Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1924

 

 

 

 

 

 

   2020        11          03                                  2020/ШЦТ/1924

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1693 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.У, 1980 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний 1 дүгээр бүсэд ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Ээж хайрхан 4-50 тоотод оршин суудаг, урьд 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 293 зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 812 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 200 цагийн үлдэгдэлтэй, ,

 

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхоны 25а байрны подвалд гэр бүлийн хамаарал хүн болох эхнэр П.Цэрэнпуламыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн шанаа, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, цээжний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү”  гэв.

Хохирогч П.Цэрэндулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр болох Б.У нь намайг гэртээ байж байхад гаднаас орж ирээд чи нууц амрагтай болсон гэсэн биз дээ гээд миний хамар болон толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгснээ шүүгээнд байсан хутга гаргаж ирээд намайг ална гэж багалзуурдаж авсан. Хөшгөөр толгой ороогоод битүүлж дараад байсан. Дараа нь мөнгө өг гэж түрүүвч авсан. Тэгснээ миний гар утсыг булааж аваад гэрээс гараад явсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

Яллагдагч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02:00 цагийн үед эхнэр П.Цэрэндуламын гэрийн гадна очоод найз Мягмарсүрэнг хүлээлгээд зогсож байгаад Цэрэндуламын гэрийн цонхоор харахад Цэрэндулам хүнтэй утсаар яриад удаагүй байхад нэг залуу гаднаас ирж гэрт нь ороод хувцсаа тайлахаар нь би хаалгыг нь цохиод надад хаалгаа тайлж өгөөгүй. Тэгэхээр нь би цаана очоод зогсож байхад Цэрэндулам гэрээсээ гарч ирээд намайг дуудсан. Тэгээд бид хоёр маргалдаад би Цэрэндуламын нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд дараа нь гэдэс хэвлий хэсэгт нь бас цохисон. Тэгээд тэндээс явсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тус дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг би П.Цэрэндуламд учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7111 дугаартай:

1. Д.Цэрэндуламын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн шанаа, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 12-13/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхоны 25а байрны подвалд гэр бүлийн хамаарал хүн болох эхнэр П.Цэрэнпуламыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн шанаа, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, цээжний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч П.Цэрэндуламын: “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр болох Б.У нь намайг гэртээ байж байхад гаднаас орж ирээд чи нууц амрагтай болсон гэсэн биз дээ гээд миний хамар болон толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгснээ шүүгээнд байсан хутга гаргаж ирээд намайг ална гэж багалзуурдаж авсан. Хөшгөөр толгой ороогоод битүүлж дараад байсан. Дараа нь мөнгө өг гэж түрүүвч авсан. Тэгснээ миний гар утсыг булааж аваад гэрээс гараад явсан...“ гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ут хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч П.Цэрэндулам нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Ут хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч нь урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 812 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байгаа бөгөөд шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Уыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Ут 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ут урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 812 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас биечлэн эдлээгүй үлдсэн 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн Б.Уын бүгд биечлэн эдлэх ялыг 700 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Уын урьд цагдан хоригдсон нийт 88 /наян найм/ хоногийн нэг өдрийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож буюу нийт 704 цагаар тооцож, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР