Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 819

 

Э.Батзулын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00374 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Батзулын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1351 дүгээр шийдвэрээр Ц.Цэцэгбаяраас 43 837 992 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураан авсан төлбөр төлөгч Ц.Цэцэгбаярын хамтран өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 23 дугаар гудамжны 9 тоот  700 м.кв талбайтай газар, 152 м.кв талбайтай хувийн сууцыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Э.Батзулын эхнэр төрөөд тэрээр Архангай аймаг руу эхнэр хүүхдээ аваад явсан хойгуур дуудлага худалдаа болсон. Энэ үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Э.Батзул хамтран өмчилдөг юм. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг өмчлөгч Э.Батзулд мэдэгдээгүй хууль зөрчиж явуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1351 дүгээр шийдвэрээр Ц.Цэцэгбаяраас 43 837 992 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ц.Цэцэгбаярын хамтран өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 23 дугаар гудамжны 9 тоотод байрлах 700 м.кв талбайтай газар, 152 м.кв талбайтай хувийн сууцыг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 15/29 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15/20 дугаар тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилоход 79 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 55 580 000 төгрөгөөр тогтоож, энэ талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, хамтран өмчлөгч нарт мэдэгдэж анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлэгдсэн үнэлгээний 50 хувь буюу 39 700 000 төгрөгөөр тогтоож, энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасны дагуу түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн Ц.Цэцэгбаярт хүлээлгэн өгч хамтран өмчлөгч нарт мэдэгдэх талаар 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлээр танилцуулж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт болсон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан санал болгох комиссын хуралд оруулсан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан, Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Э.Батзулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1351 дүгээр шийдвэрээр Ц.Цэцэгбаяраас 43 837 992 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 23 дугаар гудамжны 9 тоот, 700 м.кв талбайтай газар, 152 м.кв талбайтай хувийн сууцыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа хамтран өмчлөгч Э.Батзулд мэдэгдэлгүй явуулсан. Тухайн үед эхнэр нь төрөх гээд Архангай аймаг руу явсан байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгч Э.Батзулд мэдэгдэлгүй, дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг албан ёсоор өгөөгүй байж 2 дахь дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа явуулсныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Батзул нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1351 дүгээр шийдвэрээр Ц.Цэцэгбаяраас 43 837 992 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 440 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 15/21 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Алтайн 23-09 тоотод байрлах 700 м.кв талбайтай газар, 152 м.кв талбайтай хувийн сууцыг гараажийн хамт битүүмжилж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15/20 тоот тогтоолоор хураасан үйл баримтын талаар талууд маргаагүй /хх-32, 36, 40/.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийн санал өгөх талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь     тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар  үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч Ц.Цэцэгбаяр нь 220 000 000 төгрөгөөр, хамтран өмчлөгч нар болох Б.Эрдэнэбаатар нь 210 000 000 төгрөг, Э.Мөнхзул нь 205 000 000 төгрөг, Э.Батзул нь 180 000 000 төгрөгөөр, төлбөр авагч Капитал банк 45 000 000 төгрөгөөр үнэлэх саналаа /хх-47-48/ тус тус ирүүлснээс хойш, төлбөр төлөгч Ц.Цэцэгбаяраас үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлтийг гаргажээ./хх-47/. Иймээс  төлбөр төлөгчийн хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 52 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай  нийцсэн гэж үзнэ.

 “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр дээрх хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 79 400 000 төгрөгөөр үнэлсэн /хх-52/ бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн үнэлгээний 70 хувь буюу 55 580 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Цэцэгбаяр, өмчлөгч Б.Эрдэнэбаатар, Э.Мөнхзул, Э.Батзул нарт 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдэгдсэн  байна /хх-ийн 53-56/.

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цагт оруулах тухай 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн /хх-61/ боловч үнийн санал ирүүлээгүй тул 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдааг зарлажээ /хх-71/.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/8310 тоотоор төлбөр төлөгч Ц.Цэцэгбаяраар дамжуулан хамтран өмчлөгч буюу нэхэмжлэгч Э.Батзулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасны дагуу хүргүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                 ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

                                                                                                                         Д.БАЙГАЛМАА