Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2017/03354/И |
Дугаар | 001/ХТ2018/01337 |
Огноо | 2018-10-05 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/01337
“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00069 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 895 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 1 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 550 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“В” ХХК нь “Т” ХХК-ийн маркетингийн менежер Ш.Доржхандтай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр утсаар холбогдон 6000 ширхэг брошурыг нэг нэгжийн үнийг 500 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэх “В” ХХК нь үнэ хөлсөд 3 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон.
Ингээд Ш.Доржхандыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр оффис дээрээ дуудан уулзаж өмнө нь хийлгэсэн эх бэлтгэлээ өгч явуулан тэрхүү эх бэлтгэлийн дагуу тухайн үед хийж өгсөн цаасаар, өнгө загварын хувьд яг ижилхэн хийлгэхээр тохиролцож урьдчилгаа болгож 1 450 000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг бүх брошураа хүлээн авсны дараа төлөхөөр төлбөрийн баримтан дээр гарын үсэг зуруулсан. Гэтэл “Т” ХХК нь тохирсон хугацаандаа бус хугацаа хэтрүүлэн брошураа авч ирж анх тохирсон цааснаас өөр цаасаар хийж, тоо ширхэг дутуу анх тохирсон эх бэлтгэлээс өөрөөр хийж авч ирснийг бид хүлээж аваагүй бөгөөд гарын үсэг зураагүй.
“Т” ХХК-тай холбогдон бид эд хөрөнгийн доголдолтой зүйлийг хүлээж авах боломжгүй байна гэж хэлэхэд өмнөх цаас нь байгаагүй учир та нарт мэдэгдэлгүй өөр цаасаар хийсэн юм гэж хэлээд утсаар ярих боломж олгоогүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг үндэслэн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан бөгөөд мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн хуулийн 355.1-д зааснаар шаардаж байна.
Иймд “Т” ХХК-иас 1 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Хэргийн материалд 170 гэсэн зүйл байхгүй. 150 граммын цаас гэж захирал нь өөрөө баталсан. 410 төгрөгөөр брошурыг авах талаар огт яригдаагүй. Захирлынх нь баталсан 150 гр цаасан дээр хэвлэсэн. Ажлын 3 хоногт багтааж хийж өгөх байснаас амралтын өдөр таараад 1 дэх өдөр нь аваачиж өгсөн. Ер нь төлбөрөө төлөхгүй гэсэн санаа л яваад байна. Дутуу 30 ширхэг нь хайрцаглахдаа дутуу хийсэн байх. 6000 ширхэг брошур гэдэг нь эдний 1 жилийн хэрэгцээ гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Манай компани хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “В” ХХК-тай харилцан тохиролцож 6000 ширхэг боршурыг нэг бүрийн үнийг 500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож уг ажлыг хугацаанд нь хийж нийлүүлсэн билээ. Гэрээний нийт үнийн дүн 3 000 000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа төлбөрт 1 450 000 төгрөгийг шилжүүлж авсан. Одоо үлдэгдэл төлбөр 1 550 000 төгрөг дутуу байгаа. Манай байгууллага талуудын тохиролцсон ёсоор 6000 ширхэг боршурыг зохих ёсоор хугацаанд нь хийж нийлүүлсэн бөгөөд “В” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан хугацаа хэтрүүлж тохирсоноос өөр цаасаар хийсэн, мөн анхны эх бэлтгэлээс өөрөөр дутуу хийж гүйцэтгэсэн зүйл огт байхгүй. Бид анх тохиролцсон 157 граммын матт цаасаар боршурыг хийж гүйцэтгэсэн, мөн 6000 ширхэгийг тоо ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед тоо ширхэг дутуу байсан талаар ямар нэгэн маргаан гараагүй юм. Гэтэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүйн тулд ямар ч үндэслэлгүй шалтаг шалтгаанаар урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардсан байна. Манай компанийн хувьд гэрээгээр тохиролцсон ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөр болох 1 550 000 төгрөгийг шаардах эрхтэй юм.
Иймд “В” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Т” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ дурдахдаа брошурыг тоо ширхэгээр нь чанарын шаардлага хангахуйц байдлаар хүлээлгэн өгсөн гэж дурдсан байдаг. Гэтэл “Т” ХХК-ийн хийж ирүүлсэн брошур нь чанарын шаардлага хангаагүйгээс гадна тоо ширхэг дутуу брошур байсан тул манай байгууллагын зүгээс хүлээж аваагүй юм.
Иймд “Т” ХХК нь хийж гүйцэтгэх ажлын хөлсөө шаардах эрхгүй юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00069 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 1 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Волд кореа ХХК-д олгож, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ВХХК-иас 1 550 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “ВХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 150 төгрөгийг, хариуцагч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 895 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Т” ХХК-иас 1 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ВХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-иас 1 535 000 төгрөг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В" ХХК-д олгосугай” гэснийг “нэхэмжлэгч “В" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 39 510 төгрөг гаргуулж хариуцагч “В” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй учраас талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдах шаардлагагүй юм. Хавтас хэрэгт авагдсан хэргийн гол баримт болох 2 ширхэг тараах материал бүхий брошур, хариуцагчийн анхан шатны шүүх хурал дээр гаргасан тайлбар, “Т” ХХК-ийн бараа хүлээлгэж өгсөн баримт зэрэгт дүгнэлт хийж үнэлээгүй байна. Тухайлбал хавтас хэрэгт авагдсан эхний брошур бол “Т” ХХК-иар өмнө нь хийлгэж байсан эх бэлтгэлийн брошур юм. Тэрхүү брошурын дагуу хийхээр тохиролцсон нь талуудын хооронд брошурыг хэрхэн яаж хийх талаар тохиролцсоныг илтгэж байна. Ийнхүү “В” ХХК эх бэлтгэлийн дагуу хийхээр захиалга өгсөн хэдий ч хариуцагч нь хавтас хэрэгт авагдсан 2 дахь брошурыг хийж гүйцэтгэсэн нь анх тохиролцсон эх бэлтгэлээс өөрөөр хийж гүйцэтгэсэн нь эд хөрөнгийн доголдолтой бараа хийж гүйцэтгэснийг нотлож байгаа юм. Ийнхүү доголдолтой бараа бүтээгдэхүүн хийж гүйцэтгэсэн учир “В” ХХК нь бараа хүлээлгэх баримтан дээр хүлээж авах боломжгүй учир гарын үсэг зурж хүлээж аваагүй байдаг. Энэхүү бараа хүлээж аваагүй баримтыг ч бас давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж тал бүрээс хэргийг судлаж, хэргийн гол баримтуудыг үнэлээгүй тул гомдолтой байна.
Нэхэмжлэгч зөвхөн цаасны хэмжээн дээр маргаагүй хариуцагч нь гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж ажил гүйцэтгэсэн, өнгө чанарын хувьд анх тохиролцсоноос өөрөөр доголдолтой хийж гүйцэтгэсэн, цаасны хэмжээ нимгэрсэн, анх тохиролцсон тоо ширхэгээс дутуу хийж гүйцэтгэсэн зэрэг нь гүйцэтгэгч нь доголдолтой ажлын үр дүнг хүлээлгэж өгсөнд маргаж байгаад давж заалдах шатны шүүх оновчтой дүгнэлт гаргаж чадаагүйгээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны гараагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 353 дугаар зүйлийн 353.2 дахь заалтыг тус тус үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа учир хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Иймээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах шаардлагатай гэж үзлээ.
Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах, урьдчилгаа төлбөрт төлсөн 1 450 000 төгрөг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Т” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна гүйцэтгэсэн ажлын хөлс шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Т” ХХК-иар өөрийн компанийн танилцуулга бүхий товхимол 6 000 ширхэгийг 3 000 000 төгрөгөөр хэвлүүлэхээр захиалга өгч, талууд амаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч “ВХХК нь хариуцагч “Т” ХХК-ийг урьдчилгаа хөлсөд 1 450 000 төгрөг авсан боловч ажлаа тохирсон хугацаанд гүйцэтгээгүй, хугацаа хожимдуулсан, товхимолыг анх тохирсоноос өөр цаасан дээр хэвлэсэн, анх тохирсон эх бэлтгэлээс өөрөөр хийсэн, тоо ширхэг дутуу ирүүлсэн учир ажлын үр дүнг хүлээж аваагүй гэжээ.
Хариуцагч “Т” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгч “В” ХХК ажлын үр дүнг хүлээж авахгүй, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа гэж тайлбарласан байна.
Хэрэгт талуудын тохиролцсон товхимолын эх хувь авагдсан боловч бэлэн болж хэвлэгдсэн хувилбар авагдаагүй учир ажлын үр дүнгийн чанарын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Түүнчлэн бэлэн болсон товхимолуудыг нэхэмжлэгч тал хүлээж аваагүй гэх боловч тэдгээр нь “В” ХХК-ийн байранд байгаа, “Т” ХХК тэнд орхиж явсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тодорхой бус байна.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үздэг. Хэрэгт авагдсан баримтаас ажлын үр дүнгийн биет байдлын доголдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байхад шүүх эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг баримтлан үндсэн нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх мөн хуулийн заалтад заасан шаардах эрхийг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, маргааны үйл баримтын талаар ялгаатай дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүйтэй холбоотойгоос гадна гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд талуудын нотолгооны үүргийг шүүх үндэслэл бүхий тодорхойлоогүйтэй холбоотой гэж үзэхээр байна.
Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал нь ажил гүйцэтгэгчийг ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гүйцэтгэсэн, хугацаа хожимдуулсан гэж буруутгасан тохиолдолд ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлаа доголдолгүй болохыг, үүргээ хугацаандаа биелүүлсэнээ нотлох учиртай. Ажил гүйцэтгэгч захиалагчийг ажлын үр дүнг хүлээж аваагүй, улмаар хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан тохиолдолд захиалагч тал нь хөлс төлсөн, эсхүл төлөх үндэслэл үүсээгүй буюу ажлын үр дүнг хүлээн аваагүй болохоо нотлох үүрэгтэй. “Гэм буруугүйгээ нотлох” үүргийн эрх зүйн харилцааны онцлог нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох хэргийн оролцогчийн үүргийг үгүйсгэхгүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох маргааны нэг үйл баримтыг өөр өөр өнцгөөс, эрх зүйн хувьд алдаатай дүгнэснийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх залруулах, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэх боломжгүй учир шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хэргийн оролцогчийг ташаа бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00069 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 895 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 38 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН