| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1871/Э |
| Дугаар | 1933 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1933
2020 11 04 2020/ШЦТ/1933
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт Б.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2587 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.О, 1975 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 22 дугаар байрны 65 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй / /,
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны 65 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам эцэг Б.Будхүүгийн баруун талын чихийг маажиж, зүүн гарын эрхий хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр би ороод Туулыг гэрээ цэвэрлэсэнгүй ямар муухай суудаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд Будхүүд хэлсэн гэр орноо цэвэрлэхгүй яадаг юм гэсэн чинь чи юу гээд байгаа юм бэ пизда гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би хэлсэн чи яахаараа дандаа эмэгтэй хүүхэдтэй байж пизда гэж ярьдаг юм гэтэл юу гээд хуцаад байгаа юм гээд над руу ирээд би жижиг сандал байсан, тэрүүгээр далайсан. Далайнгуут намайг дараад авсан. Тэгэнгүүт Мичид гээд 2 настай жаахан охин бид 2-ын хөлд дарагдаад унасан” гэв.
Хохирогч Б.Будхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны 65 тоотод манай эхнэр Туул хүүхдүүдийн хамтаар байж байсан. Би тухайн үед жижиг өрөөнд охин Мичидийг унтуулах гээд байж байсан чинь О гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд манай эхнэр Туул руу, чи гэр орноо цэвэрлэхгүй яасан юм гэж хэл амаар доромжлоод байсан ба урдаас нь Б.Туул, та архи уучихаад яагаад ингээд байдаг юм бэ, гэж хэлж байсан. Тэр үед би гарч ирсэн чинь О над руу, гэрт байгаа хүмүүсийг алчихна шүү гэх мэтээр хэрүүл хийгээд байж байсан чинь О над руу цохих гэж хүрээд ирэхээр нь би гараараа эрүү хэсэг рүү нь түлхээд өөрөөсөө холдуулах гэсэн чинь миний зүүн гарын эрхий хурууг хазсан. Тэгсэн чинь гаднаас Сэнгээ эмээ орж ирээд эхнэрийн хамт салгаад би гал тогооны өрөөнд ороод суусан юм. Би энэ асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэх мөн эмчилгээний мөнгө бусад төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,
Гэрч Б.Туул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О жижиг өрөөнд орж Будхүүтэй маргалдаад, сандал, ширээгээр цохисон ба хажууд байсан хүүхэд Мичидийг давхар цуг цохисон юм. Маргаан болсны дараа Будхүүгийн чихний ар талаас цус гоожиж байсан. Зүүн талын эрхий хуруу, долоовор хуруу орчимд О хазаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Яллагдагч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэр рүүгээ орсон чинь хүргэн Будхүү нь манай гэрийн жижиг өрөөнд хэвтэж байхаар нь би Будхүүг, чи хүүхдүүдээ “пизда” гэж хараадаг гэж хэлсэн чинь Будхүү юу хуцаад байгаа юм бэ гэж хэлээд босож ирээд бид хоёр маргалдаад, би газарт байсан сандал бариад далайгаад бид хоёр ноцолдож эхэлсэн, миний завьж руу хуруугаа хийгээд дарахаар нь би хазсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10810 дугаартай:
1. Б.Будхүүгийн биед зүүн сарвууны эрхий хуруунд шарх, зулгаралт, баруун чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн байгаа тул ямар зүйлийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. охирогч Б.Будхүүгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 3/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны 65 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам эцэг Б.Будхүүгийн баруун талын чихийг маажиж, зүүн гарын эрхий хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Б.Будхүүгийн: “...2020 оны 09 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны 65 тоотод ...О над руу, гэрт байгаа хүмүүсийг алчихна шүү гэх мэтээр хэрүүл хийгээд байж байсан чинь О над руу цохих гэж хүрээд ирэхээр нь би гараараа эрүү хэсэг хүү нь түлхээд өөрөөсөө холдуулах гэсэн чинь миний зүүн гарын эрхий хурууг хазсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Туулын: “...О жижиг өрөөнд орж Будхүүтэй маргалдаад, сандал, ширээгээр цохисон ба хажууд байсан хүүхэд Мичидийг давхар цуг цохисон юм. Маргаан болсны дараа Будхүүгийн чихний ар талаас цус гоожиж байсан. Зүүн талын эрхий хуруу, долоовор хуруу орчимд О хазаж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Будхүү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Б.От хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.От 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР