Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1750

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г од холбогдох эрүүгийн 2006 00000 2201 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй,  ХХК-д үйлдвэрлэл эрхэлсэн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

        Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.Г .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 7 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, “Түмэн наст” хотхоны 366 байрны 212 тоот бүхий орон сууцанд маргалдсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч С.Баярмаагийн эрх чөлөөнд халдаж зүүн чамархайн хуйхны язарсан шарх, баруун гарын дунд хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ: “...Тэр өдрийн өглөө нь С.Баярмаа мөнгө нэхсэн. Цалин буугаагүй байсан. Тэгсэн чинь уурлаад загнаад байхаар нь дуугүй ажилдаа гараад явсан. Өдөр нь би гэртээ ирсэн чинь аашилж загнаад сүүлдээ уурлаад харааж загнаад “чи өөрөө хүүхдээ хар, би гарч хүнээс мөнгө авна” гээд хүүхдээ хаяад гараад явсан. Би үдээс хойш хүүгээ дагуулаад машиндаа авч явж ажлаа амжуулж байгаад орой хадмынд гэрт нь аваачиж өгсөн. Тэгээд орой гэртээ ирээд байж байхад араас орж ирсэн. Би “хэрүүл хиймээргүй байна” гэж хэлээд амарч байсан. Тэгсэн чинь хөргөгчөөс вино авч уугаад байсан. Тэгээд орой 20 цаг болж байхад халамцуу орж ирээд ахиад хэрүүл хийгээд байсан. Би “хэрүүл хиймээргүй байна” гээд тайвшруулах гэж оролдсон. Сүүлдээ юм авч шидээд байсан. Би огт гар хүрсэн зодсон зүйл байхгүй. Өөрөө 5 литрийн жижиг усны сав авч шидсэн. Гэр орныхоо хамаг зүйлийг нураасан. Сүүлдээ би тэсэхээ байгаад яв би “чамайг загнамааргүй байна” гэж хэлсэн.  Сүүлдээ тагт руу гүйж гарсан.  Тагтан дээр гарч зогсоод цонхоо онгойлгоод үсрэх гэж байгаа байдалтай орилж хашхираад байсан. Орилж хашхирахад нь хүү уйлаад байсан. Би хүүгээ тэврээд авсан. Би гүйж очоод тагтны тавцан дээрээс татаж унагасан. Тэгээд байж байтал хажуу айлаас цагдаа дуудсан бололтой цагдаа орж ирсэн...Ямар нэгэн хэрүүл маргаан болоход эрэгтэй нь зодсон хүчирхийлсэн болж таардаг ийм тогтолцоо яваад байна. Би чангахан гараас нь барихад эмэгтэй хүний гар хөхөрнө. Би үнэхээр уурлаад цохисон бол тэр хүнд өшөө илүү гэмтэл учрах ёстой. Би тэгж харж байгаа. Миний учруулсан гээд байгаа гэмтэл. Миний санаатай үйлдлээр учирсан бол тэрийгээ яагаад батлахгүй байгаа юм бэ. Үүнийгээ баталж чадахгүй. Би үнэн яриад тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүнийг ингэж эрүүгийн хэрэгтэн болгож болдог юм уу. Харамсалтай байна.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаар утсаар гаргасан гомдол, мэдээлэл, түүнийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч С.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-20-22/, гэрч Ж.Баатарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-23-25/, гэрч Г.Дэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-26-28/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 7934 дугаартай дүгнэлт /хх-32-33/, шүүгдэгч Г.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 7 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, “Түмэн наст” хотхоны 366 байрны 212 тоот бүхий орон сууцанд маргалдсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч С.Баярмаагийн эрх чөлөөнд халдаж зүүн чамархайн хуйхны язарсан шарх, баруун гарын дунд хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Баярмаагийн өгсөн: “...Би Г.Г  гэх залуутай 2018 онд танилцаж, 2018 оны 3 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулаагүй, дундаасаа 1 хүүхэдтэй, хүү Гүнбилэг 1 настай. Г.Г  хэрэлдэх болгондоо зоддог. Өнөөдөр 11 цагаас бид 2 хэрүүлтэй байж байгаад орой 21 цаг өнгөрч байсан байх хэрүүл нь даамжраад намайг эхлээд 5 л усны саваар толгой руу олон удаа цохиж нүдсэн. Дараа нь үсдэж чирээд мөн аймаар том шаазан аягаар миний толгойн тус газар зүүн чамархай орчмоор цохиж тархи хагалсан, цус гарсан, толгойн тус газарт олон удаа цохиж өшиглөж зодсон. Орой бол хүүгээ унтуулах гэж байсан чинь “пизда минь цэнэглэгч хаана байна” гээд шалтаг хайгаад хэрүүл хийгээд эхэлсэн. Би ч би яаж мэддэг юм л гэсэн байх. Тэгээд л намайг зодоод эхэлсэн. Зөндөө зодож байсан. Тэр болгонд цагдаад хандаж байгаагүй. Энэ удаа өөр айлаас дуудлага өгсөн байна. Миний биед тархи хагалсан, хуруу гар хөхөрсөн, үс унаж байна.” /хх-20-22/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Баатарсүрэнгийн өгсөн: “...Тэр өдөр би цагдаа жолооч, дэд ахлагч Г.Дэлгэрийн хамт тухайн өдөр Улиастай-113 чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хотхоны 366 байрны нэг эмэгтэй үсрэх гэж байх шиг байна гэж дуудлага ирээд тэрийг очиж шалгасан. Тэгээд бид 2 очиж гэрт нь орох үед эмэгтэй нь хаалга тайлсан шиг санагдаж байна. Орсон чинь гэрийнх нь үүдний хэсэгт нь хувцас хунар хөглөрсөн байдалтай байсан. Тэр хүүхэн уйлчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Эрэгтэй нь эхнэртээ баахан хараалын үг хэлээд эхнэр рүүгээ болон над руу дайраад байсан. Цаад талын том өрөөнд нь аяга юм уу нэг шилэн юм хагарчихсан шалан дээр байсан. Тэр хоёрын яриагаар бол эмэгтэй нь хэлэхдээ нөхөр намайг зодсон. Би зодохоор нь тэр рүү аяга авч шидсэн гэж ярьж байсан. Тэгээд хоёуланг нь хэлтэс рүү авч явах гэсэн чинь нөхөр нь явахгүй гээд эсэргүүцээд “наад авгайгаа аваад яв” гээд байсан. Бид 2 гэр бүлийн улсууд биш ээ гээд ярьж байсан. Энэ намайг зодсон гээд нөхрийгөө заагаад уйлаад байсан. Тэр эмэгтэй тухайн үед бол тодорхой хэмжээний согтолттой байсан. Хамраас нь цус гарчихсан, нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Үс нь сэгсийсэн зулгаасан болов уу гэмээр байдалтай харагдсан.” /хх-23-25/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дэлгэрийн өгсөн: “...Тэр өдөр би эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баатарсүрэнгийн хамт тухайн өдөр Улиастай-113 чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Уг айл руу орох үед нэг эмэгтэй гарах гээд үүдний хэсэгт хувцсаа баглачихсан, нөхөр нь бололтой нэг эрэгтэй цаана хүүхдээ гар дээрээ тэвэрчихсэн байдалтай маргалдаад байж байсан. Тэр хоёрыг хэлтэс рүү авч явах гэсэн чинь нөхөр нь “би явахгүй, наад гичийгээ л аваад яв” гэж ярьж байсан. Харин эхнэр нь болохоор “наадах чинь намайг зодсон, намайг аягаар цохисон, наадах чинь их дээрэлхүү хүн” гэж байсан. Өмнө нь бас наад хүн чинь эхнэрээ зодож бас ийм байдалд оруулж байсан. 2-3 удаа салж байсан гэж ярьж байсан. Зүүн шанаа хэсэг нь цус болчихсон байгаа харагдсан. Гарынх нь хуруу жоохон цус болчихсон байсан. 2 өрөө байр байсан. Шалан дээр нь цус энэ тэр дуссан зүйл харагдаагүй.” /хх-26-28/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 7934 дугаартай дүгнэлтэд:

1. С.Баярмаагийн биед зүүн чамархайн хуйхны язарсан шарх, баруун гарын дунд хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-32-33/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “...С.Баярмаагийн зүүн чамархайн хуйхны язарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-42-43/ гэх мэдүүлэг,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-5/,

Илтгэх хуудас /хх-14-16/,

           Шүүгдэгч Г.Г ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-60/

зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ын гаргасан: “...Маргаан болсон нь үнэн. Зодсон асуудал миний хувьд огт байхгүй.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Баярмаагийн өгсөн: “...Өнөөдөр 11 цагаас бид 2 хэрүүлтэй байж байгаад орой 21 цаг өнгөрч байсан байх хэрүүл нь даамжраад намайг эхлээд 5 л усны саваар толгой руу олон удаа цохиж нүдсэн. Дараа нь үсдэж чирээд мөн аймаар том шаазан аягаар миний толгойн тус газар зүүн чамархай орчмоор цохиж тархи хагалсан, цус гарсан, толгойн тус газарт олон удаа цохиж өшиглөж зодсон. Орой бол хүүгээ унтуулах гэж байсан чинь “пизда минь цэнэглэгч хаана байна” гээд шалтаг хайгаад хэрүүл хийгээд эхэлсэн. Би ч би яаж мэддэг юм л гэсэн байх. Тэгээд л намайг зодоод эхэлсэн. Зөндөө зодож байсан. Тэр болгонд цагдаад хандаж байгаагүй. Энэ удаа өөр айлаас дуудлага өгсөн байна. Миний биед тархи хагалсан, хуруу гар хөхөрсөн, үс унаж байна.” /хх-20-22/ гэх мэдүүлэг, мөн гэрч Ж.Баатарсүрэнгийн өгсөн: “...Тэр хүүхэн уйлчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Эрэгтэй нь эхнэртээ баахан хараалын үг хэлээд эхнэр рүүгээ болон над руу дайраад байсан. Цаад талын том өрөөнд нь аяга юм уу нэг шилэн юм хагарчихсан шалан дээр байсан. Тэр хоёрын яриагаар бол эмэгтэй нь хэлэхдээ нөхөр намайг зодсон. Би зодохоор нь тэр рүү аяга авч шидсэн гэж ярьж байсан. Тэгээд хоёуланг нь хэлтэс рүү авч явах гэсэн чинь нөхөр нь явахгүй гээд эсэргүүцээд “наад авгайгаа аваад яв” гээд байсан. Бид 2 гэр бүлийн улсууд биш ээ гээд ярьж байсан. Энэ намайг зодсон гээд нөхрийгөө заагаад уйлаад байсан. Тэр эмэгтэй тухайн үед бол тодорхой хэмжээний согтолттой байсан. Хамраас нь цус гарчихсан, нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Үс нь сэгсийсэн зулгаасан болов уу гэмээр байдалтай харагдсан.” /хх-23-25/ гэх мэдүүлэг, гэрч Г.Дэлгэрийн өгсөн: “...Өмнө нь бас наад хүн чинь эхнэрээ зодож бас ийм байдалд оруулж байсан. 2-3 удаа салж байсан гэж ярьж байсан. Зүүн шанаа хэсэг нь цус болчихсон байгаа харагдсан. Гарынх нь хуруу жоохон цус болчихсон байсан. 2 өрөө байр байсан. Шалан дээр нь цус энэ тэр дуссан зүйл харагдаагүй.” /хх-26-28/ гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 7934 дугаартай дүгнэлтэд: “...С.Баярмаагийн биед зүүн чамархайн хуйхны язарсан шарх, баруун гарын дунд хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-32-33/ гэх дүгнэлт, Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “...С.Баярмаагийн зүүн чамархайн хуйхны язарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-42-43/ гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нь хангалттай тогтоогдсон гэж үзсэн шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г ын 2020 оны 7 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, “Түмэн наст” хотхоны 366 байрны 212 тоот бүхий орон сууцанд маргалдсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч С.Баярмаагийн эрх чөлөөнд халдаж зүүн чамархайн хуйхны язарсан шарх, баруун гарын дунд хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.Г ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч С.Баярмаа нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

           Шүүгдэгч Г.Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Г ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Г ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Г.Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС