| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1953 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1953
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Б од холбогдох эрүүгийн 2006 00000 2619 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дугаар зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Х.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 15-наас 2020 оны 9 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 8-18 тоотод оршин суух хохирогч Б.Энхбатын эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бэлэн 800.000 төгрөг, хонины мах, ногоо, гоймон, сав зэрэг эд зүйлсийг хулгайлан бусдад 1.016.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-14/, хохирогч Б.Энхбатын өгсөн мэдүүлэг /хх-15-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25-26/, Х.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч Х.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-55/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 15-наас 2020 оны 9 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 8-18 тоотод оршин суух хохирогч Б.Энхбатын эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бэлэн 800.000 төгрөг, хонины мах, ногоо, гоймон, сав зэрэг эд зүйлсийг хулгайлан бусдад 1.016.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхбатын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр найзынхаа гэрт очиж хоносон. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрөөгөөд өөрийн гэр буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хотхоны 8-18 тоотод ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Би гэртээ ортол манай гэрийн доторх юмыг нь ухаад хөлдөөгч дотор байсан мах идэж уух юм авсан байсан. Мөн миний шүүгээнд гадаад паспортны дунд байсан бэлэн 800.000 төгрөг алга болсон байсан.” /хх-15-19/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Б ын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ ганцаараа архи уусан. Тэгээд унтаад шөнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны 02 цагийн үед гэрээсээ гарсан ба хажуу айлын Энхбат ах надтай нийлж архи уудаг болохоор би гэртээ байгаа болов уу гэж бодоод гэр рүү нь орсон. Би дотогш ороод хөргөгч дотор байсан 2 ширхэг үхрийн том элэг, 2 ширхэг хоолны төмөр сав, ширээний доор шургуулгад байсан бэлэн мөнгийг нь авсан. Тухайн мөнгө нь яг хэдэн төгрөг байсан гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ 20.000 төгрөг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт байсан. Би тухайн айлд нэвтрэх эрх байхгүй.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-14/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-27-29/,
Хохирол төлсөн баримт /хх-61/,
Шүүгдэгч Х.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-55/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Х.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Энхбатын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон Х.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 15-наас 2020 оны 9 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 8-18 тоотод оршин суух хохирогч Б.Энхбатын эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бэлэн 800.000 төгрөг, хонины мах, ногоо, гоймон, сав зэрэг эд зүйлсийг хулгайлан бусдад 1.016.250 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Х.Б ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Энхбат нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Х.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Х.Б од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Х.Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Х.Б од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Х.Б ын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Х.Б од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС