Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 975

 

 

 

 

 

 

 

 

2020            11            10                                  975   

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хад холбогдох эрүүгийн 2005000001594 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Х.

 

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Меко” тавилгын дэлгүүр дотор хохирогч Б.Бтой маргалдан халдаж, улмаар биед нь доод уруулын дотор салст шархтай, хоёр нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Х  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Б бид хоёр хамт ажилладаг байсан. Тэр өдөр Б.Б намайг удаан ажилла гэсэн. Би зүссэн хавтангуудыг нь хурдан, хурдан наагаад байсан юм. Учир нь бид наасан метрээрээ цалингаа бодуулж авдаг юм. Тэгээд Б.Б надад хандаж намайг 2, 3-ыг наасны дараа чи наа гэсэн. Би ажлаа хийж байна шүү дээ гэхэд гэнэт намайг боож унагаагаад бид маргалдсан. Тэгээд одоо больё ахаа гээд уучлалт гуйгаад ахыгаа дуудсан. Хохирогчид 900 000 төгрөг төлсөн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр миний бие ажил дээрээ байж байгаад хийж байгаа ажлаасаа болоод хамт ажилладаг Х гэх залуутай маргалдаад бид хоёр харилцан нэг, нэгнийхээ өмсөж байсан цамцныхаа захаар харилцан бие биенийхээ хоолойг боосон. Тэгж байгаад бид хоёр боосон гараа тавиад харахад миний болон Хын хоолойгоор улайж ором гарсан байсан. Тэгээд би тэр дор нь Хаас уучлалт гуйгаад эвлэрье гэхэд Х “би чамайг ахыгаа дуудаж байгаад зодно, хараарай пизда минь” гээд уурлаж, байгаад гараад явсан. Удалгүй 10-20 минутын дараа Х ахыгаа дагуулаад ажлын байранд орж ирээд намайг дуудахаар нь очихгүй ажлынхаа хүн рүү очих гэж байтал Х над руу гүйж ирээд миний уруул руу толгойгоороо нэг удаа мөргөхөөр нь би тонгойсон чинь миний дух хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай ажлын Ган-Эрдэнэ ах бид хоёрын дундуур орж Хыг надаас салгасан. Би тархины томографийн зураг авахуулсан. Мөн эмчийн бичиж өгсөн эмнүүдийг худалдаж аваад нийт 300 000 төгрөг болсон. Х тухайн зардлуудыг бүгдийг нь төлсөн. Надад цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй. Ямар нэгэн гомдол саналгүй гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Ба мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Меко” нэртэй тавилгын үйлдвэртээ ажлаа хийгээд байж байх үед 23 цагийн орчим манай ажлын газрын Б, Х хоёр маргалдсан. Ямар шалтгааны улмаас маргалдсаныг нь хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Б ах “чи болоогүй шүү” гэж хэлээд заамдсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь тэд дахин хэрүүл маргаан үүсгэж байгаад удалгүй дахин заамдалцаад байхаар нь салгасан. Гэтэл Б ах Хад хандаж “чи лай болно шүү” гэж хэлсэн. Тэр үед Х ах руугаа яриад дуудаж байсан. Удалгүй 20-30 орчим минутын дараа Хын ах нь ирсэн. Энэ үед Х, Б ахын араас очоод хөөе гэж дуудсан чинь Б ах эргээд харах үед Х дээшээ үсрээд Б ахын нүүрэн тус газар руу нэг удаа дух хэсгээрээ мөргөсөн. Б ах доошоо тонгойх үед Х зүүн хөлөөрөө нүүр рүү нь дахин нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б ахын уруулнаас нь цус гарч байсан гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10838 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б биед доод уруулын дотор салст шархтай, хоёр нүдний зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

                                                                             

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Меко” тавилгын дэлгүүр дотор хохирогч Б.Бтой маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь доод уруулын дотор салст шархтай, хоёр нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч М.Ба нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10838 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Хад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ.

“харгалзах” гэдэг нь “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулга бөгөөд үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна.

Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.

Иймд шүүгдэгч Б.Хын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хохирол, хор уршиг зэрэг гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох ялаас чөлөөлөх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Х нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Хад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН