Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2017/00068/И |
Дугаар | 102/ШШ2017/00697 |
Огноо | 2017-03-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/00697
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/00697 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44а-1 тоотод оршин байгаа “Алтанхалбага” ХХК /РД-5138736/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр 140 тоотод оршин суух, Харчин овогт Галбадрахын Хишигханд /РД-ХД76021264/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сургалтын 12 дугаар байр, 21 тоотод оршин суух, Жаал овогт Бямбасүрэнгийн Мөнхтуяа /РД-МЮ75091404/ нарт холбогдуулан гаргасан,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,114,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Алтанхалбага” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г.Хишигхандтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон худалдан борлуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Г.Хишигхандын захиалгын дагуу нийт 4,463,100 төгрөгийн үнэ бүхий 64 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Талууд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тооцоо нийлж 2,823,250 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталсан.
Уг тооцоо нийлсэн актыг үйлдсэнээс хойш 708,270 төгрөг төлсөн бөгөөд удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөөгүй.
Иймд Г.Хишигхандаас 2,114,980 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С.Мөнхтуяаг татаж хариуцагч нараас уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Талууд харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээг шүүхэд өгсөн байгаа. Хариуцагч нарын нэг нь гадаад явах гэж байгаа, нөгөө нь маш их ажилтай байгаа учраас хуралдаанд ирэх боломжгүй гэсэн.
Тус эвлэрлийн гэрээний 5 дугаар заалтыг хасч эвлэрлийг баталгаажуулж өгнө үү. Энэ заалтыг хассанаар хариуцагч нарт ямар нэгэн хохирол учрахгүй гэв.
Хариуцагч Г.Хишигханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Алтанхалбага” ХХК-иас хүнсний бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, борлуулж байгаад, үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг тооцоо хийж Б.Мөнхтуяад хүлээлгэн өгсөн ба үлдэгдэл барааны тооцоог Б.Мөнхтуяа хариуцан хийхээр тохиролцсон болно гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Алтанхалбага” ХХК-ийн Г.Хишигханд, Б.Мөнхтуяа нараас 2,114,980 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хариуцагч Б.Мөнхтуяа нь төлөх үүргийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 464,980 төгрөгөөр тус тус “Алтанхалбага” ХХК-д төлж барагдуулах, хариуцагч Б.Мөнхтуяа дээрх төлбөр төлөх аль нэг хугацааг 15-аас дээш хоногоор хэтрүүлсэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 50 хувийн торгуулийг төлбөл зохих төлбөр дээр нэмж төлөхөөр эвлэрэв гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алтанхалбага” ХХК нь, хариуцагч Г.Хишигхандаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,114,980 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Мөнхтуяаг татан оролцуулж, хариуцагч нараас худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээгээр “Алтанхалбага” ХХК-ийн Г.Хишигханд, Б.Мөнхтуяа нараас 2,114,980 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхтуяа нь төлөх үүргийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 464,980 төгрөгийг тус тус “Алтанхалбага” ХХК-д төлж барагдуулах, хариуцагч Б.Мөнхтуяа дээрх төлбөр төлөх аль нэг хугацааг 15-аас дээш хоногоор хэтрүүлсэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 50 хувийн торгуулийг төлбөл зохих төлбөр дээр нэмж төлөхөөр тохиролцсон байх бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал тус эвлэрлийн гэрээний 5 дахь заалт буюу торгууль ногдуулах заалтаас татгалзаж байх тул уг заалтыг хассанаар хариуцагч нарын эрх хөндөгдөхгүй гэж үзлээ.
Шүүх, зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байна гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж хэргийг, мөн хариуцагч Г.Хишигхандад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтуяагаас 48,790 төгрөг гаргуулан “Алтанхалбага” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
“Алтанхалбага” ХХК нь Ж.Очирхуягт эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон тул түүнийг хариуцагч нартай эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзсэн болно. /хх-5 дугаар хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Алтанхалбага” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Хишигханд, Б.Мөнхтуяа нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Мөнхтуяагийн, нэхэмжлэлийн шаардлага болох 2,114,980 /хоёр сая нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун наян/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 550,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 464,980 төгрөгийг тус тус “Алтан халбага” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг, мөн хариуцагч Г.Хишигхандад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтуяагаас 48,790 төгрөг гаргуулан “Алтанхалбага” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|