| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1849/Э |
| Дугаар | 1920 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1920
2020 11 03 2020/ШЦТ/1920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Д.Ариунжаргал,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03369 2417 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Б, 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 482-7 тоотод оршин суух, ,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байрны 26 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Түвшинзаяатай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар түүнийг дух хэсэгт нь 2-3 удаа өшиглөж, толгойн тус газарт нь 1-2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Т.Түвшинзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн үед гэр буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 32 дугаар байрны 26 тоот түрээсийн байранд хүүхэд Б.Есүй /1 ой 6 сартай/-ийн байж байсан чинь гаднаас Б.Б нь орж ирээд гэр утсаараа оролдоод сууж байсан чинь аав, ээж нь Б.Б рүү залгаад ярьсан чинь л гэнэт уурлаад над руу дайрч эхэлсэн. Улмаар миний дух хэсэг рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Одоо миний дух хавдаж шалбарсан, толгойн зүүн ар тал хэсгээр хавдсан, хөл шилбэ хэсгээр хөхрөлт үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч Б.Буяннэмэх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай бэр Т.Түвшинзаяа нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр залгаад /Б болохгүй байна, жаахан архи дарс уугаад байна/ гэхээр нь би хүү Б рүүгээ “давраад байгаарай новшоо” гээд мессеж бичсэн, миний утсыг авахгүй байсан Тэгээд тэр өдрөө үдээс хойш нь над руу Б залгахаар нь би чи амьдарч чадахгүй байна гээд загнаснаас хойш Б дахиж утсаа аваагүй, унтраагаад алга болсон. Тэгээд би бэр Т.Түвшинзаяа руу цагдаа дууд гэж хэлсэн. Б нь тэр өдрөөс хойш одоо ямар ч холбоогүй байгаа , хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэр болох Т.Түвшинзаяатай маргалдаж байгаад түүний нүүрэн хэсэгт 1-2 удаа гараараа цохиж хөлөөрөө мөн адил 2-3 удаа өшиглөсөн. Би эхнэртэйгээ хамт амьдарч байх хугацаандаа 2-3 удаа гар хүрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8803 дугаартай:
1. Т.Түвшинзаяагийн биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байрны 26 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Түвшинзаяатай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар түүнийг дух хэсэгт нь 2-3 удаа өшиглөж, толгойн тус газарт нь 1-2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Т.Түвшинзаяагийн: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн үед гэр буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 32 дугаар байрны 26 тоот түрээсийн байранд хүүхэд Б.Есүй /1 ой 6 сартай/-ийн байж байсан чинь гаднаас Б.Б нь орж ирээд гэр утсаараа оролдоод сууж байсан чинь аав, ээж нь Б.Б рүү залгаад ярьсан чинь л гэнэт уурлаад над руу дайрч эхэлсэн. Улмаар миний дух хэсэг рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Одоо миний дух хавдаж шалбарсан, толгойн зүүн ар тал хэсгээр хавдсан, хөл шилбэ хэсгээр хөхрөлт үүссэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Буяннэмэхийн: “...Манай бэр Т.Түвшинзаяа нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр залгаад Б болохгүй байна, жаахан архи дарс уугаад байна/ гэхээр нь би хүү Б рүүгээ “давраад байгаарай новшоо” гээд мессеж бичсэн, миний утсыг авахгүй байсан Тэгээд тэр өдрөө үдээс хойш нь над руу Б залгахаар нь би чи амьдарч чадахгүй байна гээд загнаснаас хойш Б дахиж утсаа аваагүй, унтраагаад алга болсон. Тэгээд би бэр Т.Түвшинзаяа руу цагдаа дууд гэж хэлсэн. Б нь тэр өдрөөс хойш одоо ямар ч холбоогүй байгаа , хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Бт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бөөс хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэм хорын хохирол нийт 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Түвшинзаяад олгохоор шийдвэрлэв. Мөн хохирогч Т.Түвшинзаяа нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санааатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Бт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бөөс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Т.Түвшинзаяад олгосугай.
6. Хохирогч Т.Түвшинзаяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР