаар хувьчилсан.
“ХР” ХХК-иас нийтийн эзэмшлийн орц, гарцын асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт тавьсны дагуу “ОРС” ТӨХК-ийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр тухайн үед нь нийслэлийн өмчийн харилцааны газарт албан бичиг хүргүүлж байсан. “ОРС” ТӨХК-ийг хувьчлахаас өмнө тухайн компанийн балансад бүртгэлтэй байсан “ХР” ХХК-ийн эзэмшиж байсан барилгыг түрээсийн давуу эрхээр хувьчилсан асуудлыг хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн албан бичиг хүргүүлж байсан болно...” гэжээ.
Хариуцагч МУСС ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2015 оны 501, 2016 оны 5 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо татан буугдаж, төрийн өмчийн талаарх чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн учраас “ХР” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан барилгыг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндэслэн СС-ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаал, мөн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрхийг олгох тухай” 134 дүгээр тушаалаар тус тус хувьчилсан байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэх үед төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудлыг хариуцдаг Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газар нь “хуучнаар Төрийн өмчийн хороо/ тус яамны харьяанд байсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд тус тус өөрчлөлт орсноор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжсэн болно.
Иймд “ОРС” ТӨХК-ийг хувьчлахаас өмнө тухайн компанийн балансад бүртгэлтэй байсан “ХР” ХХК-ийн эзэмшиж байсан барилгыг түрээсийн давуу эрхээр хувьчилсан эсэх асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өгсөн тайлбар, нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэжээ.
Гуравдагч этгээд “ХР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа: “...Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өөрсдийн гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангаж “ОРС” ТӨХК-ийн санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгөөс 338.07 м2 талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м2 талбай бүхий барилгыг хасалгүй тайлан балансад бүртгэлтэй хэвээр орхигдуулсан эс үйлдэхүйг бид сүүлд “ОРС” ХХК-иас МУСС болон ТӨБЗГ т холбогдуулан гаргасан “МУСС ын 2016.03.21-ний өдрийн “Барилга худалдах тухай” тушаал болон үүнд үндэслэн гарсан 2016.04.08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018.01.22-ны өдөр гардаж авч урьдчилсан байдлаар мэдсэн. Үүний дараагаар тус хэрэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018.02.22-ны өдөр ирүүлсэн албан бичиг түүний хавсралт “Лендс” ХХК-ийн үнэлгээний тайлантай танилцахад тухайн 2015.09.25-ны өдөр хийсэн.
“Бизнесийн үнэлгээний тайлан”-гийн дагуу сүүлийн өмч хувьчлалыг зохион байгуулсан болохыг захиргааны хэрэгтэй танилцаж илүү тодорхой мэдсэн билээ.
Мөн дээрх асуудлаар манай компаниас 2018.02.12-ны өдрийн 02/16 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт, 2018.03.01- ний өдрийн 03/18 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд тус тус хандсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй болно.
Манай компани нь хуучнаар “ОРС” ТӨХК-ийн рашаан савлах байрыг 1999 оноос хойш түрээслэн, оргил рашааныг савлаж худалдан борлуулах үйл ажиллагааг тогтвор суурьшилтай явуулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж, түрээслэгчийн хувьд ямарваа зөрчил дутагдал гаргалгүй, рашаан савлах байрыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, нэмж 51,2 м2 өргөтгөлийн барилгыг барьж үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоолын хавсралтын 9-д зааснаар “ОРС” ТӨХК-ийг хувьчлахаар шийдвэрлэсэн.
“ХР” ХХК нь “ОРС” ТӨХК-ийн рашаан савлах байрыг 17 жилийн хугацаанд түрээсэлж ирсний хувьд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасны дагуу рашаан савлах байрыг түрээсийн давуу эрхээр хувьчилж авах хүсэлт гаргасан болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 “Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах”, 28 дугаар зүйлийн 4 “Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх (тэргүүн ээлжинд худалдан авах) эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 607 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгон СС-ын 2016 оны 03 дугаар сарын 21 - ний өдрийн “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаалаар “ОРС” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 338.07 м2 талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м2 талбай бүхий барилгыг “ХР” ХХК-д 242 800 0001 төгрөгөөр худалдан авахыг санал болгож, 2016.03.28-ны өдрийн 59 дугаартай “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан манай компаниас барилгын үнийг бүрэн төлсөн учир СС-ын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалаар өмчлөх эрхийг шилжүүлэн олгохоор шийдвэрлэсний дагуу өмчлөгч болж, рашаан савлах үйл ажиллагааг явуулж ирсэн билээ.
2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаартай “Төрийн өмчийн ул хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ -ний 2.2-т Худалдан авагч нь рашаан савлах үйл ажиллагааны чиглэлийг 10 жилийн хугацаанд өөрчлөхгүй байна” 2.3-т “Худалдан авагч нь барилгын өмчлөх эрхийг гэрээний 2.2-д заасан хугацаанд бусад этгээдэд шилжүүлэхгүй” 2.5-д “Энэхүү гэрээ нь байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасан. Иймээс манай компани нь тухайн хувьчлан авсан рашаан савлах байрандаа 10 жилийн хугацаанд рашаан савлах үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй юм.
ТӨБЗГ-ын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 372 дугаар тогтоолын дагуу “ОРС” ТӨХК-ийг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа 2017.10.03-ны өдөр зохион байгуулагдаж, уг дуудлага худалдаанд иргэн Д.Ганбат ялагчаар тодорч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгох тухай” 410 дугаар тогтоолоор 100 хувийн хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна.
Гэтэл рашаан савлах байрыг манай компанид хувьчилж, өмчлөх эрхийн гэрчилгээ манай компанийн нэр дээр гарсан байхад тухайн үед өмч хувьчлалын асуудлаар бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан Сангийн яам, хожим тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх болсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь “ОРС” ТӨХК-ийн санхүүгийн тайлан үндсэн хөрөнгийн бүртгэлээс рашаан савлах байрыг хасах үүргээ хэрэгжүүлээгүй, санхүүгийн тайланд бүртгэлтэй хэвээр орхиж, сүүлд иргэн Д.Г-д “ОРС” ТӨХК-ийг 100 хувийн хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлж хуулийн этгээдүүдийн дунд үл ойлголцол бий болгож, манай компанийн өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгоод байна.
Өөрөөр хэлбэл дээрх шийдвэрүүдээр манай компанид рашаан савлах байрын өмчлөх эрхийг шилжүүлсний дараагаар Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дээрх тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллалгүй (бодлогын хувьд тухайн обьектийг хувьчлах ажлаа хийчхээд бүрэн зохицуулалтаа хийгээгүй) ноцтой зөрчил гаргаж “ОРС” ТӨХК-ийн санхүүгийн үндсэн хөрөнгөөс 338.07 м2 талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м2 талбай бүхий барилгыг хасалгүй тайлан балансад бүртгэлтэй хэвээр орхигдуулсан нь хариуцлагагүй эс үйлдэхүй ба нөгөөтэйгүүр ийнхүү тайлан балансад бүртгэлтэй хэвээр үлдээж дахин өөр этгээдэд дуудлага худалдааны хөрөнгөд хамаарах мэтээр хувьчилсан нь хууль бус гэж үзэж байна.
Тухайн рашаан савлах байрыг түрээслэн ашиглахаар хүлээн авах үед уг барилга нь олон жил ашиглагдаагүйгээс элэгдэл гэмтэл ихтэй, цахилгаан, сантехникийн шугам хоолой нь хагарч гэмтсэн, дээвэр, цонх, шал нь өгөрч муудсан, хан тааз нь цуурсан, онгорхой цоорхой ихтэй байсныг 1999-2000 онд хувийн хөрөнгөөр 4,500,000 төгрөгийн их засвар хийж ажлаа эхлүүлж байсан бөгөөд , 2001-2011 хүртэлх хугацаанд нийт 10,932,640 төгрөгийн , 2012 онд 50,653,817 төгрөгөөр, 2016 онд 27,762,630 төгрөгөөр тус тус өргөтгөл болон урсгал засваруудыг хийж, сүүлд 2017 онд 170,754,648 төгрөгөөр өргөтгөл хийж нийт 264,603,735 төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг гаргасан болно.
Гэвч дээрх үндсэн хөрөнгөөс хасаж бүртгэх үйл ажиллагааг хийгээгүй орхигдуулсан нөхцөл байдлыг ойлголгүйгээр “ОРС” ХХК-иас манайд өмчлөх эрхийг олгосон СС-ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар маргаж нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж буй нь үндэслэлгүй юм.
Иргэн Д.Г төдийгүй ер нь “ОРС” ТӨХК-ийг хувьчлах ажлыг зохион байгуулж бусдад өмчлөх эрхийг шилжүүлэхээсээ өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өмнө манай компанид хувьчилсан рашаан савлах байрыг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаж, ямарваа зөрчил, дутагдал, үл ойлголцол үүсэх маргаангүй эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулах нь тус байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг билээ. Гэтэл тус асуудлыг шийдвэрлэж, гүйцэтгэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 372 дугаар тогтоолоор дуудлага худалдаа зохион байгуулж, улмаар мөн газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 410 дугаар тогтоолоор иргэн Д.Г-д “ОРС” ТӨХК-ийн 100 хувийн хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлж буй нь хууль бус юм. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ОРС” ХХК-иас МУСС болон ТӨБЗГ т холбогдуулан “МУСС ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй,
“ХР” ХХК-иас ТӨБЗГ т холбогдуулан “ХР” ХХК-д өмчлүүлсэн 631,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий барилгыг "ОРС" ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, үндсэн хөрөнгөөс хасах арга хэмжээ авах, үүнтэй холбоотой зохицуулалт хийхийг хариуцагчид даалгах бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ТӨБЗГ-ыг хариуцагчаар оролцох эрхтэй эсэх талаар тодруулахад маргаан бүхий актуудтай холбоотой эрх бүхий этгээдийн хуулиар заасан чиг үүргийг ТӨБЗГ хэрэгжүүлсэн байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй тул шүүх тус байгууллагыг хуульд заасан хариуцагч мөн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Харин гуравдагч этгээдээс нэхэмжлэгч ОРС ХХК нь маргаан бүхий захиргааны актуудыг мэдсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар хөдөлбөргүй бичгийн баримт олдоогүй, харин нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд болон СС-ад гомдол гарган хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлсэн гэж үзэхээр байна
Шүүх хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, мэтгэлцээн, үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалт, холбогдох журмыг тайлбарлан хэрэглэсний үндсэн дээр “ОРС” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “ХР” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэхдээ дараах үндэслэлд тулгуурлан дүгнэлт хийлээ.
Маргааны үйл баримтын талаар:
Монгол Улсын Их Хурлын 2015 оны “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоол, эдгээр тогтоолыг хэрэгжүүлэх /хуучнаар/ Төрийн өмчийн хорооны 2015 оны 607 дугаар тогтоолоор “ОРС” ТӨХК-ийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн хэдий ч уг нээлттэй дуудлагын худалдаанд нэг ч оролцогч ирээгүй тул дуудлагын худалдааг явагдаагүйд тооцож, дахин зохион байгуулахаар болсон .
Харин 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ТӨБЗГ-аас зохион байгуулсан “ОРС” ТӨХК-ийг худалдах нээлттэй дуудлага худалдаанд оролцогч иргэн Д.Г 15,025,000,000,00 төгрөгөөр тус компанийг худалдан авч, 100 хувийн хувьцаа эзэмшигч болжээ.
Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “ОРС” ТӨХК-ийг хүлээлгэн өгөх, хүлээн авах явцад тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа 631,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг “ХР” ХХК-д худалдан шилжүүлсэн асуудлыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн шүүхэд ханджээ.
Нэг: МУСС ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд “ХР” ХХК нь 1999 оноос хойш /хуучнаар/ ОРС ТӨХК-ийн рашаан савлах байрыг “Оргил” шошготойгоор рашаан савлаж худалдах, үйлчилгээний зориулалтаар түрээсийн гэрээ байгуулан түрээслэж байсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолоор “ОРС” ТӨХК-ийн үйл ажиллагааг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар 100 хувь хувьчлахаар шийдвэрлэж, хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгажээ.
Төрийн өмчийн хороо /хуучнаар/ 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 607 дугаар “ОРС” төрийн өмчит хувьцаат компанийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” тогтоол гаргаж, тус компаний худалдах доод үнийг 15,026,183,000 /арван тэрбум хорин зургаан сая нэг зуун наян мянга/ төгрөгөөр тогтоож, үүнээс компанийн лаборатори /рашаан савлах/ байрны өргөтгөлийн барилгад оруулсан “ХР“ ХХК-иас оруулсан хөрөнгө оруулалт 50,000,000 /тавин сая/ төгрөгийг дуудлага худалдаанаас буцаан олгохоор тогтжээ.
Гуравдагч этгээд “ХР сувилал” ХХК-иас “ОРС” ТӨХК-ийг хувьчлахтай холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16/05 дугаар “Давуу эрхээр хувьчлалд оролцох тухай” хүсэлт гаргасныг МУСС хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр “Барилга худалдах тухай” тушаалаар “ОРС” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 338,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв бүхий барилгыг түрээсээр эзэмшиж байгаа “ХР” ХХК-д нийт үнэ 292,800,000/хоёр зуун ерэн хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөс тус компаниас оруулсан хөрөнгө оруулалт 50,000,000 /тавин сая/ төгрөгийг нь хасан тооцож нийт 242,800,000 /хоёр зуун дөчин хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр худалдан авах саналыг хүргүүлжээ.
“ХР сувилал” ХХК-иас дээрх тушаалд заасан хугацаанд санал болгосон үнийг дүнг бүрэн төлсөн тул МУСС 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 134 дүгээр тушаалаараа “ОРС” ТӨХК-ийн рашаан савлах байр, түүний өргөтгөлийн барилгыг “ХР сувилал” ХХК-д хүлээлгэн өгч, барилгын өмчлөгчийн гэрчилгээг олгохыг Төрийн өмчийн удирдлага, бүртгэл тооллого, хяналтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Энэ үйл баримтын болон маргаан бүхий актын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, түүний өмгөөлөгч П.Одгэрэл нараас “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр явагдсан “ОРС” ТӨХК-ийг нээлттэй дуудлага худалдааны ялагчаар иргэн Д.Ганбат шалгарч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 410 дугаар тогтоолын дагуу "ОРС" ТӨХК-ийн өмчлөх эрхийг шилжүүлэн автал тус компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй рашаан савлах байр, түүний өргөтгөл нь “ХР” ХХК-д шилжсэнийг мэдсэн.
Өргөтгөл бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээсийн давуу эрхээр хувьчилсан нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах” гэж заасныг болон Улсын Их Хурлын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоолыг зөрчиж СС-ын дээрх тушаал гаргасан...” гэж тайлбарлан маргаж байна.
Гэвч бодит байдалд Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор хариуцагч Төрийн өмчийн хороог татан буулган, чиг үүрэг нь Сангийн яаманд шилжиж, Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газар нэртэй болсон.
Төрийн өмчийн хорооны чиг үүрэг СС-ад шилжсэнтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4-д “Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах; гэж заасны дагуу маргааны үйл баримт болсон “ОРС” ТӨХК-ийн хувьчлалтай холбоотой Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 338,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах 51.2 м.кв бүхий өргөтгөлтэй холбогдох асуудлаар СС-аас судалгааг хийж, шалган нягталсны үндсэн дээр хуульд заасан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх барилгыг “ХР” ХХК-д давуу эрх эдлүүлэн худалдахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хуульд нийцсэн байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т “Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээдийн хувьд “ОРС” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 338,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах 51.2 м.кв бүхий өргөтгөлийг 17 жилийн туршид түрээсийн гэрээгээр эзэмшиж ашиглахдаа өөрт хүлээсэн үүргээ биелүүлж, алдаа зөрчилгүй ажиллаж байснаараа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг давуу эрхээр худалдаж авч өмчлөх эрхээ нээлгэн зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрчилгээ гаргуулсан зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл МУСС ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Хоёр: “ХР” ХХК-д өмчлүүлсэн 631,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий барилгыг "ОРС" ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, үндсэн хөрөнгөөс хасах арга хэмжээ авах, үүнтэй холбоотой зохицуулалт хийхийг хариуцагчид даалгах” гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд дурьдсан үндэслэлээр МУСС ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” 104 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалууд хууль зүйн үндэслэл бүхий талаар дүгнэсэн тул гуравдагч этгээдээс гаргасан уг бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь хариуцагч ТӨБЗГ нь СС-ын бүрэн эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дээрх тушаалыг үндэслэн “ОРС" ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлтэй 631,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг “ХР” ХХК-д шилжүүлэн , уг барилгыг тус компанид хүлээлгэн өгсөн байна .
Харин СС-ын 2006 оны 338 дугаар тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн дансны дансны заавар” -ын 4.38-д “Үндсэн хөрөнгийн ашиглалтаас хасах” зохицуулалтад “...Хэрэв үндсэн хөрөнгийг гадагш худалдах, шилжүүлэх актлах, устгах зэргээр үндсэн хөрөнгийг данснаас хасах ба хуримтлагдсан элэгдлийн данс хаагдсан байгаагаар энэ бичилтийг хийнэ” гэжээ.
Гэтэл хариуцагч ТӨБЗГ-ын эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэгтээ хайнга хандан гуравдагч этгээд “ХР” ХХК-д шилжүүлсэн өгсөн үл хөдлөх хөрөнгийг “ОРС" ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасалт хийлгүйгээр орхигдуулсан нь хэрэг маргаан үүсэх үндсэн нөхцөл болжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагчаас маргааны үйл баримт болсон барилгыг “ОРС" ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасалт хийгээгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсан байх ба энэ эс үйлдэхүй нь хууль бус байна.
Энэхүү эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрэвгийлхам “...Үндсэн хөрөнгөөс хасах зохицуулалт хийх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эрх, хэмжээний хүрээнд хамаарах асуудал юм” , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа “... 2015 оны тушаал хуулийн дагуу гарсан, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна...” , гэж мэдүүлсэн зэргээс үзвэл гуравдагч этгээд “ХР” ХХК-ийн худалдсан авсан 631,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой зохицуулалт хийхийг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч В.Дарханбаатар “...“ХР ХХК-д хувьчилсан гэдгийг дуудлага худалдаанд танилцуулах үүрэгтэй, тухайн үед бүгдэд нь хувьчлагдсан талаар тайлбарыг өгч байсан.
Дуудлага худалдаанд оролцох гэж байгаа этгээд хувьчлах гэж байгаа обьекттэй танилцаад ямар нэгэн маргаангүй гээд өргөдөлд гарын үсэг зурдаг...” , гэрч О.Сэмэр”...блансаас хасах асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлөөр шийддэг байсан асуудал байсан, “...төлөөлөн удирдах зөвлөл бүрэлдээгүй байсан учраас шийдвэр гарч чадаагүй...” гэж мэдүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 хэсэгт заасныг баримтлан "ОРС" ХХК-ийн СС-, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “МУСС ын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Барилга худалдах тухай” тушаал болон үүнд үндэслэн гарсан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 134 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “ХР” ХХК-ийн “ХР” ХХК-д өмчлүүлсэн 631,07 м.кв талбай бүхий рашаан савлах байр, рашаан савлах байрны өргөтгөл 51.2 м.кв талбай бүхий барилгыг "ОРС" ТӨХК-ийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, үндсэн хөрөнгөөс хасах арга хэмжээ авах, үүнтэй холбоотой зохицуулалт хийхийг хариуцагчид даалгах” бие даасан шаардлагыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТӨБЗГ-аас 70.200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР