Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00660

 

2017 оны 03 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00660

Улаанбаатар хот

                               

           

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 дүгээр гудамжны 235 тоотод оршин суух, эмэгтэй, Халх овогт Цэцэгдэлгэрийн Буянсүрэн /РД-ЧН81100365/-гийн

            Гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ундрах нар оролцов.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Буянсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ц.Буянсүрэн нь БНСУлсын иргэн Жан Кёнчантай 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 0345 дугаар гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн.

Ц.Буянсүрэн нь гэрлэлтээ бүртгүүлэхдээ өөрийн хүсэл  зоригийн дагуу гэрлээгүй, зөвхөн Солонгос Улс руу явж ажиллаж, амьдрахад солонгос хүнтэй гэрлэсэн байвал виз хурдан гаргадаг гэж зөвлөсний дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг. Үүний улмаас Жан Кёнчантай гэрлэлтээ бүртгүүлж визээ гаргуулсан бөгөөд Солонгост очиход энэ асуудал нь хүний наймаатай холбоотой байсан байдаг.  

Иймээс 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зугтаж Монгол Улсын Элчин сайдын яаманд очиж тэндээсээ буцаж Монголдоо ирсэн.

Иймд БНСУлсын иргэн Жан Кёнчан, Ц.Буянсүрэн нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд  тооцож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Буянсүрэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлт шүүхэд гаргаж байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд Ц.Буянсүрэн нь БНСУлсын иргэн Жан Кёнчантай 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг мөн оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн 0345 дугаарт бүртгэжээ. /хх-4 дүгээр тал/

Хүсэлт гаргагч нь Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх үүднээс гэр бүл болох зорилгогүйгээр тус улсын иргэн Жан Кёнчантай гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, гэрлэлт бүртгүүлэхээр бүрдүүлсэн баримтууд, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргаж байсан өргөдөл зэргээр тогтоогдож байхаас гадна БНСУлсын иргэн Жан Кёнчан нь Монгол Улсын хилээр 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орж ирээд, мөн оны 7 дугаар сарын 02-ны өдөр гарч явсан байх бөгөөд уг хугацаанаас хойш Монгол Улсад ирээгүй байна. /хх-16-36, 41 дүгээр хуудас/

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Буянсүрэн, БНСУлсын иргэн Жан Кёнчан нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Буянсүрэн, БНСУлсын иргэн Жан Кёнчан нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

               

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД