Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1922

 

                                                                                                                                                                                                                         

 

 

 

 

 

2020        11           03                                    2020/ШЦТ/1922

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч О.А, С.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-ы А, А овогт С-н О нарт холбогдох эрүүгийн 2006 00000 2403 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.А нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны эцэс дээр хохирогч С.Отай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

              С.О нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Атэй маргалдаж зодосны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч О.А нь 2020 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны эцсийн орчим хохирогч С.Оыг машины түлхүүр авсан аваагүй гэсэн асуудлаас болж маргалдан нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, 1 шүдний эмтрэл, 5 шүдний сулрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч С.О нь 2020 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны эцсийн орчим хохирогч О.Атэй машины түлхүүр авсан аваагүй гэсэн асуудлаас болж маргалдан хоолойг боох, чихэн тус газарт цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүзүү хоолойд дарагдлын ором, баруун тохой, зүүн өвдөгний арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч О.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... дэргэд нь жолооч нь бололтой танихгүй 30-40 насны согтуу эрэгтэй хүн зогсож байсан. Тэр эрэгтэй хүн намайг дуудаад дүү галаа өгөөч тамхи асаая гэж хэлсэн. Намайг асаагуур өгөхөд тэр хүн за би машинаас тамхиа аваадхъя гэж хэлээд машины хаалгаа онгойлгоод надруу эргэж хараад гэнэт миний куртикны захаар хоолой боогоод машинлуугаа хүчээр чирж оруулсан. Тэр эрэгтэй намайг пизда минь миний машины түлхүүрийг аваад ир, чи намайг байхгүй хойгуур миний эхнэртэй явалддаг хэн бэ гээд машинаас татаж буулгаад куртикны захаар хоолой боож газар унагаад цээжин дээр өвдгөөрөө дарж байгаад гараараа миний хамар, уруул, баруун шанаанд 4-5 удаа цохисон ... Тэр эрэгтэй хүн миний араас хөөж намайг барьж аваад газар чирж унагаад нүүр лүү 7-8 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

О.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Шархадны эцэс дээр Оргил хүнсний дэлгүүрийн цаана нэг залуутай таараад гал асуугаад тамхи асаагаад танилцсан тэгээд бид хоёр нэг жижиг пиво уусан тэгсэн миний машины түлхүүр олдохгүй байсан тэгээд л нөгөө залууг би чи авсан байна гэж хэлээд хоёулаа барилцаад ... тэр залуу намайг боогоод миний баруун чих хэсэгт гараараа цохьсон. Миний хоолой улайгаад амьсгаа авч чадахгүй, баруун чихнээс цус гарсан байсан. миний биед гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

Гэрч Н.Раднаахандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... би гар утасруу нь залгахад авахгүй байсан тэгээд 5-6 удаа залгаж байж аваад эмээ намайг согтуу хүн барьж аваад зодоод алах гээд байна гэж хэлсэн тэгээд би хаана гэж асуугаад Шархадны эцсийн засмал замын цаана гэж хэлсэн ... согтуу хүн манай зээ хүү Очирбатын дээр суугаад хоёр гарыг нь барьсан байсан ... Очирбатыг ахин газарт унагаад нүүр хэсэгт нь 4-5 удаа өшиглөөд авсан тэгээд тэр залуу цаашаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10238 дугаартай “С.Оын биед дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, 1 шүдний эмтрэл, 5 шүдний сулрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10470 дугаартай “О.Агийн биед хүзүү хоолойд дарагдлын ором, баруун тохой, зүүн өвдөгний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зөөлөн материалаар болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Яллагдагч О.Агийн мөрдөн байцаалтад өгсөн “... Очирбатыг авчихаж гэж бодоод энэ асуудлаас болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Очирбат бид хоёр халамцуу байсан. Очирбат намайг боохоор нь би Очирбатын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Очирбат миний баруун талын чихрүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

           Яллагдагч С.Оын мөрдөн байцаалтад өгсөн “... Амармөрөн намайг дуудаж гал асууж, би машинаас тамхиа аваад ирье гэж хэлээд машиныхаа хаалгыг онгойлгосноо эргэж хараад миний хоолойг боогоод машиндаа чирж оруулсан. Тэгээд надаас машиныхаа түлхүүрийг асууж чи манай эхнэртэй явалддаг хэн бэ гэж хэлээд машинаас татаж буулгаад газарт унагааж бид хоёр нэг хэсэг ноцолдсон. Намайг газар унасан байхад О.А миний нүүрэнд 4-5 удаа цохисон. Би О.Агөөс зугтаагаад явахад миний араас хөөж намайг барьж аваад нүүрэнд хэд хэдэн удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч О.А, С.О нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд О.А, С.Онар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.А, С.О нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч О.А, С.О нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

О.А, С.О нар хохирогчийн хувиар хэн алиндаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.А, С.О нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.А, С.Онарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.А, С.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О, О.А нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А, С.О нарын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А, С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт О-ы А, А овогт С-н О нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А, С.О нарт тус тус дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А, С.О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.А, С.О нар нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. О.А, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.А, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ