Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 960

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

Улсын яллагч Г.Намжил,

Хохирогч “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэндамба,

Шүүгдэгч Ө.Ц , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Ө-н Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005017191474 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... аймгийн ... сум 3-р баг, ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо Б-Ө ХХК-ний хашаанд дүүгийндээ түр оршин суудаг /РД: /, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт Ө-н Ц.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ө-н Ц нь “Т ” ХХК-ны зогсоолын манаач ажилтай өөрийн төрсөн дүү Ө.Г-г 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд чөлөөтэй байх хугацаанд түр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах “Т ” ХХК-ны барьцааны эд зүйл хадгалах зориулалттай хашаанд байсан контейнар ачих зориулалттай 84-71 ТЧ улсын дугаартай, 40 тонны даацтай, 12R20 гэсэн хэмжээтэй 12 ширхэг шинэ дугуйтай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, бусдад зарж борлуулан “Т ” ХХК-д 6.460.000 төгрөгний хохирол учруулан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Ц ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Ц  нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд буюу өөрийн төрсөн дүү Ө.Г  ажлаасаа чөлөө авсан үед түүний ажил үүргийг гүйцэтгэж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 урд байрлах “Т ” ХХК-ийн түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг барьцааны эд зүйлээ хадгалж байсан хашаанаас контейнар ачих зориулалттай 84-71 ТЧ улсын дугаартай, 40 тонны даацтай, 12 ширхэг шинэ дугуйтай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, бусдад зарж борлуулан “Т ” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тухайн 84-71 ТЧ дугаартай чиргүүл нь гэрчилгээгээр “Т ” ХХК-ийн захирал Я.М-н ээж Г.Б-н нэр дээр байгаа боловч бодит байдалд “Т ” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгө юм. Энэ чиргүүл нь Баянгол дүүргийн 20 хороонд байрлах Б-Х ХХК-ийн хашаанд байсан. Уг хашааг манай компани Б ХХК-тай түрээсийн гэрээний дагуу түрээслэн өөрийн эд зүйлсээ хадгалж, манаачаар нь Ө.Г ажиллаж байсан. Ө.Г нь 2018 онд чөлөө хүсэхэд нь түүний ажил, үүргийг хамт амьдардаг ах Ө.Ц  нь амаар хариуцуулж ажилуулсан байсан. Гэтэл Ө.Ц  нь энэ хугацаанд тухайн чиргүүлийн шинэ 10 ширхэг дугуйг бусдад зарж, оронд нь хуучин дугуй тавьсан байсан. Энэ нөхцөл байдал нь 2020 оны хавар шалгалтаар илэрч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 6.460.000 төгрөгийн хохирол учирсан гэж гаргасан. Үнэлгээг зөвшөөрч байна. Энэ хохирлоос Ө.Г нь цалингаас төлж барагдуулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 4.426.259 төгрөг төлсөн байна. 480.000 төгрөгийг хохиролд тооцож Б ХХК-д төлсөн гэж байна. Тухайн үед уг компанид тухайн чиргүүлийг худалдах талаар ярилцаж байсан боловч худалдаагүй, одоо хүртэл манай Т  ХХК-ийн өмчлөлд байна. Ийм учраас 480.000 төгрөгийг хохирлоос хасч тооцуулах боломжгүй. Үлдсэн хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч “Т ” ХХК-ийн төлөөлөгч Г.Д-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манаач Г ажиллаж байх хугацаанд манай Т  ХХК-д 8471 ТЧ улсын дугаартай чиргүүлийг 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 10 сая төгрөгөнд Н  гэж хүн барьцаалж, улмаар зээл авч байсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч Н  нь зээлээ хугацаандаа төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох чиргүүлийг барьцааны гэрээний дагуу Т-н б-г ХХК нь 2017 бил үү, 2018 онд шилжүүлсэн авсан. ...Ингээд хашаанд байрлуулж тавихдаа уг чиргүүл нь контейнэр ачих зориулалттай 3 голтой 17 метрийн урттай 40 тонн даацтай 12 дугуйтай чиргүүл бөгөөд чиргүүлийг анх байрлуулахдаа 12R20 гэсэн хэмжээтэй 12 ширхэг хээ сайтай дугуйтай хамт байрлуулсан. 2016 оноос хойш хашаанд байсан бөгөөд бүртгэлтэй эд хөрөнгүүдээ компаний зүгээс байнга шалгаад байдаггүй. Ингээд гэнэтийн шалгалт байдлаар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хашаанд дотор эд хөрөнгүүдийг шалгаж үзэхэд 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлийн байх ёстой 12 ширхэг шинэ дугуйнаас 2 ширхэг дугуй л байсан. Харин бусад 10 ширхэг шинэ дугуйг сольж хуучин муу дугуйнууд тавьсан байсан. Энэ байдлыг мэдээд манаас Г-с тодруулахад дугуйг сольж тавиад шинэ байсан дугуйнуудыг зарчихсан байна. Манай ах сольчихсон байна. Би гэхдээ хохирлыг барагдуулна, уучлаарай гэж хэлсэн. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Хохирогч Т  ХХК-ийн иргэн Н.Н  гэх хүнтэй байгуулсан зээлийн гэрээ, автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 14-15, 16-17 тал/,

 

Гэрч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Т ХХК-д 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаанд 2018 оны 4 сард том эгч А нь бурхан болоод, Хөвсгөл аймаг руу гачигдлаар явах шаардлагаар захирал Г зөвшөөрөл авч Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум руу гачигдлаар ажилд явсан. Энэ хугацаанд төрсөн ах Цогтыг өөрийн оронд түр хугацаанд ажиллуулсан. ...Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Т  ХХК-иас хүмүүс ирж шалгалт хийсэн. Энэ үедээ 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлийг хүнд зарж борлуулахаар болж тухайн үед Баян Хөндий ХХК нь худалдаж авсан. Чиргүүлийг хүлээлцэх явцад 12 дугуйнаас 10 дугуй солигдож, хуучин муу дугуй тавигдсан байсан гэдгийг мэдсэн. ...Сүүлд би Ц-с яагаад дугуйнуудыг сольсон талаараа асуухад мөнгөний хэрэг гараад байсан учраас солиод тавьчихсан юм. Байсан дугуйнуудыг нь хүмүүст зарчихсан гээд ямар хүмүүст зарсанаа мэдэхгүй байна гээд хэлэхгүй байсан. Ингээд Б ХХК нь чиргүүлийг худалдаад авчихсан учраас би 10 дугуйны мөнгийг ахынхаа өмнөөс төлөхөөр болсон бөгөөд Б ХХК-ний захирал Б-д 4.800.000 төгрөг өгөхөөр болсон ба уг мөнгөнөөс 480.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн. ...2018 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод гэртээ буюу ажил дээрээ ирээд маргааш өглөө буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө босоод хашаанд байх бүх техникээ өөрийн биеэр шалгахад 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлийн 10 ширхэг дугуй солигдсон байсан. Энэ яагаад солигдсон талаар асуухад мөнгөний хэрэг гараад танихгүй 5 залууд зарсан гэж хэлэхээр нь би уурлаж загнаад уйлахад агаагаа уучлаарай ах нь ажил хийж байгаад өрөө төлнө гээд маргааш өглөө буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум руу явсан. ...Тайгын булаг ХХК-д учирсан хохирлыг би өөрөө төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-30, 33 тал/,

 

Гэрч Я.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 1 дүгээр сард анх манай Т ХХК-д Ө.Г ажилд орсон. Ө.Г надад өөрийн эгч болох А нас барсан талаар ярьж байсан. Гэхдээ надаас чөлөө авч байгаагүй, авто зогсоолын харуулуудад манай захирал Я.М-н чөлөө өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

Т  ХХК-ийн “...Ө.Г-д 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл чөлөө олгосон нь үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 77 тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 34-35 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №БГ2-20-484 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 6.460.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,

 

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 66-75 тал/,

 

Гэрч Ө.Г-ын Т  ХХК-д ажилд орохыг хүсэгчийн анкет, Т  ХХК-ны захирлын “...Өлзийбат овогтой Г  2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс, эхлэн авто зогсоолын харуулаар ажиллуулахаар томилсугай...” гэх тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 78-79, 80-82, 83-84 тал/,

 

Т  ХХК-ийн нягтлан Б.Х-н гарган өгсөн Ө.Г-н хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 85 тал/,

 

Т  ХХК-ийн гарган өгсөн Ө.Г-н цалингийн орлогын тайлан /хх-ийн 91 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн Т  ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “...цалин орлогодов...” гэх утгатай кассын орлогын баримт, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 480.000 төгрөг дугуйны үнэ төлөв гэсэн утгатай Бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20/2-690 дугаартай Т  ХХК-ийн “...2005017191474 дугаартай хэрэгт Т  ХХК-ийг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг М овогтой Ц-д энэхүү итгэмжлэлээр олгов...” гэх албан бичиг,

 

Шүүгдэгч Ө.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн дүү болох Ө.Г-н ажиллаж байсан Т  ХХК-ний барьцаа хөрөнгүүдийг байлгадаг хашаанд түр хугацаанд дүү Ө.Г  гуйснаар 10 хоногийн хугацаанд ажиллаж байхдаа 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлийг 10 ширхэг сайн чанарын дугуйг өөр муу 10 ширхэг дугуйгаар сольж зарж борлуулсан. Мөнгө олох санаа зорилготой байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч байна. Хохирлыг дүү маань цалингаасаа төлж барагдуулж байгаа. Би үлдсэн хохирлыг төлж барагдуулна. ...480,000 төгрөгийг Баянхөндий ХХК-д дугуйны үнэ гээд төлсөн. Иймээс хохиролд тооцуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58 тал/, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх лавлагаа /хх-ийн 59 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 61-64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Ө.Ц ийн үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэргийн 37-38 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр 6.460.000 төгрөгний хохирол учирсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ. 

 

Мөн “Т ” ХХК нь манаач Ө.Г  чөлөөтэй байх хугацаанд Ө.Ц оор түүний ажил үүргийг гүйцэтгүүлж байсан, албан ёсоор тушаал шийдвэр гараагүй ч гэсэн бид амаар тохиролцсон байсан гэж хохирогч тал мэдүүлж байх тул хохирогч “Т “ ХХК нь шүүгдэгч Ө.Ц од өөрийн эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулсан байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ө.Ц ын ашиг олох зорилгоор “Т ” ХХК-ийн эд хөрөнгө болох 12R20 гэсэн хэмжээтэй чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, бусдад зарж борлуулан өөрийн өмчийн адил захиран зарцуулсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж буй нь шууд санаатай ба “Т ” ХХК-ийн өмчид хууль бусаар халдсан  үйлдэлд хамаарна.  

 

Иймд шүүгдэгч Ө.Ц ын “Т ” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 05-15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 урд байрлах “Т ” ХХК-ны барьцааны эд зүйл хадгалах зориулалттай хашаанд байсан контейнар ачих зориулалттай 84-71 ТЧ улсын дугаартай, 40 тонны даацтай, 12 ширхэг шинэ дугуйтай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, бусдад зарж борлуулан “Т ” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ө.Ц ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас “Т ” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол хор учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №БГ2-20-484 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 6.460.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хавтас хэргийн 91 дэх талд авагдсан “Т ” ХХК-ийн санхүүгийн баримтаар нийт 3.833.514 төгрөгийг хохиролд тооцож шүүгдэгчийн төрсөн дүү Ө.Ганбатын цалингаас суутган авсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэндамба “...4.426.259 төгрөг нөхөн төлөгдсөн, 2020 оны 10 дугаар сарын 15-нд 250.000, 10 дугаар сарын 31-ний өдөр 342.745 төгрөг өмнөх баримтанд нэмэгдэнэ...” гэж мэдүүлсэн байна.

 

Мөн хавтас хэргийн 27 дахь талд авагдсан гэрч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ингээд Баянхөндий ХХК нь чиргүүлийг худалдаад авчихсан учраас би 10 дугуйны мөнгийг ахынхаа өмнөөс төлөхөөр болсон бөгөөд Б ХХК-ний захирал Б-д 4.800.000 төгрөг өгөхөөр болсон. Уг мөнгөнөөс 480.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн...” гэх мэдүүлэг болон энэ 480.000 төгрөгийг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн санхүүгийн баримт, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тухайн үед уг чиргүүлийг “Баянхөндий” компанид худалдахаар ярилцаж байсан. Гэхдээ болиод одоо хүртэл чиргүүл ”Т” авто ХХК-д эзэмшилд байгаа...” гэх хохиролтой холбоотой баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан үзэж, энэ гэмт хэргийн хохирол 6,460.000 төгрөгнөөс нийт 4.906.259 төгрөг нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэлээ. 

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-оос эд хөрөнгийн хохирлын төлөгдөөгүй үлдсэн 1.553.741 төгрөгийг гаргуулж, хохирогч “Т ” ХХК-д олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Ц  нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Иймд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол бүрэн арилгаагүй байгаа зэргийг харгалзаж, шүүгдэгч Ө.Ц од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдэлд нийцнэ гэж дүгнэж, 560 /таван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ө.Ц од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Ц од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Ө-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-д 560 /таван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Ц-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ц-оос 1.553.741 /нэг сая таван зуун тавин гурван мянга долоон зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулж хохирогч “Т ” ХХК-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ө.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА