| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1914/Э |
| Дугаар | 1966 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 1966
2020 11 10 2020/ШЦТ/1966
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Өсвөр насны шүүгдэгч Л.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Л, өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л-н Ч-д холбогдох эрүүгийн 1906 04679 1571 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Өсвөр насны шүүгдэгч Л.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч 115.200 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 08 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ану хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 65.290 төгрөгийн бараа хулгайлсан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Л.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ТҮЦ-нд сууж байгаад орой нь 23 цаг 50 минутад хаасан. Өнөөдөр өглөө 10 цагт ортол ТҮЦ-н цонхоор хулгай орж том савтай 1 ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй кимчи гоймон 10 ширхэг нийт 25.000 төгрөгийн үнэтэй, 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэй ментос бохь 40 ширхэг, орбит нэртэй бохь 60 ширхэг, нийт 100.000 төгрөгийн үнэтэй зүйлс алдагдаж нийт 155.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-53 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Хохирогч Н.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн үед өөрийн гар утсаараа дэлгүүрийнхээ камерыг харсан чинь камер маань газарт уначихсан байхаар нь би дэлгүүр дээрээ яваад очсон чинь манай дэлгүүрийн цонхоор хулгайч орж эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай дэлгүүрээс 2 хайрцаг дотроо 30 ширхэгтэй Орбит бохь, Prinkles нэртэй бөөрөнхий савтай чипс 2 ширхэг, 8 хайрцаг Parlament тамхи, 2-3 ширхэг Салями хиам алдагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-53 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60 дугаар хуудас/,
Гэрч Н.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөө үүрээр 5-6 цагийн орчим Ану нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн болох Урангоо надруу залгаж дэлгүүрт хулгайч орж эд зүйлс хулгайд алдагдсан байна, Цагдаагийн алба хаагч нар ирсэн байна. Та хүрээд ир гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд яваад очсон чинь цонхон талын лангуу нь нурсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Л.Ч-н төрсний гэрчилгээний хуулбар, нас тоосон тухай тэмдэглэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Л.Ч-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “ ... Би 2019 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос сургуулийн ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах түргэн үйлчилгээний цэгийн хажууд ирсэн. Тухайн түргэн үйлчилгээний цэгийн вакум цонхыг нь хөлөөрөө өшиглөсөн чинь онгойсон юм. Тэгэхээр нь цонхоор нь ороод эд зүйлс авсан ... Тухайн түргэн үйлчилгээний цэг рүү нэвтэрч орж дотроос нь эд зүйл хулгайлж авахаар орсон ... би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ану нэртэй хүнсний дэлгүүр рүү нэвтэрч орж эд зүйлс хулгайлсан ... Би 2004 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Лхамсүрэнгийн хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Би ээжийнхээ гар дээр өссөн ... 2019 оны 08 дугаар сарын 12-ны шөнө цахим тоглоомын газар тоглож байгаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд байрлах Ану нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын вакум цонхыг нь түлхэж орж эд зүйлс хулгайлж аваад гараад явсан юм ... би хулгайлж авсан эд зүйлсээ гудамжинд явсан хүнд зарсан юм ... би тухайн эд зүйлсээ зарсан мөнгөөрөө цахим тоглоом тоглож, идэж, уух аваад л дууссан ... би хулгайлах гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь цахим тоглоом тоглох гэж үйлдсэн ба өөр ямар нэгэн шалтгаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 80-81, 109-110 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Хууль ёсны төлөөлөгч Ч.Л-н “ ... Л.Ч нь миний гар дээр өссөн юм. 2011 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын нэгдүгээр арван жилд анх нэгдүгээр ангид элсэн орж байсан ба 2014 он хүртэл суралцсан юм. Тэгээд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 5 дугаар анги төгссөн. Улмаар 6 дугаар ангид орох жилдээ сургуулиас гарсан юм. Уг нь би сургуульд сургах гэж араас нь хөөцөлдөж явсан бөгөөд Л.Ч нь сургуульдаа өөрөө сургуульдаа явахгүй байсаар байгаад гарсан юм. Гэхдээ суралцаж байх хугацаанд спорт, урлагийн амжилтуудыг үзүүлж байсан юм ... миний хүү Л.Ч нь гэртээ надтай, төрсөн эгч, 2 дүүгийн хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/,
Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 114-116 дугаар хуудас/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 74 дүгээр хуудас/,
Хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,
Алга болсон хүн эрэн сурвалжилсан баримт /хх-ийн 26 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Л.Ч нь үргэлжилсэн үйлдлээр
2019 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Т.Н-н ажиллуулдаг Түргэн үйлчилгээний цэгийн цонхоор орж бэлэн гоймон, бохь зэрэг 115.200 төгрөгийн үнэлгээтэй барааг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.У-н ажиллуулдаг Ану хүнсний дэлгүүрийн цонхоор орж бохь, чипс, тамхи, хиам зэрэг 65.290 төгрөгийн үнэлгээтэй барааг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Л.Ч нь ганцаараа хүнсний дэлгүүр болон Түргэн үйлчилгээний цэгийн цонхоор нэвтрэн орж дэлгүүрийн бараа эд зүйлийг 2 удаагийн үйлдлээр хулгайлсан үйл баримт тогтоогдсон, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, өсвөр насны шүүгдэгч Л.Чыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд эцэг, эх нь салснаас хойш сурлага хүмүүжил муудсан, эх, эгч дүү нарын хамт амьдардаг, ар гэрийн хараа хяналт сул, сургуульд сурдаггүй завсардсан, гэрээсээ сураггүй алга болж эрэн сурвалжлагдаж байсан, PC тоглоом тоглодог байдал гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Хохирогч Т.Н-д учирсан 115.200 төгрөг, хохирогч Н.У-д учирсан 65.000 төгрөгийн хохирол төлөгдсөн баримт хэрэгт авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч Л.Ч-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Л.Ч нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Л.Чын хохирол нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Л.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Чад тайлбарлах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Л.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Лгийн Ч-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Ч-д 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Ч-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, өсвөр насны шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ