Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0383

 

                                                     Н.Б-ын нэхэмжлэлтэй,

       захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Я.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “Б сумын ЗД-ын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б -,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагч С.У ,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин,

Хэргийн индекс: 124/2021/0084/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б нь У - аймгийн Б - сумын Засаг даргад холбогдуулан “Б сумын ЗД-ын -2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.

2. У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, У аймгийн Б сумын ЗД-ын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, Н.Б-ыг У аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ ... Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон боловч нотлох баримтыг үнэлэхдээ буруу үнэлсэн байна. Тухайлбал Баруун туруун сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б -ыг ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэр гарсныг; нэхэмжлэгч Н.Б сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан захирамж гарсан болохыг 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрөө мэдсэн; ... захирал Н.Б-ыг ажлаас халсан болохыг 9 дүгээр сарын 27-ны өдөр сургуулийн нийт ажилчдад мэдэгдсэн; ... сургуулийн ажилтнууд Н.Б -од …. шийтгэлийг шат дараатай оногдуулах ёстой шийтгэл хатуудсан гэж үзэн эсэргүүцэхээр саналаа нэгтгэсэн, хамт олны төлөөлөл болох нэр бүхий 3 багш сумын Засаг даргатай уулзсан талаар үйл баримтыг тогтоож өгсөн.

3.2. ... нэхэмжлэгчийн “би санхүүгийн нөхцөл байдлаа тооцож үзээд ямар ч гэсэн нэг ажилтай байж байгаад шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн нь дээр гэж үзсэн” гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авсан байгаа юм. Эдгээр гэрч болон нэхэмжлэгчийн өөрийн мэдүүлэг, тайлбаруудыг шүүх нотлох баримт гэж үзэн үнэлэхдээ хариуцагч Засаг даргын өмнө нь гаргасан байсан Н.Б -од сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах шийдвэрийг өөрчлөх болсон шалтгаан нөхцлийг үнэлж дүгнээгүй байна.

3.3. Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Б-ын амьдралын нөхцөл байдлыг болон цаашид хөдөлмөр эрхлэхэд шууд нөлөөлж болох нөхцөл байдлыг харгалзан буюу түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, өмнө гаргасан шийдвэрээ өөрчилсөн гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Учир нь сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар тушаал хүчин төгөлдөр үлдсэн бол нэхэмжлэгч Н.Б - 1 жилийн хугацаанд төрийн албанд ажиллах боломжгүй байсан.

3.4. Түүний хүсэлтийг харгалзан үзээд Засаг дарга өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрчилж буюу Н.Б -ыг “төрийн албанаас халсан” Б/06 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Н.Б -ыг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлж улмаар сургуульдаа багшаар ажиллах эрхтэй болгон шийдвэрлэж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байгааг анхан шатны шүүх дүгнэсэнгүй.

3.5. Нэхэмжлэгч Н.Б - нь анхнаасаа Засаг даргыг хуурч мэхэлж, сахилгын шийтгэл ч үгүй захирлын албан тушаалдаа үлдэх гэсэн далд санаа агуулан “ажлаа хүлээлгэж өглөө гэх агуулгатай хүсэлт бичсэн” гэдэг нь өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан “... ямар ч гэсэн ажилтай үлдэж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн нь дээр гэж үзсэн ... ” гэх тайлбараас харагдана … тэрээр анхнаасаа төрийн байгууллага, албан тушаалтныг хуурч мэхлэх зорилгоор хүсэлт бичсэн, хэн ч түүнийг албадаагүй, хүч хэрэглээгүй гэдэг нь харагдаж байна.

3.6. Хэрэв Н.Б - ажлаас сахилгын шийтгэл хүлээж халагдах үндэслэлгүй гэж үзсэн бол ийм хүсэлт бичихгүй байх эрхтэй, тэр үндэслэлээрээ шүүхэд маргах эрхтэй байхад Засаг даргыг хуурч мэхлэх замаар өөрөө хүсэлт бичсэн үйл баримтанд шүүх дүгнэлт хийсэнгүй. Н.Б-ын 3 хоног ажил тасалсан сахилгын зөрчилд анхан шатны шүүх огт дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэгч ийм зөрчил гаргаагүй гэж огт маргадаггүй, хувийн ажлаа хийж, ажилдаа 3 хоног очоогүй болохоо ч өөрөө нэхэмжлэлдээ бичсэн байгаа.

3.7. Анхан шатны шүүх нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасныг тайлбарласныг хэрэглэж маргаанд дүгнэлт хийсэн боловч маргааны үйл баримтыг дүгнэхдээ Дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.

3.8. Дээд шүүхийн тайлбарт “... ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлтээ бичихийг ойлгох”-оор заасан. Энэ нь шүүхүүд ажил олгогчийн “шахалт шаардлага байсан эсэх” эсхүл “зүй бус нөлөөлөл байсан эсэх” үйлдлийн шинжүүдийг дүгнэж, тогтоох ёстой гэсэн ойлголт.

3.9. Хариуцагч миний гаргасан үйлдэл нь Н.Б-ын хувьд төрийн байгууллагад ажил, албан тушаал эрхлэх боломжгүй үр дагавар үүсгэсэн халах шийдвэрээ өөрчилж, өөр ажил албан тушаал эрхлэх боломж олгон, албан тушаалаас чөлөөлөх, албан тушаал бууруулж ажилд томилох сонголтыг Н.Б -од олгож эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн нь Дээд шүүхийн тайлбарласан “шахалт шаардлага”, “зүй бус нөлөөлөл” гэдэгт огт хамаарахгүй гэдэг нь харагдаж байна.

3.10. Мөн Засаг дарга нь Н.Б-ын бусдаар дамжуулж гаргасан гуйлтын дагуу түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлж болох сонголтыг л санал болгосон ба энэ саналыг хүлээж авахгүй байх эрхтэй, энэ тохиолдолд түүнийг ажлаас халах тушаал хэвээр үлдэж, төрийн байгууллагад ажил эрхлэх эрхгүй 1 жил болно гэдгийг мэдэж ойлгож байсан, бусад багш ажилчид ч мөн адил мэдэж байсан.

3.11. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл санал болгож байгаа нь шахалт биш, зүй бус нөлөөлөл ч гэж үзэхгүй бөгөөд анхнаасаа Н.Б -ыг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлтээ бичихийг шахаж шаардаагүй, ажлаас халах тушаал гарчихсан байсан гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

3.12. Н.Б - өөрөө хүсэлт гаргаж шийдвэрлүүлчихээд, үүний дараа 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус сургуульд албан бус боловсролын багш болчихоод Засаг даргын захирамжийг хууль бус гэж шүүхэд маргаснаар одоо түүний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болохгүй нөхцөл үүссэн, тэр ч бүү хэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нь харвал тэрээр маргаан бүхий захиргааны актын 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулж, өөрт нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн байсан шийдвэрээ хүчингүй болгосон заалтыг хэвээр үлдээлгэж байгаагаас үзвэл энэ бүхнийг тооцож, төрийн албан тушаалтныг хуурсан гэдэг нь нотлогдож байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

3.13. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэвээр үлдвэл “нэхэмжлэгч Н.Б - сахилгын шийтгэл хүлээхгүй, захирлын албан тушаалдаа хариуцлагаас мултарч үлдэх” ба энэ нь эрх зүйт төрийн “хариуцлага гарцаагүй байх” эрх зүйн зарчим, хууль дээдлэх ёсны зарчим, шударга ёсны зарчимд ч харшилж, нийгэмд ажил тасалсан ч аргалж болдог гэх хортой үр дагавар үүсгэх болно гэж үзэж байна.

Иймд дээрх  үндэслэлээр У аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгч Н.Б-ын У - аймгийн Б - сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Б сумын ЗД-ын -2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, Б - сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Н.Б - нь анх У - аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Б - сумын Ахлах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар Б - сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар, мөн аймгийн Б сумын ЗД-ын -2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар Б - сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар тус тус томилогдон ажиллаж байжээ.

2.2. У - аймгийн Б сумын ЗД-ын -2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” маргаан бүхий Б/07 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай Н.Б -ыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж”, 2 дахь заалтаар “Н.Б-ын ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны дотор хүлээлцэхийг үүрэг болгож”, 3 дахь заалтаар “сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүйд тооцож” шийдвэрлэсэн байна. 

2.3. Нэхэмжлэгч Н.Б Б сумын ЗД-ын дээрх 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/07 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ ... 2021 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд тариалангийн талбай явах болж ажлаа дунд, ахлах ангийн сургалтын менежер Н.А, анхан шатны боловсролын менежер С.З нарт танилцуулаад чөлөө авч өөрийн ажлаа сургалтын менежер Н.А-д хариуцуулаад явсан … ургац хураалтын ажлаар явах 2 хоногийн хугацаанд сургууль дээр сургалт хүмүүжлийн ажлын ямар нэг ноцтой зөрчил гараагүй сургалт хүмүүжлийн ажил төлөвлөгөөний дагуу явагдсан ... Сумын Засаг даргын зүгээс ... албан ёсоор чөлөө авахгүйгээр 3 хоног ажлаа тасалсан ... гэж хэлээд ажлаас халах тухай мэдэгдэл гардуулсан … 2021 оны 9 дүгэр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд өөрөөс шалтгаалах ажлаа хийж дуусгаад явсан … ажлаас халагдах хэмжээний алдаа гаргаагүй учир ажлаас халах тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй ... Засаг даргачи уг ажлаас халах тухай мэдэгдлийг хүлээн авч гарын үсгээ зур эсвэл дахин ийм алдаа дутагдал гаргавал ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэсэн агуулгатай он сар өдөр тавиагүй хүсэлт бичиж өг гэж хэлсэн … би газар тариалангийн ажил эрхлэхээр ... зээл авсан ба ... 34.000.000 төгрөгийн өр зээлтэй ... тул ажлаас халагдах боломжгүй байсан … санхүүгийн нөхцөл байдлаа тооцож үзээд ямар ч байсан нэг ажилтай байж байгаад шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн нь дээр юм байна гэдэг дүгнэлтэд хүрч ... “ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч байна” гэдэг хүсэлт бичсэн, уг хүсэлтийг би өөрийн хүслийн дагуу бичээгүй ... Хэрэв миний өөрийн хүсэлт байсан бол ажлаас чөлөөлж өгнө үү гэдэг байдлаар гуйсан хүсэлт бичиж өгөх байсан ... ” гэж тайлбарлажээ.

2.4. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “ ... Н.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд сумын Засаг даргад урьдчилан хэлж мэдэгдэж чөлөө авахгүйгээр ... 3 хоног ажил тасалсан ... нарийн бичгээрээ ажлаас халах тухай мэдэгдэл бичүүлсэн. Тухайн үед Н.Б-ыг ажлаас халах талаар огт бодоогүй ба цочроох зорилгоор мэдэгдэл өгсөн ... Сумын удирдлагууд надаас байнга чөлөө авдаг боловч Н.Б - чөлөө авахгүйгээр ... ажлаа таслаад явдаг ... уучлалт гуйх болов уу гэж хүлээж байтал би таны сумын Засаг дарга байх эсэх асуудлыг мэдэх болно гэж хэлсэн ... Н.Б -ыг заавал ажлаас халж цалингийн хувиар торгох шаардлага байхгүй ... архи уухгүйгээр ажлаа асуудалгүй үргэлжлүүлэхийг хүсэж байна гэдгийг хэлтэл Н.Б-ын - зүгээс би дахин архи ууж ажлаа цалгардуулахгүй гэж хэлсэн. Тэгвэл чи наад хэлж байгаа үгээ бичгээр баталгаажуулж он сар өдөр тавихгүйгээр надад бичээд ир гэж хэлсэн чинь баярлалаа танд би маргааш өглөө өргөдлөө бичээд өгнө гэж хэлээд гараад явсан ... Байгууллагын удирдлага хүн архи ууж ажлаа цалгардуулж сумын сургуулийн 600 гаруй хүүхэд 70 гаруй багш ажилчдыг хүнд байдалд оруулж байна. Сахилгын шийтгэл авч ажлаасаа халагдах эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх гэсэн боломж байна гэдгийг хэлээд явуулсан ... Н.Б-ын - зүгээс би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж багшийн ажилтай үлдэхгүй бол амьдрал хэцүү байна гэж хэлээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн. Надад Н.Б -ыг ажлаас халах санаа оноо байгаагүй ...” гэж маргасан байна. 

2.5. Анхан шатны шүүх маргаан бүхий захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөв тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан баримтуудыг зөв үнэлж дүгнэн “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгох ба уг шаардлагыг хангаагүй” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.6. Тодруулбал, хариуцагч маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “ажилтны санаачилгаар” гэсэн заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Б -ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.7. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх “ажилтны санаачилгаар” ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байх тухай зохицуулалт нь ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн ямар нэгэн оролцоогүйгээр ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгохоор зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байх тохиолдолд хэрэглэгдэхээр байна.

2.8. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Н.Б - ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэл зоригийн дөгуу сайн дурын үндсэн дээр, ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр аливаа хөндлөнгийн оролцоогүйгээр бичсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарласан байна.  

2.9. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн “ ... нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл санал болгосон нь шахалт, зүй бус нөлөөлөл гэж үзэхгүй ... ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.10. Учир нь, хэрэгт авагдсан хариуцагчийн “ ... сахилгын шийтгэл авч ажлаасаа халагдах эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх гэсэн боломж байна гэдгийг хэлээд явуулсан ... ” гэх тайлбар, гэрч Б.Нэргүйгийн “ ... сумын засаг даргад танилцуулахад “Н.Б -од нэг боломж байгаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичээд ирвэл ажлаас чөлөөлөх захирамж гаргаж болно ...”, гэрч Б.Нандинцэцэгийн “ ... Засаг дарга Н.Б -од хоёр сонголт байна. Нэг нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж өөр ажилд томилогдох, эсвэл 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдах сонголт байна гэсэн. Захирлын өрөөнд очиж уулзахад ажилгүй болчихвол нэг жилийн хугацаанд эргэж ажиллахгүй болж бас банкны зээл төлөхөд хүндрэлтэй болох тухай ярилцаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх боломжийн талаар Засаг даргад танилцуулсан. Тэгээд засаг даргаас ямар утгатай өргөдөл бичих вэ гэж асуухад алдаа дутагдалдаа дүгнэлт хийн өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна гэсэн утгаар бич гэсэн ... ” гэх, гэрч Н.Ариунтуяагийн “ ... сумын Засаг даргатай уулзсан ... хэрэв Н.Б - өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдвөл захирамжаа өөрчилж болно гэж хэлсэн. Бид гурав захирал Н.Б -од өөрийн хүсэлтээр чөлөөлөгдвөл захирамжаа өөрчилж болно гэснийг хэлсэн. Буцаж сумын Засаг даргын өрөөнд өргөдөл бичихээр очоод өргөдлөө ямар агуулгаар бичих вэ гэж Н.Б - захирал асуухад сумын Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгөх агуулгатай бич гэж хэлсэн ... ” гэх мэдүүлгүүд,  нэхэмжлэгч Н.Б-ын - сумын Засаг даргад гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “... миний бие гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийж үүрэгт ажлаа өгч байна ... ” гэх өргөдөл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө хариуцагчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр бичсэн гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, үндэслэлийг няцаах буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.11. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч Б/07 дугаар захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэгч  Н.Б -од ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэгч Б/06 дугаар захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэгэнт хүчингүй болсон захирамжийг нэхэмжлэгчээс дахин хүчингүй болгуулахаар маргаагүй, ийнхүү маргах ч үндэслэлгүй,  мөн шүүхийн зүгээс ч хүчингүй болж үйлчлэлгүй болсон Б/06 дугаар захирамж үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “ ... хариуцагч нь нэхэмжлэгч Н.Б-ын амьдарлын нөхцөл байдал болон цаашид хөдөлмөр эрхлэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг харгалзан ... өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчилсөн гэдгийг ... шүүх харгалзаж үзсэнгүй ... сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар тушаал хүчин төгөлдөр үлдсэн бол Н.Б - ... төрийн албанд ажиллах боломжгүй байсан ... сургуульдаа багшаар ажиллах эрхтэй болгон шийдвэрлэж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байгааг анхан шатны шүүх дүгнэсэнгүй ... ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.12. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Б-ыг “ 2021 оны 09 дүгээр сарын 20-22-ны өдрийн хооронд тодорхой, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг тасалсан ” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Б сумын ЗД-ын -2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06 дугаар захирамжтай холбогдуулан нэхэмжлэгч нь маргаагүй байхад хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан тухайн захирамжийн үндэслэл болсон үйл баримтад шүүх хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм.

2.13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ