Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1944

 

 

 

 

 

 

   2020         11          05                                  2020/ШЦТ/1944

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

иргэдийн төлөөлөгч М.Ганбаатар,

улсын яллагч Б.Тулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэн

шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Лид холбогдох эрүүгийн 1906 05250 1922 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн С.Л, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жису” ХХК-д барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-2а-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай / /,

Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 119 тоотод 38 настай, эмэгтэй, Г.Ононг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоолойг боож алсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би болсон явдлыг ер нь сайн санахгүй байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, талийгаачийн оршуулгын зардлыг төлнө”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би энэ хүнд үнэхээр гомдолтой байна. Талийгаач маань 3 хүүхэдтэй байсан. Том охиныг нь би авсан.  Хоёр нь аавтайгаа хүнд байдалтай байна. Аав нь өнөөдрийг хүртэл архи уугаад ёстой хэцүү амьдралтай байна. Энэ хүн бол өнөөдөр энэ гэр бүлийг гал голомтыг нь бусниулсан хүн. Өөрөө ойлгож байна л гэж байна. Та бүгдэд найдаж байна үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж гуйж байна. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Онон бол миний төрсөн охин 2019 оны 09 дүгээр сарын 07-ны шөнийн 03 цагийн орчим зээ охин Энхзаяа маань над руу “ээж амьсгаагүй болчихлоо” гэж хэлэхээр нь “битгий худлаа ярь” гэтэл утсаа тасалсан. Тэгээд дахин залгаж “цагдаагийнхантай ярь” гэж утсаа өгснөөр би болсон явдлыг мэдсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 24/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би хичээлээ 18 цаг 40 минутад тараад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав Баярболд, ээж Онон, бага дүү Энх-Ирээдүй 3 хоолоо хийх гээд сууж байсан. Тэгээд хоолоо хийж идчихээд 21 цаг 30 минутын үед гадаа бороо орж байхад аавын хуурай дүү болох Лхагваа гэх залуу шалба норсон байдалтай орж ирсэн. Тэгэхэд аав “ахын дүү хоол ид” гээд хийж өгсөн, 0,75 литрийн Хараа архийг аав, ээж, Лхагва нар хувааж уусан, 23 цаг өнгөрч байхад дуусгаж, Лхагва гэх залуу халааснаасаа мөнгө гаргаж ирээд “би нэг шил архи авъя” гээд надтай хамт гэрийн хажууд байх Очир дэлгүүр орж, нэг шил 0,75 литрийн Хараа архи авсан. Тухайн үед би утсандаа нэгж авах хэрэгтэй байсан болохоор дагаж хамт дэлгүүр орсон. Дэлгүүрээс авсан нэг шил архийг задлаад аав Баярболд 1-2 удаа уугаад тасраад орон дээр гараад унтсан. Харин ээж Лхагва гэх ахтай хамт үлдсэн архийг хувааж уугаад юм яриад сууж байсан, тэгэхэд Лхагва гэх ах “би гадаа гараад тамхи татчихаад ирье” гээд гарсан, харин ээж сандал дээр сууж байгаад “за, за ээж нь Сансар орж бааранд орлоо” гээд нүүр амаа будаад хувцсаа солиод байхаар нь би “та явж яах гээд байгаа юм бэ, зүгээр унтаад амарчихаа” гэж хэлэхэд “за, за ээж нь унтлаа гээд хувцсаа тайлаад аавын хажуугаар ороод унтсан. Тэгэхэд Лхагва гэх ах гарч явснаас хойш бараг 2 цагийн дараа орж ирсэн, тэгээд гэрт орж ирчихээд надтай 5-6 минут юм ярьсан, намайг “чи хар нөмрөг өмссөн байна, ах нь чамд цагаан нөмрөг өмсүүлнэ” гэж сонин, хүн ойлгохгүй зүйл яриад байсан. Цаг 00 цаг өнгөрч байхад миний шээс хүрээд гэрээс асаагуурын гэрэл бариад жорлон орж бие засчихаад буцаад ороход ээж орноос буугаад газар хэвтчихсэн, харин Лхагва ах ээжийн дээр нь гараад суучихсан 2 гараараа хоолойноос нь бариад боож байсан. Тухайн үед би хараад айсандаа юм дуугарч чадахгүй зогсож байхад Лхагва ах над руу хараад ээжийн хоолойноос боохоо болиод над руу гүйж ирээд миний амыг таглаад гэрээс тэврээд гарсан. Тэгэхэд би айсандаа хажуу айлын хүмүүс болох Төрөө ахаа, Болороо эгч ээ гэж орилсон, Лхагва ах миний гэдэснээс тэвэрчихээд тавихгүй байгаад байсан. Удалгүй Төрөө ах хашааны гадна гэрэл тусгаж ирээд хашааны завсраар намайг хараад “чи наад хүүхэд тавь” гэж хэлээд хашааны хаалгаар дотогшоо орох гэхэд Лхагва ах хашааны хаалгыг дотор талаас нь биеэрээ дарчихаад онгойлгохгүй байсан. Төрөө ах шууд цагдаа дуудлаа гээд яваад өгөхөд Төрөө ахын эхнэр Болороо эгч ирээд Лхагва ахаас намайг авсан. Тэгээд би гэртээ ороход аав сэрчихсэн, ээжийг газраас аваад орон дээр тавьсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30/, 

Гэрч З.Баярболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед захаас гэрийнхээ хоол хүнсийг цуглуулаад гэртээ ирсэн. Тэгээд хүүхдүүддээ хоол ундыг нь бэлдэж өгсөн. Дараа нь би дэлгүүр явж 0,75 литрийн шилтэй Хараа архи нэг ширхгийг авчирсан. Тэгээд хоол ундаа идээд байж байтал ширүүн бороо орох үед Лхагваа гээд манай нутгийн хуурай дүү орж ирсэн. Тэгээд нөгөө авсан архиа задлаад эхнэр, Лхагва бид 3 уугаад дуусгасан, архиа дуусаад Лхагваа дэлгүүр яваад дахин нэг шил архи авчирсан, тэр авчирсан архинаас нь би 3 татаад согтоод унтчихсан. Тэгээд нэг сэрэхэд урд айлын Төөдөө эхнэртэйгээ ирчихсэн “охиныг чинь оролдоод байна шүү дээ хөөе” гэж байх шиг байсан. Би босож чадалгүй эргээд унтчихсан. Тэгээд нэг сэрээд харахад миний 3 хүүхэд хажуу орон дээр унтаж байсан. Наад талын захад бага хүү маань орноос унах гэж байхаар нь аваад голдоо хийгээд эхнэр бид 3 унтаж байхад хаалга нүдээд байхаар нь тайлж өгөхөд цагдаа нар орж ирээд “эхнэрийг нас барсан байна” гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/,

Гэрч Э.Төрбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны 01 цагийн орчим гэртээ унталгүй хэвтэж байсан. Тэгтэл Ононгийн том охин Энхзаяа “Төөдөө ах аа, Болороо эгч ээ авраарай” гэж их чанга орилсон. Тэгээд би гэрээс гараад талийгаачийн гэр рүү орсон, тэгтэл талийгаачийн гэрийн хашааны хаалгаар нөгөө Л гэх залуу Энхзаяаг бэлхүүсээр нь тэврээд авч гарах гэж байсан. Энхзаяа хашаанаасаа барьсан уйлаад орилж байсан. Тэгэхээр нь би очиж “тавь” гэхэд тавихгүй зулгаагаад “Энхзаяаг хар нөмрөг нөмөрчихөөд намайг авч явах гээд байна” гэж хэлээд байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ” гээд гарыг нь хүчээр тавиулсан. Тэгтэл Л “цагдаа дууд” гэж орилоод байсан. Тэгээд би Энхзаяагаас “юу болсон бэ” гэтэл “энэ ах ээжийг боож унагаачихаад намайг чирч гаргаад авч явах гээд байна” гэхээр нь “аав чинь яасан бэ” гэхэд “согтуу унтаж байна” гэж хэлсэн. Тэгээд би яг энэ үгээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39/,

Гэрч Т.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...01 цагийн орчим манай нөхөр намайг сэрээгээд “гадаа баруун талын айлын Энхзаяа орилоод байх юм” гэсэн, сонсоход “Төөдөө ах аа, Болороо эгч ээ авраарай, туслаарай” гээд байсан. Тэгээд би “айлын нялх охиныг яана аа, гараач ээ” гээд манай нөхөр Төрбат гэрээс гарсан. Би мөн хувцсаа өмсөөд 2 минутын дараа талийгаач Ононгийн гэрийн гадаа иртэл хашааны хаалган дээр манай нөхөр, Лийн гараас нь татаж ноцолдсон “чи боль, наад хүүхдээ тавиач” гээд орилж байсан. Харин Л Энхзаяаг бүсэлхийгээр нь 2 гараараа тэврээд татаад байсан. Тэгээд Төрбат Лийн гарыг тавиулах гэж ноцолдож байхдаа надад Болороо цагдаа дууд гэсэн ба би тухайн үед цочролд ороод залгаж чадахгүй чичрээд байсан. Энэ үеэр Төрбат Энхзаяаг салгаад миний гараас утас шүүрч аваад Энхзаяаг “ахын дүү гэр рүүгээ ор” гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41/

Гэрч Н.Цогтсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө хөдөлгөөнт эргүүлийн үүргийг цагдаагийн ахлах ахлагч Д.Ганбаатарын хамтаар гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үл таних хүн “ээжийг нь боож унагаагаад охиныг нь аваад явчихлаа” гэх дуудлага ирсэн, дуудлага өгсөн залууг “Очир” хүнсний дэлгүүрийн орчмоос аваад хэрэг болсон газрыг заалгаж очсон. Машины гэрэлд нэг залуу шалбааг дотор зогсож байснаа цагдаагийн машин харангуутаа бид нарыг чиглээд гүйгээд ирсэн. Тэгээд бид нар дээр ирэнгүүтээ “нөгөө муу хүүхнийг чинь алах гэтэл ерөөсөө үхэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрт ороод “юу болсон, яасан бэ” гэхэд тэр эмэгтэйгийн нөхөр нь “манай нэг дүү манай эхнэртэй маргалдсан асуудал гарсан гэхээр нь би “эхнэр чинь зүгээр үү” гэхэд “зүгээр, зүгээр унтаж байна” гэсэн. Тэгэхэд нөгөө дуудлага өгсөн эрэгтэйгийн эхнэр нь “наадах чинь зүгээр юм биш үү, сая хурхирах шиг боллоо гэсэн, тэгэхэд талийгаач хурхирах мэт бүдэгхэн чимээ гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын  №1936 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Г.Ононгийн цогцост хүзүү, төвөнхий хэсэг дэх зулгаралт, хүзүүний хэсгийн булчин, зөөлөн эд, залгиур, төвөнх, улаан хоолойн цус хуралт, хэлний цус хуралт, шарх, баруун 5, 6 дугаар хавирга завсрын булчингийн цус хуралт, цээжинд зүүн эгэмний гадна доод хэсэг, зүүн сарвуунд цус хуралт, зүүн гарын дунд хуруу, зүүн сүүжний дэлбэнгийн урд дээд сэртэнгийн хэсэг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ.

2. Талийгаачид учирсан гэмтлүүд нь бүгд амьд үед үүссэн байна. Дээрх гэмтлүүдээс хүзүү, төвөнхийн хэсэг дэх зулгаралт, хүзүүний хэсгийн булчин, зөөлөн эд, залгиур, төвөнх, улаан хоолойн цус хуралт, хэлний цус хуралт, шарх гэмтэл нь талийгаачийг нас барахын өмнөхөн үүссэн, баруун 5, 6 дугаар хавирга завсрын булчингийн цус хуралт, цээжин дэх зүүн эгэмний гадна доод хэсгийн цус хуралт нь 1 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Харин зүүн сарвууны цус хуралт, зүүн гарын дунд хуруу, зүүн сүүжний дэлбэнгийн урд дээд сэртэнгийн хэсэг, зүүн шилбэний зулгаралт нь 2-3 хоногоос дээш хугацааны өмнө үүссэн хуучин гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүдээс хүзүү, төвөнхийн хэсэг дэх зулгаралт, хүзүүний хэсгийн булчин, зөөлөн эд, залгиур, төвөнх, улаан хоолойн цус хуралт, хэлний цус хуралт, шарх гэмтэл нь амьсгалын механик бүтэлт үүсгэж талийгаачийг үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Химийн шинжилгээгээр цусанд 2,7 промилли, ходоодны шингэн 2-3 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

5. Талийгаач нь хүзүүг гараар багалзуурдаж дарсны улмаас амьсгал механикаар бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

6. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. ДНХ бүтцийн шинжээч эмч тогтоохгүй.

 7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /1хх-70-74/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1319 дугаартай дүгнэлт:

1. С.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архины хараат байдал, хэв шинжит бус согтолтын бусдад халдах хэлбэр, хэсэгчилсэн ойгүйдэлт, согтолт, сэтгэцийн эмгэгтэй байсан байна. С.Л нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

2. С.Л нь гэмт хэргийн үйлдлийн үед Архины хараат байдал, хэв шинжит бус согтолтын бусдад халдах хэлбэр, хэсэгчилсэн ойгүйдэлт согтолт, сэтгэцийн эмгэгтэй байсан байна. С.Л нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

3. С.Л нь одоо Архины хараат байдал, сэтгэцийн эмгэгтэй байна. С.Л нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. С.Л нь гэмт хэрэг үйлдсний дараа Архины хараат байдал, сэтгэцийн эмгэгтэй байна.

4. С.Лид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. С.Л нь Архины хараат байдал, сэтгэцийн эмгэгтэй байна. С.Л нь болсон байдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. /1хх-102-104/,

             Яллагдагч С.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр яармагт ажлаа хийгээд байж байтал талийгаач Онон над руу 15 цаг өнгөрч байхад залгаад “манай гэрээр яагаад ирэхгүй байгаа юм, утас чинь холбогдохгүй байна, ах эгч хоёрыгоо тоохоо больчихсон юм уу” гээд үг хаяад байхаар нь 17 цаг 30 минут болж байхад ажлаасаа тарсан. Гэр рүү нь ороход гэрт нь З.Баярболд, талийгаач Онон нар 3 хүүхдийн хамт хоол унд хийчихсэн байсан. Тэгээд хоол унд идчихээд байж байхад З.Баярболд ах 1 шил 0.75 грамм Хараа нэртэй архи гаргаж ирсэн, тэр архийг З.Баярболд ах өөрөө тойруулаад талийгаач, З.Баярболд ах бид 3 хувааж ууж байхад гаднаас хүн дуудаад байгаа юм шиг сонсогдохоор нь Баяраа ах гадаа хүн дуудаад байгаа юм биш үү таныг гэж хэлэхэд Баяраа ах, чи хүн дагуулж ирсэн юм уу гэж надаас асуухад үгүй ээ үгүй, би хэнтэйгээ ирэх вэ дээ, хар усан борооноор гэж хэлээд ямар сонин юм бэ, би гараад хараад ирье гэж хэлээд асаагуурын гэрэл тусгаад гараад хартал гадаа ямар нэгэн хүн байгаагүй. Орж ирээд хэсэг сууж байтал миний чихэнд дахиад намайг хүн дуудаж байгаа чимээ сонсогдоод байхаар нь би дахиад гарах гэсэн чинь Баяраа ах хоёулаа цуг гаръя гээд гарсан, гэрээс Баяраа ахын хамт гараад харахад гадаа ямар нэгэн хүн байгаагүй...”

            “...Би гарч тамхи татах гээд гэрээс гарсан, тамхи татаад чимээ сонсоход ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Тэгээд буцаж ороод  юм ярилгүй үлдэгдэл жаахан архи байсан тэрийг бид 3 дуусгасан. Тэгээд байж байхад Баярболд ах тасраад хойд талын орон дээр ганцаараа унтаад өгсөн. Гэтэл талийгаач намайг юм яръя гэж гуйхаар нь тэгье гээд бид хоёр гэрийн баруун талд байсан сандал дээр суусан. Талийгаач ойрд яагаад утсаа авахгүй байгаа юм чамайг санаад байхад, чамтай гадуур уулзмаар байна. Утсаар байнгын холбоотой байя л даа гэсэн. Талийгаачтай би 2 жилийн өмнөөс дотно харилцаанд орж, гадуур уулздаг болсон, энэ асуудлыг Баярболд ах мэдэхгүй. Миний бие сонин болоод хий юм хараад байхаар нь би унтлаа, Маралааг хойд талын орон дээр тавиадахъя гэж хэлсэн чинь талийгаач яах юм бэ би газраар ор засъя ойрд уулзаагүй юм байж хамт унтъя гэсэн. Талийгаач газраар ор засаад өөрөө эхлээд хэвтээд өгсөн, би хувцас хунараа тайлаад хойноос нь хэвтээд талийгаачийн дээр гараад талийгаачтай үнсэлцэж байхад талийгаачийн царай руу харсан чинь талийгаачийн царай арьс байхгүй, шүднүүд ярзайж харагдаад эргэн тойрноо нэг хартал гэрийн бүх юмнууд хөдлөөд байсан, буцаад талийгаачийн царайг хартал над руу инээгээд ярзайгаад байхаар нь би хойшоо босох гэж байхад талийгаач намайг өөр рүүгээ татсан, тэр үед би дээр нь байсан ба талийгаачийн хоолойг хоёр гараараа боосон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна..Би хий юм харсан тэрнээсээ айгаад талийгаачийн хоолойг багалзуурдсан, талийгаачийн хоолойг багалзуурдсан, тэрнээс хойш юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 128, 129-132, 133-134, 135-138, 200-201/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-20/,  дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 49/, талийгаачийн оршуулгын зардлын талаарх нотлох баримтууд /1хх-29-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-150/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы 119 тоотод 38 настай, эмэгтэй, Г.Ононг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоолойг боож алсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Онон бол миний төрсөн охин 2019 оны 09 дүгээр сарын 07-ны шөнийн 03 цагийн орчим зээ охин Энхзаяа маань над руу “ээж амьсгаагүй болчихлоо” гэж хэлэхээр нь “битгий худлаа ярь” гэтэл утсаа тасалсан. Тэгээд дахин залгаж “цагдаагийнхантай ярь” гэж утсаа өгснөөр би болсон явдлыг мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энхзаяагийн: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би хичээлээ 18 цаг 40 минутад тараад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав Баярболд, ээж Онон, бага дүү Энх-Ирээдүй 3 хоолоо хийх гээд сууж байсан. Тэгээд хоолоо хийж идчихээд 21 цаг 30 минутын үед гадаа бороо орж байхад аавын хуурай дүү болох Лхагваа гэх залуу шалба норсон байдалтай орж ирсэн. ...Харин ээж Лхагва гэх ахтай хамт үлдсэн архийг хувааж уугаад юм яриад сууж байсан, тэгэхэд Лхагва гэх ах “би гадаа гараад тамхи татчихаад ирье” гээд гарсан, харин ээж сандал дээр сууж байгаад “за, за ээж нь Сансар орж бааранд орлоо” гээд нүүр амаа будаад хувцсаа солиод байхаар нь би “та явж яах гээд байгаа юм бэ, зүгээр унтаад амарчихаа” гэж хэлэхэд “за, за ээж нь унтлаа гээд хувцсаа тайлаад аавын хажуугаар ороод унтсан. Тэгэхэд Лхагва гэх ах гарч явснаас хойш бараг 2 цагийн дараа орж ирсэн, тэгээд гэрт орж ирчихээд надтай 5-6 минут юм ярьсан, намайг “чи хар нөмрөг өмссөн байна, ах нь чамд цагаан нөмрөг өмсүүлнэ” гэж сонин, хүн ойлгохгүй зүйл яриад байсан. Цаг 00 цаг өнгөрч байхад миний шээс хүрээд гэрээс асаагуурын гэрэл бариад жорлон орж бие засчихаад буцаад ороход ээж орноос буугаад газар хэвтчихсэн, харин Лхагва ах ээжийн дээр нь гараад суучихсан 2 гараараа хоолойноос нь бариад боож байсан. Тухайн үед би хараад айсандаа юм дуугарч чадахгүй зогсож байхад Лхагва ах над руу хараад ээжийн хоолойноос боохоо болиод над руу гүйж ирээд миний амыг таглаад гэрээс тэврээд гарсан. Тэгэхэд би айсандаа хажуу айлын хүмүүс болох Төрөө ахаа, Болороо эгч ээ гэж орилсон, Лхагва ах миний гэдэснээс тэвэрчихээд тавихгүй байгаад байсан. Удалгүй Төрөө ах хашааны гадна гэрэл тусгаж ирээд хашааны завсраар намайг хараад “чи наад хүүхэд тавь” гэж хэлээд хашааны хаалгаар дотогшоо орох гэхэд Лхагва ах хашааны хаалгыг дотор талаас нь биеэрээ дарчихаад онгойлгохгүй байсан. Төрөө ах шууд цагдаа дуудлаа гээд яваад өгөхөд Төрөө ахын эхнэр Болороо эгч ирээд Лхагва ахаас намайг авсан. Тэгээд би гэртээ ороход аав сэрчихсэн, ээжийг газраас аваад орон дээр тавьсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30/, 

Гэрч З.Баярболдын: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед захаас гэрийнхээ хоол хүнсийг цуглуулаад гэртээ ирсэн. Тэгээд хүүхдүүддээ хоол ундыг нь бэлдэж өгсөн. Дараа нь би дэлгүүр явж 0,75 литрийн шилтэй Хараа архи нэг ширхгийг авчирсан. Тэгээд хоол ундаа идээд байж байтал ширүүн бороо орох үед Лхагваа гээд манай нутгийн хуурай дүү орж ирсэн. Тэгээд нөгөө авсан архиа задлаад эхнэр, Лхагва бид 3 уугаад дуусгасан, архиа дуусаад Лхагваа дэлгүүр яваад дахин нэг шил архи авчирсан, тэр авчирсан архинаас нь би 3 татаад согтоод унтчихсан. Тэгээд нэг сэрэхэд урд айлын Төөдөө эхнэртэйгээ ирчихсэн “охиныг чинь оролдоод байна шүү дээ хөөе” гэж байх шиг байсан. ...Наад талын захад бага хүү маань орноос унах гэж байхаар нь аваад голдоо хийгээд эхнэр бид 3 унтаж байхад хаалга нүдээд байхаар нь тайлж өгөхөд цагдаа нар орж ирээд “эхнэрийг нас барсан байна” гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/,

Гэрч Э.Төрбатын: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны 01 цагийн орчим гэртээ унталгүй хэвтэж байсан. Тэгтэл Ононгийн том охин Энхзаяа “Төөдөө ах аа, Болороо эгч ээ авраарай” гэж их чанга орилсон. Тэгээд би гэрээс гараад талийгаачийн гэр рүү орсон, тэгтэл талийгаачийн гэрийн хашааны хаалгаар нөгөө Л гэх залуу Энхзаяаг бэлхүүсээр нь тэврээд авч гарах гэж байсан. Энхзаяа хашаанаасаа барьсан уйлаад орилж байсан. Тэгэхээр нь би очиж “тавь” гэхэд тавихгүй зулгаагаад “Энхзаяаг хар нөмрөг нөмөрчихөөд намайг авч явах гээд байна” гэж хэлээд байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ” гээд гарыг нь хүчээр тавиулсан. Тэгтэл Л “цагдаа дууд” гэж орилоод байсан. Тэгээд би Энхзаяагаас “юу болсон бэ” гэтэл “энэ ах ээжийг боож унагаачихаад намайг чирч гаргаад авч явах гээд байна” гэхээр нь “аав чинь яасан бэ” гэхэд “согтуу унтаж байна” гэж хэлсэн. Тэгээд би яг энэ үгээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39/,

Гэрч Т.Болормаагийн: “...01 цагийн орчим манай нөхөр намайг сэрээгээд “гадаа баруун талын айлын Энхзаяа орилоод байх юм” гэсэн, сонсоход “Төөдөө ах аа, Болороо эгч ээ авраарай, туслаарай” гээд байсан. Тэгээд би “айлын нялх охиныг яана аа, гараач ээ” гээд манай нөхөр Төрбат гэрээс гарсан. Би мөн хувцсаа өмсөөд 2 минутын дараа талийгаач Ононгийн гэрийн гадаа иртэл хашааны хаалган дээр манай нөхөр, Лийн гараас нь татаж ноцолдсон “чи боль, наад хүүхдээ тавиач” гээд орилж байсан. Харин Л Энхзаяаг бүсэлхийгээр нь 2 гараараа тэврээд татаад байсан. Тэгээд Төрбат Лийн гарыг тавиулах гэж ноцолдож байхдаа надад Болороо цагдаа дууд гэсэн ба би тухайн үед цочролд ороод залгаж чадахгүй чичрээд байсан. Энэ үеэр Төрбат Энхзаяаг салгаад миний гараас утас шүүрч аваад Энхзаяаг “ахын дүү гэр рүүгээ ор” гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41/

Гэрч Н.Цогтсайханы: “...2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө хөдөлгөөнт эргүүлийн үүргийг цагдаагийн ахлах ахлагч Д.Ганбаатарын хамтаар гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үл таних хүн “ээжийг нь боож унагаагаад охиныг нь аваад явчихлаа” гэх дуудлага ирсэн, дуудлага өгсөн залууг “Очир” хүнсний дэлгүүрийн орчмоос аваад хэрэг болсон газрыг заалгаж очсон. Машины гэрэлд нэг залуу шалбааг дотор зогсож байснаа цагдаагийн машин харангуутаа бид нарыг чиглээд гүйгээд ирсэн. Тэгээд бид нар дээр ирэнгүүтээ “нөгөө муу хүүхнийг чинь алах гэтэл ерөөсөө үхэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрт ороод “юу болсон, яасан бэ” гэхэд тэр эмэгтэйгийн нөхөр нь “манай нэг дүү манай эхнэртэй маргалдсан асуудал гарсан гэхээр нь би “эхнэр чинь зүгээр үү” гэхэд “зүгээр, зүгээр унтаж байна” гэсэн. Тэгэхэд нөгөө дуудлага өгсөн эрэгтэйгийн эхнэр нь “наадах чинь зүгээр юм биш үү, сая хурхирах шиг боллоо гэсэн, тэгэхэд талийгаач хурхирах мэт бүдэгхэн чимээ гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.09.18-ны өдрийн 1936 дугаартай дүгнэлт /1хх-ийн 70-74/, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019.10.19-ний өдрийн 1319 дугаартай дүгнэлт /2хх-ийн 102-104/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Лид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Лийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэн нь гэмт хэргийн улмаас талийгаачийн оршуулгын зардалд нийт 4.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн ба шүүх бүрэлдэхүүн хүнийг оршуулахад гарсан зайлшгүй зардал гэж үзэж гэм буруутай этгээд буюу шүүгдэгч С.Лоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэнд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэн нь талийгаач Г.Ононгийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, ял хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан гэмт хэрэгт хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Лийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар С.Лид 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар С.Лид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Лийн урьд цагдан хоригдсон нийт 422 /дөрвөн зуун хорин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар С.Лоос нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэнд олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дарьсүрэн нь талийгаач Г.Ононгийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Лид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

 

  •  

 

  •