Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 974

 

 

 

 

 

 

 

 

2020             11          10                                    974

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ст холбогдох эрүүгийн 2005024271276 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фитнесийн багш мэргэжилтэй, хүнсний дэлгүүр ажиллуулдаг, сард 2-3 сая төгрөгийн орлоготой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт суух,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 100 000 торгох ялаар шийтгүүлсэн, С.

                                                   

Шүүгдэгч О.С нь 2020 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Модны-2-ын замд хохирогч Б.Хын нүүрэн тус газар цохиж, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.С  мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохиролд 240 000 төгрөг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч- Б.Х мэдүүлэхдээ:

Би 2020 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 25-82 УАН улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн автомашинаар халтуур хийж байгаад 2020 оны 7 дугаар сарын 28-ны үүрээр 05:30 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын зам дээр хүн хүлээгээд зогсож байсан юм. Тэгтэл араас мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин сигналдаад байхаар нь цонхоо онгойлгоод “тойроод гарчихаач” гээд хэлтэл дахиад сигналдаад байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад гараараа тойроод гарчихаач гээд заатал тухайн автомашины жолооч бууж ирээд намайг “архи уучихсан байна” гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр залуу миний толгойн зүүн хэсэг рүү гараа зангидаж байгаад цохисон ба тэр залуутай хамт явж байсан хоёр залуу машинаасаа бууж ирээд нэг залуу нь намайг “машиндаа буцаад суучих” гээд нөгөө залуу нь намайг цохисон залууг надаас холдуулсан. Тэгээд би машиндаа суугаад хөдлөх гэж байтал намайг цохисон залуу миний машины хаалгыг онгойлгоод намайг сууж байхад хамар хэсэг рүү нэг удаа гараа зангидаж цохисон. Тэгээд тэр залуу миний машинаас холдонгуут нь би машинаа хөдөлгөөд холдож байгаад цагдаад дуудлага өгсөн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлнэ. Одоогоор толгойн томогарфийн зураг авахуулсан 120 000 төгрөгийн зардлын баримт байгаа. Тэр өдөр миний нүдний шил гажчихсан, дахин ашиглах боломжгүй болсон. Би нүдний шилээ 2018, 2019 оны үед “Талим” оптик хараа зүйн төвөөс 120 000 төгрөгөөр худалдан авч байсан. Биед учирсан гэмтэлтэй холбогдуулаад 120 000 төгрөг нэхэмжлэнэ. Би эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ, үйлчилгээ аваагүй. Одоо биед учирсан гэмтэл эдгэсэн. Баруун талын шанаа бага зэргийн хавдартай байгаа гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

                                                                                        

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8604 тоот дүгнэлтэд:

            1. Б.Хын биед баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

О.С Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 100 000 торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.С нь 2020 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Модны-2-ын замд хохирогч Б.Хын нүүрэн тус газар цохиж, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Хын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8604 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Х нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтаар 120 000 төгрөгийг, нүдний шил эвдэрсэн, дахин ашиглах боломжгүй тул 120 000 төгрөг, нийт 240 000 төгрөг нэхэмжлэнэ гэснийг шүүгдэгч О.С хүлээн зөвшөөрч түүнд 240 000 төгрөгийг төлжээ. Иймд А.Оюунбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 100 000 торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдлээгүй байна.

 

Шүүгдэгч О.С нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн ба уг өдрөөс хоёр өдийн өмнө энэ гэмт хэргийг үйлджээ.

 

Иймд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 720  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчид 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 100 000 торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Сыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан О.Сын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 100 000 торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг О.Ст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэх,

720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН