Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 514

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК, 

Хариуцагч: НЗД   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийг хүчингүй болгуулах, НЗД ар “Б ” ХХК-ийн 1386А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...тус компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хан-Уул дүүргийн 14-р хороо, Өлзийт хороололд элс, хайрга олборлох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 

Энэхүү ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх 2008 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 30 жилийн хугацаатай авсан бөгөөд өнөөдрийг хүртэл  хуулийн хүрээнд хугацаанд нь татвар хураамжаа байнга төлсөөр ирсэн болно. НЗД  бидэнд урьдчилан мэдэгдэлгүй 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжаараа  манай компанийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.1.3, 37.6 мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дах заалтыг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдсэн.

НЗД  уг захирамжийг гаргахдаа дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн байна.

Ашиглалтын үйл ажиллагаа огт явуулаагүй байхад Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” гэх үндэслэл гаргасан байдаг. 

Гэтэл манай компани 2008 оноос өнөөдрийг хүртэл эдийн засаг, санхүүгийн хямрал болон бусад шалтгааны улмаас огт үйл ажиллагаа явуулаагүй юм. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил илэрсэн тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу  газрын хэвлийг ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар  дуусгавар болгоно.” гэж заасан байтал НЗД  нь манай зөвшөөрлийг хүчингүй болгож  байгаа нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн. 

Манай тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аймаг, НЗД  нь тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг  тодорхой заана.” гэж заасан байхад манайд огт мэдэгдээгүй.

Манай компаний 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр НЗД д гаргасан гомдлын хариуг хуульд заасан хугацаанаас 57 хоног хэтрүүлсэн. Түүнчлэн дээрх гомдлын хариуг ирүүлэхдээ тухайн гомдлын агуулгад огт хамааралгүй буруу ташаа зүйлүүдийг дурдсан болно.

 2017 оноос хойш Монгол улсын Засгийн газар болон БНХАУ-ын хоорондын байгуулсан концессын гэрээгээр баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам баригдаж эхэлсэн байдаг. Гэтэл Зам, тээвэр, хот байгуулалтын яам нь гэрээний үүргийн дагуу зам чөлөөлөх асуудлыг бүрэн хариуцаж байх явцад Ашигт  малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас лавлагаа авалгүй зам барих ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон. Энэхүү ажлын хариуцлагагүй байдлаас болж манай компанид огт мэдэгдэлгүй тус компанийн эзэмшлийн 162 га газрыг бүхэлд нь дайран өнгөрүүлсэн учир манай компани цаашид нийт газар дээр ашигт малтмал олборлох ямар ч боломжгүй болсон.

 Цаашид манай компани нь ашигт малтмалтай холбоотой төрийн захиргааны байгууллагуудтай хууль, эрх зүйн харилцаанд орох ямар ч боломжгүй болсон тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  А/609 тоот захирамжийн 2 дугаар хавсралтад орсон “Б ” ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж, НЗД ар эрхийг сэргээлгэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Байгаль орчны газрын дарга Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...НЗД  “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийг үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай”  2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай  удирдамжийн дагуу хамтран хийсэн шалгалтаар тус аж ахуйн нэгжийн MV-****** дугаартай тусгай зөвшөөрөл нь “Газрын хэвлийн тухай” хууль зөрчсөнийг тогтоон дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуй нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан болно.

Мөн тус аж ахуй нэгжийн дээрх тусгай зөвшөөрөлтэй талбай нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа бөгөөд энэ талаарх нотолгоог Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас албан бичгээр манайд ирүүлсэн.

Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Иймд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “Б ” ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Б” ХХК –иас НЗД д холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 хавсралтад байх “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б ” ХХК-ийн МV-****** тусгай зөвшөөрлийг сэргээхийг НЗД д даалгах ” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар  Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газраас “Б ” ХХК-д олгосон МV-****** дугаартай  Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө эрх бүхий байгуулага олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй тул газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгожээ .

Нэхэмжлэгч компаниас  “... газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж заасан. 

Манайх анх 2008 оны 7 сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 хавсралтад байх “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү...”гэж нэхэмжлэлийн шаардлагаа түүний үндэслээ тодорхойлон шүүхэд ханджээ.

Харин хариуцагчаас “...ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор хяналт, шалгалт явуулсны үндсэн  дээр  “Б ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуульд заасан 3 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон. Тусгай зөвшөөрлийг олгосон байгуулага нь хүчингүй болгоно гэдэг нь үндэслэлгүй.БХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэг: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 хавсралтад байх “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Аймаг, НЗД  газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг, энэ хуулийн 7 дугаар зүйлийн 3-д “газрын хэвлийг ашиглах, хамгаалах ажилд хяналт шалгалт хийх; 4-т “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох; харин 21 дүгээр зүйлд “Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журмыг зохицуулсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн  захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж үзэхэд маргаан бүхий акт хууль ёсны болох нь тогтоогдсонгүй. 

Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан  зохицуулсан байх бөгөөд энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэжээ.

Хариуцагч НЗД  нэхэмжлэгчийн эрхэд халдаж буй маргаан бүхий А/609 дүгээр актыг гаргахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно”,  21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон”, 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” заасныг үндэслэл болгожээ.

Харин Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт “ Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж байгаагаас үзвэл нэхэмжлэгч “Б ” ХХК-д газрын хэвлий ашиглах тухай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газар хуульд эрх хэмжээний хүрээнд өөрийн олгосон МV-****** дугаартай  Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө хүчингүй болгох эрхтэй байна.

Түүнчлэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  4-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох өөр үндэслэлийг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоож болно” гэж, харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдийг нэрлэн заасан бөгөөд 35.1.3-т ”аймаг, НЗД  тусгай зөвшөөрлийг цуцалсан” тохиолдолд дуусгавар болохыг ойлгохоор байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн эзэмшиж буй  МV-****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй атлаа дуусгавар болгож шийдвэрлэсэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт гэж дүгнэхээр байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 хавсралтад байх “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: “Б ” ХХК-ийн МV-****** тусгай зөвшөөрлийг сэргээхийг НЗД д даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Шүүх шийдвэрийн үндэслэл хэсгийн нэгд маргаан бүхий актыг хууль бус гэж дүгнэн, түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоосон. 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар Ашигт малтмал газрын тосны газраас “Б ” ХХК-ийн эзэмшилд байх МV-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцласан шийдвэр гаргаагүй, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн , Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын мэдээллийн системд 2038 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа  болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл “Б ” ХХК-ийн МV-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн үндэслэл НЗД д байхгүй тул нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн МV-****** тусгай зөвшөөрлийг сэргээхийг НЗД д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК–иас НЗД д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 хавсралтад байх “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 хавсралтад байх “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,  “Б” ХХК-ийн МV-****** тусгай зөвшөөрлийг сэргээхийг НЗД д даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР