Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 936

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Д.Хонгорзул,

Шүүгдэгч Э.А , Б.Н тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0611/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 2005022531342 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, эрэгтэй, ... настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай, улсаас гавъяа шагнал үгүй, /РД /,

урьд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт -н Н. 

 

2. Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, ам бүл ..., эх, эмээгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... дугаар бичил хороолол, .... гудамжны .... дугаар байрны ....тоотод оршин суух, /РД: /, улсаас гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Э.А.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.А  нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид Эрдэнэ” гэх зочид буудалд иргэн Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүзүү, зүүн бугалга, шуу, баруун тохой, баруун сарвуу, бугуйнд цус хуралт, зулай, зүүн чамархай, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шагай, баруун хөлийн тавхай, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Н нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 28-ний өдөр Баянгол 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид Эрдэнэ” гэх зочид буудалд иргэн Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүзүү, зүүн бугалга, шуу, баруун тохой, баруун сарвуу, бугуйнд цус хуралт, зулай, зүүн чамархай, зүүн шанаанд цус хуралт,зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шагай, баруун хөлийн тавхай, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.А , Б.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр миний бие фэйсбүүкийн Сайхан хэсээд ирье грүппийн гишүүдтэй 21 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ашид-Эрдэнэ зочид буудлын 20 тоот өрөөнд уулзаж 2020 оны 7 дугаар сарын 01-нд Буйр нуур руу 7 хоногоор явах аялалын талаар ярилцсан. Намайг тухайн буудлын өрөөнд ороход тус грүппийн гишүүд болох Чигүүн буюу тум грүппийн /админ/, М , Э , А , Н , Э  нар байсан. Тухайн хүмүүс буудлын өрөөнд Сэнгүр нэртэй 2,5 граммын савалгаатай пиво ууцгааж байсан. 22 цагийн үед тус группийн админ Ч тэй хамт уг буудлаас гараад Ч  нарны гүүрний тийшээ гэр рүүгээ явна гэхээр нь би замд бууя гээд машинд нь дайгдаж модны хоёрын Инээмсэглэл нэртэй пабын гадна буугаад уг пабад байсан найзуудтайгаа уулзаад тэнд Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво зургаан ширхэгийг уусан. Уг паб хаахаар болоод 00:00 цагийн үед уг газраас гараад “Сайхан хэсээд ирье” Фэйсбүүк группийн залуус байрлаж байсан Ашид эрдэнэ зочид буудлын 20 тоотод 2020 оны 6 дугаар сарын 29-ний 00:10 цагийн үед ирэхэд уг өрөөнд А , Н , Э , М  нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Намайг орж ирэхэд дуудлагаар архи зарна гэсэн хүн дуудсан нэг шил нэрийг нь хараагүй архи авчруулсан байсан. Тэгээд А  намайг дуудлагаар архи авчирсан хүнд архины мөнгө гэж өгөх гэж байгаа. Би мөнгөгүй байна гээд надаас 38.000 төгрөг зээлээд уг хүнд өгч явуулсан. Тэгээд уг архинаас хэн ч уугаагүй байж байтал Н  намайг эсэн шидийн үгээр доромжлоод байхаар би 38.000 төгрөг өгчихвөл явлаа гэхэд М  өрөөнөөс гаргаад миний дансыг аваад данс руу чинь шилжүүлчихлээ гэж худлаа ярьсан. Миний уур хүрээд буцаж ороод мөнгө ороогүй байна гэж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгтэл уг өрөөнд байсан хүмүүс чамайг танихгүй юм байна гээд танихгүй дүр эсгээд байсан. Тэгтэл А  намайг чи янхан юм уу өрөө өрөө хэсээд гээд доромжлоод байхаар нь А тай би хэрүүл хийсэн. Тэгсэн А  миний 2 гарны бугуйн хэсгээс чанга бариад зулгаагаад байсан мөн хэд хэдэн удаа үснээс зулгааж татаад зүүн хацар луу хэд хэдэн удаа цохисон, мөн баруун хөлний шилбэ рүү 1 удаа хөлөөрөө цохисон. Тэр үед уг өрөөнд байсан М , Э  хоёр А г надаас салгах гээд дийлээгүй, тэгээд би аргагүй эрхэнд газар байсан өсгийтэй гутлаа аваад А н толгой тус газарт цохисон. Тэгсэн Н  босч ирээд чи хүний толгой хагалдаг ямар овоо гичий вэ гээд элдвээр хэлээд миний хоолойг зүүн гараараа багалзуурдаад чамайг ална гээд хоолой боогоод байсан. Тэгсэн уг буудлын ресэпшин орж ирээд намайн Н оос салгасан. Тэгээд би утсаа аваад 02 цаг 40 минутанд 102 тусгаар руу залгаж цагдаа дуудсан. 2 цагдаа ирээд биднийг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тэгэхдээ өөрийгөө аваад явах чадвартай байсан. А  миний 2 гарны бугуйн хэсгээс гараараа чанга бариад зулгаагаад байсан. 2 гарны бугуйн хэсэг улайсан байна хэд хэдэн удаа үснээс зулгаагаад байсан одоо миний толгой өвдөөд байна, толгойн тус газар руу хэд хэдэн удаа цохисон зүүн хацар, зүүн чамархай хэсэг хавдсан, мөн баруун хөлний шилбэ рүү 1 удаа хөлөөрөө цохисон хөхөрч хавдсан, Харин Н  миний хоолойг зүүн гараараа миний хоолойг маш хүчтэй боосон. Би шинжээчийн дүгнэллтэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Би тархины томографф зураг авахуулсан. Нийт 120.000 төгрөгний зардал гарсан байгаа. Биедээ тогтсон сорви арилгуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7528 дугаартай “...Ч.Б-н биед, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун тохой, баруун сарвуу, бугуйнд цус хуралт, зулай, зүүн чамархай, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шагай, баруун хөлийн тавхай, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 тал/

 

Хохирогч Ч.Б-н толгойн компьютерт томографийн шинжилгээ өгсөн баримт /хх-ийн 43 тал/

 

Шинжээч эмч Т.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Ч.Б-н биед учирсан хүзүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас тархи доргиж үүсэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

 

Шүүгдэгч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Миний бие фэйсбүүкийн “Сайхан хэсээд ирье” нэртэй грүпийн гишүүн байгаа юм. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай грүпийн гишүүд болох Э , М , А , Ч , Мөөгий бид нар “Ашид-Эрдэнэ” нэртэй зочид буудалд уулзаж Буйр нуур руу аялалаар явах төлөвлөгөө гаргасан. Тухайн үед бид нар хоорондоо аялалаар явах талаараа ярилцангаа хоёр литрийн савалгаатай нэг ширхэг пиво ууцгаасан бөгөөд тухайн пивийг Ч ээс бусад нь хувааж уусан. Оройн 22 цагийн орчимд бид нар тарцгаасан бөгөөд буудлын өрөөнд М , Э , А  бид дөрөв үлдсэн. Харин нөгөө хэд яваад өгсөн. Бид нар гаднаас архи авч уух гэсэн боловч дэлгүүр хаасан байсан учир дуудлагын архи хүргэж өгдөг хүн дуудсан. Тэгээд байж байтал Б  бид нарын өрөөнд ганцаараа ороод ирсэн. Би тухайн архины тооцоог хийх гэтэл миний интернэт банк болохгүй байхаар нь тухайн архины тооцоог Б-р хийлгэсэн. Бид нар юм яриад сууж байтал Б  архины тооцоо хийсэн 35.000 төгрөгөө нэхээд байсан. Би түр хүлээж байгаарай одоохон гэхэд Б  та нар муу сайн юмнууд ганц шил архины мөнгөгүй байж яаж зугаалгаар явдаг юм гээд бид нарыг хэл амаар доромжлоод байсан чинь А  чи түр хүлээж байгаа ч юун сүртэй юм гэхэд Б  өмсөж явсан өсгийтэй гутлаараа А гийн духны зүүн хэсэг рүү цохисон. Тэгээд А  босч ирээд Б гийн зүүн талын хацар руу баруун гаараараа нэг удаа алгадаад Б  өөдөөс нь дайраад тэр хоёр хоорондоо ноцолдоод А  Б гийн толгойноос үсдээд доош нь дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.А н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн:”...Оройн 22 цагийн орчимд бид нар тарцгаасан бөгөөд буудлын өрөөнд М , Э , Н  бид дөрөв үлдсэн юм. Тэгээд байж байтал Б  бид нарын өрөөнд ганцаараа ирсэн. Б  бид нар дээр орж ирэхдээ би найзуудаасаа зугтаагаад ирлээ. Найзууд хажууд талын өрөөнд байгаа. Та нар хоол унд захиалж идчихээд надад хэлэхгүй яасан юм гэж уцаарлаад байсан. Тэр үед дуудлагын архи хүргэлтийн эрэгтэй хүн орж ирээд бид нарын захиалсан архийг хүргэж ирээд мөнгө гэтэл Н ийн Мобайл банк нь болохгүй байхаар нь Б г чамд мөнгө байвал түр өгчихөөч гэхэд Б  за гээд 35.000 төгрөг өгсөн. Тэгээд бид нар юм яриад байж байтал Б  би явлаа надаас авсан архины мөнгөө шилжүүл гэхээр нь би түр хүлээж байлдаа  Н ийн мобайл арай болоогүй байна гэхэд бид нарыг архины мөнгөгүй арчаагүй юмнууд гээд гэх мэтээр хэлээд уурлаад эхэлсэн. Тэгээд би Б тай маргалдаж байтал Б  өмсөж явсан гутлаараа миний баруун талын дух руу нэг удаа цохисон. Би босоод нойл руу ороод харахад миний духнаас цус гарч байхаар нь нойлоос гараад Б г яаж байгаан бэ гэхэд төмөг рүү хоёр удаа өвдөглөхөд нь би Б гийн нүүр рүү гарынхаа алгаар түлхээд ор руу унагаасан чинь Б  над руу буцаж босож ирээд дайраад байхаар нь хоёр гарынх бугуйнаас бариад чанга атгаад орон дээр суулгасан. Тухайн гэмтлүүдийг Н  бид хоёр учруулсан. Н , Б гийн өмсөж явсан хувцасных нь энгэрнээс нь татаад орон дээр унагаасан. Тийм болохоор хүзүүний цус хуралт гэмтлийг Н  учруулсан. Харин бусад гэмтлийг миний бие А  учруулсан. Б  над руу зогсоо зайгүй дайраад байхаар нь би эхлээд нүүр рүү нь гарынхаа алгаар нэг удаа түлхсэн. Дахиад дайраад байхаар нь би хоёр гарынх нь бугуйнаас нь хоёр гараараа маш чанга атгаад суулгасан. Тэгээд намайг нойлд байж байхад араас орж ирээд дайраад байхаар нь би Б гийн аль хацар руу нь гэдгээ санахгүй байна. Ямарч байсан хацар руу нь нэг удаа цохисон. Тэгээд Н , Э  хоёр намайг Б гаас салгахаар нь би нойл ороод цусаа угааж байтал Б  орж ирээд над руу дайраад байхаар нь би зүүн гараараа баруун хацар руу нь нэг удаа алгадаад үргэлжлүүлэн үсдэж газар суулгатал Н  М , Э  гурав намайг Б гаас салгаад Н  Б гийн өмсөж явсан цамцныхан энгэрнээс нь татаад орон дээр унагааж байгаад дээрээс нь дараад байсан. Б  миний бие рүү халдсан миний баруун талын дух руу өмсөж явсан өсгийтэй гутлынхаа өсгийгөөр нэг удаа цохисон. Миний төмсөг рүү хоёр гурван удаа өвдөглөөд хөлний шилбэ рүү зургаа долоо удаа өшиглөсөн. Н ийн төмсөг рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн шүүгдэгч Б.Н ийн дансны хуулга, Ц.М-н дансны хуулга, хохирогч Ч.Б гийн “...хохирол төлбөрийг бүрэн хүлээн авсан тул гомдолгүй...” гэх хүсэлт, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүүгдэгч Э.А н хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 54-56 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58 тал/, төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 59 тал/,  гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа /хх-ийн 60 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 61 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй лавлагаа /1 хх-ийн 63 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 64-70 тал/,

Шүүгдэгч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд авсан хувийн байдалтай холбоотойгоор Б.Н ийн асап сангийн лавлагаа /хх-ийн 71-72 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-78 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 80 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 тал/, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 82 тал/, Б.Н ийн Хас банкны дансны хуулга /хх-ийн 83-89 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Шүүхийн дүгнэлт:

 

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.А   Б.Н той нар нь бүлэглэн хохирогч Ч.Б-тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдан зодолдсон, улмаар Б гийн эрүүл мэндэд хүзүү, зүүн бугалга, шуу, баруун тохой, баруун сарвуу, бугуйнд цус хуралт, зулай, зүүн чамархай, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шагай, баруун хөлийн тавхай, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Уг хэрэг гарах болсон шалтгаан нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид Эрдэнэ” гэх зочид буудалд хохирогч Ч.Б , шүүгдэгч Э.А , Б.Н нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ хянах чадвар алдагдсаны улмаас өөр хоорондоо зүй зохистой харьцаж чадаагүйтэй холбоотой байна.

 

Шүүгдэгч Э.А гийн хохирогчийн 2 гарны бугуйн хэсгээс гараараа барьж, үснээс зулгаасан, толгойн тус газар цохисон, баруун хөлний шилбэ хэсэгт өшиглөсөн үйлдэл, шүүгдэгч Б.Н ийн хохирогчийн хоолойг боосон үйлдлийн улмаас хохирогч Ч.Б гийн биед “хүзүү, зүүн бугалга, шуу, баруун тохой, баруун сарвуу, бугуйнд цус хуралт, зулай, зүүн чамархай, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шагай, баруун хөлийн тавхай, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, тархи доргилт” бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 7528 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.  

 

            Иймд хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой бөгөөд шүүгдэгч Э.А , Б.Н нар үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогч Ч.Б гийн эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул прокуророос тэдгээрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Э.А , Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.А , Б.Н нарын хэн хэн нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа учир тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А , Б.Н нар “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 42 дахь талд томограффид үзүүлсэн 120.000 төгрөгийн баримтыг гарган өгсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн  хохирогч Ч.Б гийн “...хохирол төлбөрийг бүрэн хүлээн авсан тул гомдолгүй...” гэх хүсэлт, мөнгө хүлээлцсэн баримт зэргээр хохирогчид 190.000 төгрөг нөхөн төлсөн нь тогтоогдсон.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.А , Б.Н нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт хуулинд заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д нийцнэ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгч Э.А , Б.Н нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг бөгөөд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.А , Б.Н нарт тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А , Б.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-н овогтой Б.Н , Б-н овогтой Э.А  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А , Б.Н нарт тус бүр 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А , Б.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.А , Б.Н нарт сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.А , Б.Н нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А , Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА