Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0382

 

    

"АВЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       захиргааны хэргийн тухай

 

                  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсан төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч: “АВЖЭ” ХХК,

Хариуцагч: НЗД

 

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин,

Хэргийн индекс: 128/2021/0735/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “АВЖЭ” ХХК нь НЗД-д холбогдуулан НЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан “НЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “АВЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... 2015, 2016, 2017 онд барилга барихтай холбоотой бичиг баримтын бүрдэл хангуулж архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулж, барилгын зураг төслөө батлуулж, магадлал хийлгэж, төхникийн нөхцөлүүд авч, барилгын ажлын зөвшөөрөл авсан ч 2018, 2019 онуудад барилгын ажил гүйцэтгэж эхлээгүй, энэ хугацаанд барилгын ажил хийгдээгүйд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үл баримт тогтоогдсонгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Учир нь нэхэмжлэгч нь гэрээ болон гэрчилгээгээр эзэмшиж буй газартаа Барилгын ажлын зөвшөөрлийн 1 гэрчилгээг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэршлээр/ холбогдох журмын дагуу гаргуулан авсан. Үүний дараагаар барилгын ажлын бэлтгэл ажил нэхэмжлэгчээс үл хамаарах буюу барилгын угсралтын ажил гүйцэтгэгч компаниас шалтгаалан удааширсан тул бид “Хот байгуулалт хөгжлийн газарт” хүсэлтээ гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Барилгын ажлын бэлтгэл ажил хийгдэж байгаа” буюу барилга угсралтын ажлын гэрээг сунгасан үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

3.3. Тодруулбал “Хот байгуулалт, хөгжлийн газар” нь барилгын зөвшөөрөл, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага байх эрхэм зорилготой НЗД-ын - хэрэгжүүлэгч агентлаг юм. Хариуцагчийн ажлын албаны нэг хэсэг болох Хот байгуулалт хөгжлийн газраас Барилгын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу барилгын ажлын зөвшөөрлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сунгаж шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасны дагуу хугацааг дээр дурьдсаны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа сунгагдсан өдрөөс эхлэн тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

3.4. Мөн барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохоор гэрчилгээнд тусгасан буюу уг зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох НЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дугаар захирамжийг гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрсөн үйл баримт байхад түүнд дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

3.5. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгагдсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өвлийн улирал буюу барилгын ажил хийж гүйцэтгэх боломжгүй цаг үе байсан. Барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад 2020 оны 4 дүгээр сар буюу барилгын ажлыг хийж гүйцэтгэж эхлэх дулааны улирлыг хүлээж байх зуур Монгол Улс төдийгүй Ковид-19 цар тахлын гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бий болсон.

3.6. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгчид олгосон “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-нд уг нөхцөл байдлын хугацааг тодорхойлохдоо “Энэхүү гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь дэлхий нийтэд дэгдээд буй Ковид-19 буюу коронавирусийн цар тахлын хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тусгасан.

3.7. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” тогтоолын 1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсугай” гэж заасны дагуу Монгол улсад тогтоосон коронавирус цар тахлын хорио цуцлагдсан.

3.8. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон “ажил гүйцэтгэх гэрээний биелэлтэд талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлах арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл учирсан” болохыг нотолсон гэрчилгээнд заасан цар тахлын үеийн хөл хорио, хязгаарлалтын дэглэмээс шалтгаалсан барилгын ажил гүйцэтгэх боломжгүй хүндэтгэх үзэх шалтгаанд хамаарах хугацаа нь 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын 08-ныг хүртэл байна” гэж дүгнэсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.9. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид учирсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хугацааг тооцохдоо нотлох баримтад заасан хугацааг үнэлээгүй буюу уг хугацааг өөрийн үзэмжээр тогтоож, маргаан бүхий захиргааны актыг гаргасан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө нь буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

3.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2018, 2019 онд барилгын ажил гүйцэтгэж эхлээгүй, энэ хугацаанд барилгын ажил хийгдээгүйд нэхэмжпэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үйл баримт тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт “хуанлийн бүтэн 2 жилийн дотор ашиглаагүй” гэж заасантай, мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэгт “Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно” гэж заасантай, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасныг тус тус зөрчсөн.

3.11. Тодруулбал нэхэмжлэгчийг 2018, 2019 онд барилгын ажлыг гүйцэтгэж эхлээгүй гэж дүгнэсэн буюу дээр дурьдсан хуулиудад заасан цаг хугацааг тоолохдоо он, сар, өдрөөс тоолох буюу 2018 оны хэдэн сарын хэд дэх өдрөөс 2019 оны хэдэн сарын хэдний өдөр хүртэлх хугацааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу 730 хоног дараалан ашиглаагүй” гэсэнд хамааруулж байгаагаа тодорхойлоогүй байна.

3.12. Мөн нэхэмжлэгч “АВЖЭ” ХХК болон барилгын ажлын гүйцэтгэгч Түрүүгарав ХХК нарын зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт “... 2018 онд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унасан, бороо хур, үертэй байснаас барилгын угсралтын ажлыг эхлэх хугацааг энэхүү нэмэлт гэрээний хавсралтад заасан хугацаагаар сунгахаар тохиролцов” гэж тусгасан. 2018 онд бороо хур, үер ихтэй байснаас барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байсныг Хот байгуулалт, хөгжлийн газраас хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх хугацааг сунгаж шийдвэрлэсэн үйл баримтыг дүгнээгүй.

3.13. Нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт “... Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүй хугацаа алдсан” гэж заасан, түүнчлэн олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас ихтэй, үертэй байсны улмаас барилгын газар шороо, суурийн ажлын зардал 25 хувь өсөх болсонтой холбоотойгоор гүйцэтгэгч нь барилгын суурийн ажлыг удаашруулсан нь барилгын ажлыг эхлүүлэх хугацаа сунгах болсон үндэслэлүүдийн нэг юм.

3.14. Үүнтэй холбоотой Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04768 дугаар захирамжийг нотлох баримтаар өгсөн боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үнэлээгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийн 2018, 2019 онуудад барилгын ажлыг эхлүүлээгүй, түүнээс үл шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулаагүй. Мөн 2018, 2019 онуудад барилгын ажлыг эхлүүлэх хугацаа нь хуанлийн бүтэн 2 жил болсон эсэхийг нарийвчлан тогтоогоогүй.

3.15. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь хэсэгт “барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг” хэлнэ гэж хуульчилсан. Барилгын тухай хуулийн энэ зохицуулалтаас харахад нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулан авсан үйл ажиллагаа нь газраа зориулалтын дагуу ашиглах буюу барилгын үйл ажиллагааны нэг хэсэгт хамаарч байгаад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

3.16. Өөрөөр хэлбэл барилгын үйл ажиллагаа нь зөвхөн барилга барьж эхлэхээс гадна түүний өмнө хийгдэх бэлтгэл үйл ажиллагаа болох зураг төсөл, баримт бичиг боловсруулах, цуглуулах, нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй холбогдох гэрээ хэлцлийг байгуулах зэрэг үйл ажиллагаа хамаарч байхад энэ бодит байдлыг үнэлээгүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Энэхүү “АВЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 19094 дугаартай захирамж гарсан.

4.2. Уг захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хянан хэлэлцээд гаргасан ба хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус маргаан бүхий газрыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийтийн эзэмшилд авсан тогтоол байгаа талаар дурдсан.

4.3. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзалд “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан бол уг хүсэлт шаардлагатай юу, үгүй юу, мөн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэх болно. Иймд уг хүсэлтэд хамаарах нотлох баримтыг гаргуулах шаардлагатай гэж үзэж байна” гэж тусгагдсан.

4.4. Шүүхээс маргаан бүхий Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 4551 м.кв газрыг нийтийн эзэмшилд авсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байсан.

4.5. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй маргаан бүхий захиргааны акт болох НЗД-ын - 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дугаар захирамж гарах болсон үндэслэл нь захирамжид дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, эсхүл хариуцагчийн төлөөлөгчийн дурдаад буй маргаан бүхий Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 4551 м.кв газрыг нийтийн эзэмшилд авсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байсан эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай.

4.6. Энэхүү Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан эсэхийг тогтоолгүйгээр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

4.7. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны актын биелэлтийг түдгүүлэхээр гаргасан хүсэлтдээ “Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тус газар дээр барилга бариулахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон бусад хүмүүсээс, мөн тэдний цахим хаяг дахь мэдээллээс олж мэдсэн” болохоо дурджээ. Уг хүсэлтдээ Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгч П.М-ийн цахим хуудас дахь мэдээллийг хавсаргасан байна.

4.8. Анхан шатны шүүхээс дээрхи хүсэлтэд дурдагдсан мэдээлэл, баримтын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албыг гуравдагч этгээдээр оролцуулж, маргаан бүхий газарт ямар дуудлага худалдаа зарлагдсан, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тодруулах үүргээ биелүүлээгүй. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахад буюу маргаан бүхий захиргааны акт гарах болсон үндэслэлийг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх 2005 оны 243 дугаар захирамжаар Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн эзэмшиж байсан газраас нэхэмжлэгч “АВЖЭ” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар нэгж талбарын 18643309276189 дугаарт бүртгэгдсэн 4551 м.кв газрыг эзэмших эрхийг хэсэгчлэн 1 жил, 1 сарын хугацаатайгаар шилжүүлэн авч, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/798 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байх бөгөөд мөн НЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.1. Нэхэмжлэгч “АВЖЭ” ХХК нь НЗД-ын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүлээн авч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, газар эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн ... Тухайлбал, “Лэнд тест” ХХК-аар биеийн тамир спортын цогцолбор барилгын талбайн инженер, геологийн судалгааны дүгнэлтийг гаргуулж гүйцэтгүүлсэн, биеийн тамир спортын чийрэгжүүлэлтийн цогцолбор барилгын эскиз буюу эх загвар зургийг “Конконсалтинг” ХХК-иар гүйцэтгүүлж, Улаанбаатар хотын ерөнхий архитектораар журмын дагуу батлуулсан, ... цогцолбор барилгын архитектур телевлөлтийн даалгавар батлуулсан, ... магадлалын ерөнхий дүгнэлт, ...  барилгын ажлын зураг батлуулсан, Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай актыг үйлдэж, Нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн, холбогдох газруудаас цахилгаан, ус, харилцаа холбооны техникийн нөхцлүүдийг гаргуулсан ... 2017 онд техникийн нөхцөлүүдээ авсан боловч барилгын ажлын дотоод зураг төслүүд нь удаашралтай байсан ... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2019 онд авч, 2021 оны 12 дугаар сар хүртэл сунгуулсан байсан ... сунгуулах үед ажил гүйцэтгэгч “Түрүүгарав” ХХК-тай гэрээний маргаан үүссэнээс үйл ажиллагаа явагдаагүй ... Монгол Улсад Ковид-19 цар тахал гарч, 2020 оны 03 дугаар сараас эхлэн хөл хорио тогтоосны улмаас хил гааль хаагдаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон,  давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсноор хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх хэсэгт барилгын ажил гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг ойлгохоор заасан бөгөөд газрыг ашиглаагүй гэдэг нь тогтоогдохгүй ... Ковид-19 цар тахал өвчин гарсантай холбогдуулан Засгийн газрын удаа дараагийн шийдвэрээр хөл хорио тогтоож, үүний улмаас форс мажор, давагдашгүй хүчин зүйл бий болсон ... тухайн газарт баригдах биеийн тамир, спорт цогцолборын загвар зураг, техникийн нөхцөлүүдийг хийж гүйцэтгэсэн буюу маргаан бүхий захиргааны акт гарахад барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болоогүй байсан …” гэж тайлбарлан маргасан байна.

3.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгохоор, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээнд заасан нөхцөл болзлын хүрээнд зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, харин газар эзэмшигч хуульд заасан хугацаанд газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд эрх бүхий этгээдээс түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.

3.3. Нэхэмжлэгч “АВЖЭ” ХХК нь анх 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар 4551 м.кв газар эзэмших эрхийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-аас шилжүүлэн эзэмшүүлэх талаар эрх авч, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/798 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгуулсан байх боловч анх газар эзэмших эрх үүссэн 2017 оноос хойш маргаан бүхий акт гарсан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд болон тус хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх цаг хугацаанд өөрийн эзэмшил газрыг зориулалтын дагуу буюу газар эзэмшүүлэх гэрчилгээнд заасан “биеийн тамир спорт”-ын зориулалтаар ашиглаагүй, уг зориулалтаар ямар нэгэн барилга байгууламж бариагүй, инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тайлбар, үндэслэл, хэрэгт өгч хавсаргасан баримтын хүрээнд шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

3.4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;”, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус заасан.

3.5. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... сонсох ажиллагааг бодитоор явуулаагүй ... мэдэгдлийг маргаан бүхий захирамж гарсны дараа гардаж авсан. Ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ажиллаагүй, шуудангийн хаягтаа байгаагүй ...” гэх гомдол, тайлбарыг гаргажээ.   

3.6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 4 дүгээр сарын 22-нд 02-02/2720 тоот, 2021 оны 4 дүгээр сарын 29-нд 02/06/2891 тоот албан бичгээр холбогдох тайлбар, нотлох баримт гаргах хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг тус тус бүртгэлтэй хаягаар нь шуудангаар хүргүүлсэн байх тул хариуцагчийг энэ талаарх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүйн дээр сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх нь дангаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн гарсан хариуцагчийн шийдвэрийг үгүйсгэх буюу нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснийг нотлох үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй юм.

3.7. Түүнчлэн хэрэгт авагдсан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн дүрэм”-ийн 6.1-т “компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Хурал байна”, 6.11-т “Дор дурдсан асуудлыг зөвхөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 6.11.5-д “Үндсэн хөрөнгө худалдах, худалдан авах”, 7.1-т “Компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна”, 8.1-т “Гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон ТУЗ-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 8.3-т “гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан байх бөгөөд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваагийн гарын үсэг бүхий 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15/04 дүгээр “АВЖЭ” ХХК нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах 4551 м.кв газарт үйлчилгээ, сургалттай олон нийтийн биеийн тамирын цогцолбор байгуулах хүсэлт гаргасан нь манай компанийн үйл ажиллагаа, зорилготой бүрэн нийцэж байгаа тул уг газрыг “АВЖЭ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй ...” гэх албан бичгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15/04 дүгээр тогтоол /дарга Т.Нямдаваа гарын үсэг зурж баталгаажуулсан/-ын 2-т “тус компанийн 5260.7 мкв газрыг “АВЖЭ” ХХК-д шилжүүлэхийг гүйцэтгэх захиралд Т.Нямдаваад зөвшөөрч” шийдвэрлэсэн байх боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн эзэмшил газраас 5260.7 мкв газрыг “АВЖЭ” ХХК-д шилжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх баримт нотолгоо авагдаагүй, хурлын тэмдэглэл уг газрыг тэмдэглэл зэрэг өөр бусад баримт авагдаагүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор “Нийслэлийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг хавсралтаар тогтоож” шийдвэрлэсэн нь нийтэд илэрхий байх бөгөөд уг тогтоолын хавсралтын Баянзүрх гэсэн хэсгийн 12-т “Туул голын хамгаалалтын бүс, үндэсний цэцэрлэгт хүрээлэн” 930 га” гэж  заасан байхад анх нэхэмжлэгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газраас шилжүүлэн эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэнтэй нь холбоотой үндэслэлийг нягтлан шалгаж энэ талаар маргаан бүхий шийдвэрт тусгагдаагүй байх тул анхан шатны шүүхийг эдгээр хэрэгт авагдсан баримт, нийтэд илэрхий үйл баримттай холбогдуулан дүгнэлт хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

3.8. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд давж заалдах гомдлоосоо татгалзах эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаангаас өмнө гомдлоосоо татгалзсан талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг гомдол гаргаагүйд тооцов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатыг гомдол гаргаагүйд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг тус тус баримтлан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ