| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1902/Э |
| Дугаар | 1929 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1929
2020 11 04 2020/ШЦТ/1929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,
Өсвөр насны шүүгдэгч Г.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Гаваа, тэдгээрийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Н, Г.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04540 2422 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.М, 2000 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 679-б тоотод оршин суух хаягтай,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, / /,
Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Н, 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ийн 2 дугаар дамжаанд сурдаг, ам бүл 5, ээж ах эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын б-12 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ;
Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь шүүгдэгч Г.Мтай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн хашаанд байсан Г.Энхбатын эзэмшлийн Хьюдай Верна Аксент маркийн 55-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумлятор болон дотор нь байсан 4 ширхэг обудтай дугуй, хажууд байсан Хьюдай Верна Аксент маркийн 60-89 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 994.000 төгрөгий. хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Г.М нь Г.Нтай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн хашаанд байсан Г.Энхбатын эзэмшлийн Хьюдай Верна Аксент маркийн 55-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумлятор болон дотор нь байсан 4 ширхэг обудтай дугуй, хажууд байсан Хьюдай Верна Аксент маркийн 60-89 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 994.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Өсвөр насны шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хичээлийнхээ сургалтад суучхаад орой 19 цаг 30 минутад М, Баттөгөлдөр хоёр машинд хүрээд ир гээд дуудсан. Дуудах үед Номин, Дэмбэрэл-Очир хоёрыг аваад шар хаданд очоод манай найз би ажил хайгаадахъя гээд дагуулж яваад ажил хайгаад үзсэн. Тэгснийхээ дараа М бид 2 гараад, би тэр үед хулгай хийнэ гэж мэдээгүй. Тэгээд “верна аксент” маркийн машины дугуй, аккумлятор 2-ыг хулгайлан авсандаа үнэхээр харамсаж байна” гэв.
Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хамгийн эхлээд би гэртээ байсан чинь эд нар бүгдээрээ цугларсан байна гээд намайг хүрээд ир гээд дуудахлаар нь би Алтай хотхонд Баагийгийн гэрт яваад очсон. Тэдний гэрт явж очоод бид нар бүгдээрээ машинтай зугаацах маягаар явж байсан. Тэгээд шар хаданд очоод хүнтэй уулзчихаад наашаа гарч ирж байсан чинь “верна” машин байсан. “Верна” машины хажуугаар зөрж байсан чинь хойд талд нь нэг дугуй байсан. 1 талынх нь цонх нь онгорхой байсан. 1 талынх нь хаалга нь онгорхой байсан. Тэгээд авсан. Хэрэг хийсэндээ харамсаж байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гаваа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хүүхдэдээ цаашид анхаарал халамж сайн тавина. Манай хүүхэд гайгүй байдаг байсан. Ийм хэрэгт холбогдсонд нь би маш их гэмшиж байна. Сургуульд сурч байгаа. Багш нь хичээлдээ их сайн явж байгаа, спортоор хичээллэдэг. Анги хамт олон нь их сайн. Би хүүхдээ дутуу хүмүүжүүлсэн байна. Цаашид сайн харж хандаж явна” гэв.
Хохирогч Г.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15 цагт дугуйгаа солих гээд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хашаанд байх Хьюндай Верна Аксент маркын 55-56 УНП улсын дугаартай машин дээрээ ирээд дугуй авах гэтэл дугуй байхгүй болохоор нь машинаа асаах гэтэл асахгүй байхаар нь копудаа татаад сөхөөд үзтэл аккумлятор нь байхгүй байсан. Тэгээд тухайн хэрэгслийн баруун талд байсан Хяюндай Верна Аксент маркийн 60-89 УНО улсын дугаартай автомашиныг онгойлгоод асаах гэтэл мөн асахгүй байхаар нь копудыг нь сөхөөд үзтэл аккумлятор нь байхгүй болохоор нь цагдаа дуудсан. Би 4 дугуйгаа обудтай нь 550,000 төгрөгөөр өчигдөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Гэрч А.Сод-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Батлан хамгаалахын их сургуулийн хашаа руу ортол аккумлятор барьсан 2 залуу 2 дугуй түрчихсэн явж байхаар нь харуул гэж орилтол нөгөө 2 залуу зугтаад гүйчихсэн. Би араас нь гүйгээд очтол өөр 2 дугуй хашаа давуулаад шидсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,
Насанд хүрээгүй гэрч О.Номин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шарханы тийшээгээ яваа нэг гудамжинд орж машинаа тавьсан. Н, М хоёр машинаас гараад явсан. Баттөгөлдөр, Дэмбэрэл-Очир бид гурав тэр хоёрыг хүлээгээд бараг 2-3 цаг хүлээсэн. Тэгсэн нэг ах цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Бид гурав хулгай хийх гэж байгаа талаар мэдээ ч үгүй байсан. Ямар нэгэн оролцоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
Яллагдагч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. Машинд үлдсэн 3 найз энэ хэрэгт хамаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88/,
Өсвөр насны яллагдагч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид хоёрыг дугуй түрээд явж байхад араас хүн орилсон тэгээд М зугтаарай гээд зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/,
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 75-80/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 131/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-26/, өсвөр насны шүүгдэгч Г.Нгийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 164-166/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50, 54/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51, 89/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч Г.Н, шүүгдэгч Г.М нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн хашаанд байсан Г.Энхбатын эзэмшлийн Хьюдай Верна Аксент маркийн 55-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумлятор болон дотор нь байсан 4 ширхэг обудтай дугуй, хажууд байсан Хьюдай Верна Аксент маркийн 60-89 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 994.000 төгрөгний хохирол учруулсан болох нь,
Хохирогч Г.Энхбатын: “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15 цагт дугуйгаа солих гээд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хашаанд байх Хьюндай Верна Аксент маркын 55-56 УНП улсын дугаартай машин дээрээ ирээд дугуй авах гэтэл дугуй байхгүй болохоор нь машинаа асаах гэтэл асахгүй байхаар нь копудаа татаад сөхөөд үзтэл аккумлятор нь байхгүй байсан. Тэгээд тухайн хэрэгслийн баруун талд байсан Хяюндай Верна Аксент маркийн 60-89 УНО улсын дугаартай автомашиныг онгойлгоод асаах гэтэл мөн асахгүй байхаар нь копудыг нь сөхөөд үзтэл аккумлятор нь байхгүй болохоор нь цагдаа дуудсан. Би 4 дугуйгаа обудтай нь 550,000 төгрөгөөр өчигдөр авсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Сод-Эрдэний: “...2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Батлан хамгаалахын их сургуулийн хашаа руу ортол аккумлятор барьсан 2 залуу 2 дугуй түрчихсэн явж байхаар нь харуул гэж орилтол нөгөө 2 залуу зугтаад гүйчихсэн. Би араас нь гүйгээд очтол өөр 2 дугуй хашаа давуулаад шидсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч О.Номин-Эрдэний: “...Шарханы тийшээгээ яваа нэг гудамжинд орж машинаа тавьсан. Н, М хоёр машинаас гараад явсан. Баттөгөлдөр, Дэмбэрэл-Очир бид гурав тэр хоёрыг хүлээгээд бараг 2-3 цаг хүлээсэн. Тэгсэн нэг ах цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Бид гурав хулгай хийх гэж байгаа талаар мэдээ ч үгүй байсан. Ямар нэгэн оролцоо байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.М, Өсвөр насны шүүгдэгч Г.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Г.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхбатын алдагдсан 4 ширхэг дугуй /Н гэсэн Хонда маркийн 5 нүхтэй обудтай, kumno гэсэн бичиглэлтэй, 205х65х16 хэмжээтэй/, Delkor гэсэн бичигтэй 90 ампертай, Roket гэсэн бичигтэй 80 ампертэй 2 ширхэг аккумлятор /шон тус бүр дээр 2 гэсэн бичиглэлтэй/ зэргийг биет байдлаар буцаан олгосон тул хохирогч Г.Энхбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Г.Н нарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Мөнгөнтулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу ялыг тус тусд нь эдлүүлж,
Өсвөр насны шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Н, Г.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй,
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ 1 жилийн хугацаанд авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнийг хараа хяналтдаа байлгах хүмүүжүүлэх үүргийг эх Л.Гаваад хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Мд урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 508 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мөнгөнтулгын урьд цагдан хоригдсон нийт 26 /хорин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.М, Г.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР