Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1918

 

 

 

 

 

    2020        11         03                                  2020/ШЦТ/1918

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2666 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Н, 1978 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Байгууламжийн менежментийн албанд сантехникийн слесарь ажилтай, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Разно Импекс гудамж, 30-р байр, 12 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, ам бүл 1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Цогтбаяртай маргалдан улмаар зүүн чихнээс нь хазах, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Д.Цогтбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагт Монгол-Япон эмнэлэгт хяналтын оператороор ажилдаа гарсан. Тэгээд ажил дээрээ байж байтал 21 цаг 10 минут болж байхад манай эмнэлэгт сантехникч хийдэг Н гаднаас халамцуу орж ирсэн. ...тэгээд Н “Лувсангомбоор Намсрайгийн машиныг бариул” гээд байхаар нь би “Болохгүй” гэсэн. Тэгтэл Н над руу дайраад миний зүүн талын чихнээс хазаад, мөн миний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгж байтал Лувсангомбо бид хоёрыг салгасан. Би босож ирээд чихээ хартал миний зүүн чихний үзүүрийг тас хазсан байсан. ...би Наас эмчилгээний зардалд 3.250.000 төгрөгийг өөрийнхөө 5022422126 тоот дансаар хүлээн авсан...надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-14/,

Гэрч Г.Намсрай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хяналтын өрөөнд орж ирэхэд тэнд сантехникч Н, оператор Цогтбаяр хоёр маргалдчихсан, Цогтбаярын баруун талын хөмсөгний дээд хэсгээс цус гарчихсан байхаар нь би тэр хоёрыг салгаад, Цогтбаярыг дагуулж нойл ороод, цусыг нь угааж өгсөн. Тэгсэн чинь тэр үед Цогтбаяр надад “Зүүн чихнээс цус гараад байна” гэхээр нь харсан чинь зүүн чихнийх нь омогны хэсгийн мах нь сэтэрсэн байдалтай цус гараад байсан. Цогтбаяр гарсан цусаа угаачихаад буцаж ороод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цогтбаяр бид хоёр ууж сууж байгаад даргад хэн хэл хүргэж, матаж байгаа талаар маргалдсан. Нэг мэдсэн чинь Цогбаярын зүүн талын чихнээс цус гарчихсан, Цогтбаяр чихээ барьчихсан “ Чи чих хазчихлаа ш дээ” гэж хэлсэн. ...би Цогтбаярт эмчилгээний зардал гэж 10 дугаар сарын 16-ны өдөр 1.250.000 төгрөг, 10-р сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөг, 10-р сарын 20-ны өдөр 3.250.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11756 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Д.Цогтбаярын биед баруун хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, хазах үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

Бадрах овогтой Нын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Цогтбаяртай маргалдан улмаар зүүн чихнээс нь хазах, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Д.Цогтбаярын: “...өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагт Монгол-Япон эмнэлэгт хяналтын оператороор ажилдаа гарсан. Тэгээд ажил дээрээ байж байтал 21 цаг 10 минут болж байхад манай эмнэлэгт сантехникч хийдэг Н гаднаас халамцуу орж ирсэн. ...тэгээд Н “Лувсангомбоор Намсрайгийн машиныг бариул” гээд байхаар нь би “Болохгүй” гэсэн. Тэгтэл Н над руу дайраад миний зүүн талын чихнээс хазаад, мөн миний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгж байтал Лувсангомбо бид хоёрыг салгасан. Би босож ирээд чихээ хартал миний зүүн чихний үзүүрийг тас хазсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Намсрайгийн: “...хяналтын өрөөнд орж ирэхэд тэнд сантехникч Н, оператор Цогтбаяр хоёр маргалдчихсан, Цогтбаярын баруун талын хөмсөгний дээд хэсгээс цус гарчихсан байхаар нь би тэр хоёрыг салгаад, Цогтбаярыг дагуулж нойл ороод, цусыг нь угааж өгсөн. Тэгсэн чинь тэр үед Цогтбаяр надад “Зүүн чихнээс цус гараад байна” гэхээр нь харсан чинь зүүн чихнийх нь омогны хэсгийн мах нь сэтэрсэн байдалтай цус гараад байсан. Цогтбаяр гарсан цусаа угаачихаад буцаж ороод цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Цогтбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Нт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР