Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1973

 

2020         11            11                                 2020/ШЦТ/1973

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Б.Уранцэцэг,

хохирогч Э.Халиунаа,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт О.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02686 2411 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн О.Э, 1979 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуарангийн 88б байрны 65 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, ,

Шүүгдэгч О.Э нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 16-наас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд иргэн Э.Халиунаагаас газрын гэрчилгээ гаргаж өгнө гэх нэрийдлээр 7.300.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж авч, нийт 7.300.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Халиунаагаас ажлыг нь бүтээж өгнө гэж хэлээд  мөнгө авсан нь үнэн. Гэмт хэрэг болсонд харамсалтай байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 1.400.000 төгрөгийг нөхөн төлсөн. Үлдэх 5.900.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би хөдөлмөрийн чадвар алдсан гээд группд байдаг” гэв.

Хохирогч Э.Халиунаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрсдийн амьдарч байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж газрын албаар зөндөө явсан. Э ахтай найзаар нь дамжуулж танилцсан. Газрын албанд таньдаг хүн байдаг гэрчилгээг гаргуулж өгч чадна гэхээр нь хүнээс мөнгө зээлж түүнд өгсөн. Түүнд нийт 7.300.000 төгрөгийг өгсөн бөгөөд гэрчилгээ гаргаж өгнө гээд удаад байхаар нь бичиг баримтуудаа авч Баянзүрх дүүргийн газрын албанд очоод газрын талаар гэрчилгээ гаргуулах нэг ч материал өгөөгүй байна гэсэн хариу гарахаар нь залилуулснаа мэдсэн. Э надад 1.400.000 төгрөгийг өгсөн, үлдэх 5.900.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Э.Халиунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О.Э гэх хүнтэй танилууд болсноос хойш 2-3 хоногийн дараа найз Баттулгаас Э гэх хүний утасны дугаарыг нь асууж аваад утсаар холбогдоод “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт газар өмчлөх гэрчилгээ гаргуулж өгч чадах уу” гэж асуухад “уулзаж байгаад ярилцъя” гээд уулзахаар болоод 4-5 цагийн дараа 11 дүгээр хороололд намайг гоо сайхны газар байхад гадаа нь ирчихлээ гэхээр нь гарж очиж уулзахад гадаа машинтайгаа ирчихсэн дотор нь өөрийн эхнэрийн хамт явж байсан юм. Тэгээд би машин дотор нь орж уулзаад Э гэх хүнд Баянзүрх товчооны газрын  зургийг харуулаад дүү Хангайгийн эзэмшлийн газартай ойр зэргэлдээ газар өмчлөх гэрчилгээ гаргуулж авъя гэхэд таньдаг хүнээсээ асуугаад маргааш хариу хэлнэ гээд Э нь миний үзүүлсэн ноорог зургийг аваад явсан. Маргааш өдөр нь Этай утсаар ярихад миний үзүүлсэн газарт гэрчилгээ гаргаж болно гэж хэлсэн тул Баянзүрх дүүргийн ойролцоо уулзсан тэгэхэд бичиг баримт бүрдүүлээд ир гэрчилгээ гарах хүртэл шаардагдах мөнгө нийт 2,000,000 төгрөгийг хэрэгтэй гэж хэлсэн тэгээд би мөнгө хайж байгаад эгч Үзэсгэлэнгээс 2,000,000 төгрөгийг зээлж аваад 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн буудал дээр байдаг Уушийн газар нэртэй цайны газарт Этай уулзсан тэгэхэд Э нь өөрийн эхнэр Саруул гэх эмэгтэйтэй хамт ирээд 2,000,000 төгрөгийг бэлнээр аваад эргээд утсаар холбогдоно гэж хэлээд салцгаасан. Тэр үед газрын гэрчилгээ 30-45 хоногийн дараа гардаг гэж хэлж байсан тул миний зүгээс хүлээцтэй хандсан. Хүлээх хугацаанд кадастрын зураг хийлгэнэ, шүүхээр орно гэх мэтчилэнгээр ярьж мөнгө авдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай газрын асуудал шүүхээр орно гээд 300,000 төгрөг хэрэгтэй гэсэн тул бэр Ариунцэцэгээс 300,000 төгрөгийг зээлж аваад Эын ээжийн данс руу Халиунаа гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Мөн тэгээд манай эгч Үзэсгэлэнгийн Баянзүрх дүүрэг Гачууртад байрлалтай 5 айлын газарт өмчлөл гаргаж өгч чадна гэхээр нь ээж Мандалаас 5,000,000 төгрөгийг зээлж аваад 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Комьпютер ланд төвийн ойролцоо явж байгаад өөрийн танил Буяндалай ахын данснаас 5,000,000 төгрөгийг Эын ээж Ш.Мөнхтуяа гэх хүний 5006036092 дугаартай данс руу Халиунаа гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Ингээд нийтдээ хажууд байсан гэрчтэй бөгөөд дансны хуулгаар нотлогдож байгаа 7.300.000 төгрөгийг Э гэх хүнд залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандсан. О.Э гэрчилгээ гаргаж өгнө гээд удаад байхаар нь 2020 оны 02 дугаар сард бичиг баримтуудаа авч Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж уулзахад Баянзүрх дүүргийн газрын албанд Баянзүрхийн товчоо болон Гачууртад байрлалтай газруудын гэрчилгээ гаргуулах нэг ч материал өргөдөл ирээгүй гэсэн хариу надад өгсөн. О.Э ч утсаа авахгүй болиод уулзахгүй болсон тул залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11/,

Гэрч Г.Мандлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 7-133б тоотын хажуу талын баруун хашааны газар нь өөр хүний эзэмшилд байдаг. Иймд манай охин Халиунаа нь өөрийн таньдаг хүнээр газрын гэрчилгээ гаргуулна гэж надаас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлж авч Хаан банкны 5006036092 тоот данс руу шилжүүлсэн. Би уг 5,000,000 төгрөгийг тэтгэврийн зээлж авч байж бүрдүүлж өгсөн...Халиунаад бусдад зээлээд байх мөнгөний эх үүсвэр ч байхгүй...манай хашаанд ноднин намар кадастр хийлгэж байна гэж ирсэн байсан. Би гэрийн гадна ирсэн байхыг нь харсан. Түүнээс өөрөөр нүүр тулж уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч М.Ариунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ намайг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байхад Халиунаа эгч дуудаад 300,000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Тухайн үед Халиунаа эгч хашааны гадна талд нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд би тэр эрэгтэй хүнээс дансыг нь асуугаад Хаан банкны 5006036092 /Мөнхтуяа/ гэсэн данс руу Мобайл банкаа гүйлгээний утга дээр нь Халиунаа гэж бичээд шилжүүлсэн...Халиунаа эгч огт мөнгө зээлэх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Яллагдагч О.Эрдэнбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн хэргийн дугаартай прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Халиунаагаас нийт 7.300.000 төгрөгийг авсан. Үүнээс 400.000 төгрөгөөр буцааж өгсөн. Би нурууны хүнд хагалгаанд орсны улмаас Халиунаагийн 7.300.000 төгрөгийг төлж чадалгүй удаасан. Одоо миний хувьд хөлөөрөө явж чаддаггүй, гүйцэт саажилттай, сахарын архаг өвчтэй. Үүний улмаас хүний байнгын асаргаанд байдаг, өөртөө үйлчлэх чадваргүй. Иймд миний өвчний байдлыг харгалзаж хэргийг боломжит хувилбараар шийдэж өгнө үү. Миний хувьд Халиунаагийн хохирол төлбөрийг хувааж байгаад төлж дуусгана...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хохирогч Э.Халиунаагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэгдэл /хх-ийн 28-29/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-32/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Э нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 16-наас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд иргэн Э.Халиунаагаас газрын гэрчилгээ гаргаж өгнө гэх нэрийдлээр 7.300.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж авч, нийт 7.300.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь

Хохирогч Э.Халиунаагийн: “...Э гэх хүнд Баянзүрх товчооны газрын  зургийг харуулаад дүү Хангайгийн эзэмшлийн газартай ойр зэргэлдээ газар өмчлөх гэрчилгээ гаргуулж авъя гэхэд таньдаг хүнээсээ асуугаад маргааш хариу хэлнэ гээд Э нь миний үзүүлсэн ноорог зургийг аваад явсан. ...Ингээд нийтдээ хажууд байсан гэрчтэй бөгөөд дансны хуулгаар нотлогдож байгаа 7.300.000 төгрөгийг Э гэх хүнд залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандсан. О.Э гэрчилгээ гаргаж өгнө гээд удаад байхаар нь 2020 оны 02 дугаар сард бичиг баримтуудаа авч Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж уулзахад Баянзүрх дүүргийн газрын албанд Баянзүрхийн товчоо болон Гачууртад байрлалтай газруудын гэрчилгээ гаргуулах нэг ч материал өргөдөл ирээгүй гэсэн хариу надад өгсөн. О.Э ч утсаа авахгүй болиод уулзахгүй болсон тул залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Эыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Э гэмт хэргийн улмаас бусдад нийт 7.300.000 төгрөгийн хохирол учруулсан ба сайн дураар 1.400.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэх 5.900.000 төгрөгийг хохирогч Э.Халиунаад нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Э нь хохирлын зарим хэсгийг нөхөн төлж үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч О.Эад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч О.Эын эрүүл мэндийн байдал, цалин орлого зэргийг харгалзан шүүхээс оногдуулах торгуулийн ялыг хуульд заасны дагуу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Эыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Эыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Эад шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Эаас нийт 5.900.000 /таван сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Халиунаад олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР