Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 941

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч А.Дүүрэнбилэг,

Хохирогч Э.Ц ,

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Н овогт А-н Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000001487 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,”...” ТББ-д жолооч ажилтай, ам бүл ... эмээ, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр хороо, Баруун баян уул ... гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Буянт Ухаа 2-ийн ... тоотод ахындаа түр оршин суудаг /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт А.Т.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н овогт А-н Т нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Фаяр баарны орчим, хохирогч Э.Ц-н нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, дух, хамрын нуруу, зүүн бугалганд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч А.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3 тал/,

 

Хохирогч Э.Ц ын “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр найз нар болох Э , Г  нартай хорооллын эцэст байдаг Тэргэл гэх караоке дотор уулзсан. Тэгээд бид нар тэндээ хүний хоёр шил 0.5 литрийн Сэнгүр гэх пиво уугаад 03 цаг нилээн өнгөрч байхад гарсан. Бид нар гараад унаанд суух гээд явж байхад замын хажууд хэсэг залуус чи юу бэ гээд өөдөөс хүрээд ирсэн. Тэгээд бид нар муудалцаад зууралдаад авсан. Энэ үед нөгөө залуутай унаж босоод зууралдаж байгаад салах үед Т  гэх нөгөө намхан залуу миний нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохиод авсан. Би улмаар барьж авах гэсэн боловч дээгүүр өмссөн байсан хувцасаа тайлаад баруун тийшээ зугтаасан. ...би 3.423.020 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35, 36-38 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Уг хэрэг явдал 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр болсон. Хохирол төлбөрөө нэхэмжилж байгаа. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нөгөө хэд өөдөөс нь хэрүүл маргаан болоод байсан. Тэгж байгаад нэг намхан шардуу царайтай цулам биетэй эрэгтэй чамд хамаагүй гээд маргаан болсон. Тэгээд манай найзыг нэг цохиод авсан бөгөөд манай найз Ц  зууралдаж байгаад газар унагаасан. Тэгээд байж байхад тэр хавьд байсан хүмүүс салгаад босч ирсэн. Гэтэл нөгөө залуу маргаанаа үргэлжлүүлээд хэрүүл хийгээд ухраад байсан. Ц  өөдөөс нь очих үед хамар орчим нь цохиод авсан. Нөгөө залууг манай найз зуурч аваад хоёр машины хооронд орсон. Тэгээд нөгөө намхан эрэгтэй барилцаж байгаад салах үедээ манай найзыг ахин нэг удаа гараараа цохиод авсан. Энэ үед Ц  бариад авах гэтэл эргээд зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-13 тал/,

 

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 17-нд ...Файр гэх шөнийн цэнгээний газар орсон. Үл таних хоёр залуу бичлэг хийгээд байхаар нь боль яагаад бичлэг хийгээд байгааг асуугаад тэр залуутай муудалцаад байж байтал өөр нэг залуу хоёр найзын хамт хүрч ирээд манай найз Т тай ам зөрөөд байсан. Тэгээд нөгөө хоёр хэсэг ноцолдоод дээр, доороо орсон. Ингээд Т  зууралдаж байгаад ганц хоёр гараараа цохилцоод салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Н-н 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “...Э.Ц ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамрын нуруу, зүүн бугалганд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 10773 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 38-42 тал/,

 

Шүүгдэгч А.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Замын хажууд хэдэн залуу, нэг эмэгтэй байсан бөгөөд нэг махлаг бусдаасаа арай өндөр нь боль, боль писдакуудаа гээд байсан. Тэгэхээр нь би чамд хамаагүй гээд хэлсэн. Тэгсэн чинь хороололд чи намайг барахгүй гээд өөдөөс ирээд намайг зуурч аваад газар унагаасан. Хариу ноцолдож байхад тэнд байсан хүмүүс болон манай найзууд салгасан. Нөгөө залуу нэгийн эсрэг нэг хийх үү гээд намайг зодоонд уриалаад байсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гомдол санал байхгүй. Болсон явдалд харамсаж байна. Би гэмтэл учруулна гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз бол урлаг спортын авъяастай, хамт олон дундаа манлайлагч залуу байгаа юм. Баянхошуунд эмээтэйгээ хамт байдаг. Гэрт нь очиход найрсаг хүмүүс  байдаг бөгөөд сургуулийн завсараар нэг төрийн бус байгууллагад ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 54 тал/, тээврийн хэрэгсэлийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 55 тал/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 56 тал/, эл хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57 тал/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-81 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 83-91 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Т аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 7-8, 23-24 дахь талд тус тус авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.                  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч А.Т  , хохирогч Э.Ц  нар нь үл ялих зүйлээс буюу бичлэг хийлээ гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж эхэлсэн байх ба улмаар шүүгдэгч нь хохирогч Э.Ц ын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, дух, хамрын нуруу, зүүн бугалганд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч А.Т ын хохирогч Э.Ц ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн “... хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, дух, хамрын нуруу, зүүн бугалганд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 10773 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ. 

 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 37-39 дэх талд 3.423.020 төгрөгийн баримт гарган өгч, хор уршигт тооцон нэхэмжилсэн.

 

Хохирогчийн хохиролтой холбоотой гаргаж өгсөн дээрх баримтаас шүүх  Супермаркетаас саван, сальфетка зэргийг худалдан авсан 13 дугаартай 23.000 төгрөгийн баримт /2 удаа давхардсан/, эрүүл мэндийн даатгалын төлбөр төлсөн 50.400 төгрөгийн баримтыг буюу нийт 96.400 төгрөгийн баримтууд нь энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шууд хамааралгүй байна гэж дүгнэв. Учир нь гэмт хэрэг гарсан эсэхээс үл хамааран хохирогчоос гарсан зардал байх тул гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Э.Ц ын нэхэмжлэлийн шаардлага 3.423.020 төгрөгөөс тухайн гэмт хэргийн хохиролтой холбоотой нотлох баримтаар тогтоогдсон 3.349.620 төгрөгийг хор уршигт тооцож, шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Т аас 3.349.620 төгрөг гаргуулж, хохирогч Э.Ц т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.  

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Т  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

   Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийг хэр хэмжээг тус тус харгалзаж, шүүгдэгч А.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, улсын яллагчийн санал болгосон 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Т д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Т д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт А-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Т-д сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-аас 3.349.620 /гурван сая гурван зуун дөчин есөн мянга зургаан зуун хорь/-н төгрөг гаргуулж, хохирогч Э.Ц-т олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА