Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 961

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Л.Э , Э.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-Э., Б овогт Э-Я  нарт холбогдох эрүүгийн 2005026541420 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ... настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... бүрэн дунд сургуульд тогооч ажилтай, ам бүл 6, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч....дүүргийн ... дугаар хорооны .... тоотод оршин суудаг, /РД:/ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Л.Э.

 

2. Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн ... настай эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, ... ХХК-д бэлтгэгч тогооч ажилтай, ам бүл 6, ээж 3 дүү хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, горькийн 28 дугаар гудамжны ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .... дүүргийн 16 дугаар хорооны Туулын .... тоотод оршин суудаг, /РД: / улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Э.Я.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.Э  нь Э.Я-тай бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 23, 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 7-132 тоотод төрсөн охин болох хохирогч Э.Я-ыг зодож биед тархи доргилт, тархины аалзан хальсан доорхи голомтлог цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун бугалга, нурууны зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Я нь Л.Э тэй бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 23, 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 7-132 тоотод төрсөн охин болох хохирогч Э.Я-ыг зодож биед тархи доргилт, тархины аалзан хальсан доорхи голомтлог цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун бугалга, нурууны зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Э , Э.Я нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Хохирогч Э.Я-н цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /xx-ийн 4 тал/,

 

Хохирогч Э.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд ээж Э  дүү С  нар нь намайг ажлаас ирж аваад бид 3 гэр рүүгээ харьсан. Ээж Э  нь намайг хаагуур хэнтэй яваад байгаа юм гээд утсаа цэнэглэ гэсэн. Би утсаа цэнэглээд байж байтал утасныхаа кодыг тайл гэж чанга дуугаар орилохоор нь би айгаад кодоо хэлтэл код гарахгүй байсан бөгөөд ээж дахиад намайг кодоо тайлж өг гээд миний толгой болон нүүр рүү алгадсан, энэ үед миний эгч болох Я  буйдан дээрээс чи яахаараа кодоо тайлж өгдөггүй юм гээд миний толгой болон нүүр рүү олон удаа өшиглөсөн. Тэгтэл миний толгой өвдөөд зүүн нүд юм харахаа болиод хавдаж эхэлсэн. Үүнийгээ ээж, эгч хоёртоо хэлтэл нүгэл чинь нүдээрээ гарч байгаа юм хохь чинь гэж хэлээд намайг загнасан. Тэгээд ус буцалгагчны залгуураар намайг ороолгоод зодоод эхэлсэн. Ээж намайг Чи их шазруун зантай юмаа багадаа ийм байсан одоо ч ийм хэвээрээ байна гэж хэлээд үснээс зулгаагаад 2 тийш нь савчуулаад босоод зогсож байхад гэдэс рүү өшиглөөд үүний дараа ээж эгч хоёр ойр зуурын юм яриад унтсан. Би өөрийн дүү болох С оосоо өвчин намдаах эм авч уугаад унтсан. Маргааш өглөө нь ээж намайг ажилдаа яв гээд ус буцалгагчны залгуураар ороолгоод байхаар нь булааж авсан чинь ээж эгчийг дуудаад ажилдаа явсан. Тэр өдөр намайг эгч гэрээс гаргаагүй. Харин маргааш нь ээж эгч хоёулаа ажилдаа явахаар нь би гараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-17, 18-19 тал/,

 

Аюулгүй зэргийн үнэлгээний “...эрсдэлийн түвшин буюу 5 оноо, хохирогчийн эрүүл мэнд хэвийн бус...” гэх тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

 

Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2001, 2002 оны үед санагдаж байна, Э  2 охиныхоо эцгээс салаад өөрийн орон гэр байхгүй байр хөлсөлж байсан учраас Я-г 24 цагийн цэцэрлэгт өгөөд 1 өвөл явуулаад намар нь буцаагаад авсан. ...Э  хүүхдүүдээ зодсон дарамталсан асуудал гаргаж байгаагүй, намайг үг хэлэхэд хүртэл өмөөрдөг, бүх зүйлээ хүүхдүүддээ зориулдаг, ялангуяа Я-д их сайн. ...Миний төрсөн дүү Л.Э  нь өөрөө 4 хүүхдээ өсгөдөг бие даасан эмэгтэй. Я  нэг залуутай үерхэж байгаад хүүхэдтэй болоод хүүхдээ өөрөө өсгөж байгаа болохоор Я ыг өөр шиг нь алдчихвий гэж бодоод л үргэлж зааж зөвлөж байдаг. Я  нь эрэгтэй хүмүүстэй орооцолдож гэртээ хэд хоногоор ирэхгүй алга болсон гэж байсан. Тэгээд энэ талаар ярилцах гэж оролдоход би нас биед хүрсэн хүн яасан ч яадаг юм гэх зэргээр урдаас нь зөрүүдлэхээр нь зодчихлоо гэж байсан. Я  нь эрэгтэй хүмүүстэй холбогдож ямар нэг бүлэг хүмүүстэй нэгдээд уруу татагдаад, чөлөөтэй гадуур яваад байхаар нь ээж эгч нь зааж сургаж байгаа нь өөрт нь илүү үглэж байна гэж боддог болохоор ийм байдалд хүрсэн гэж бодож байна, Нийлж нөхөрлөж байгаа хүмүүсийг нь шалгаж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10162 дугаартай шинжээчийн “...Э.Я-н биед тархи доргилт, тархины аалзан хальсан доорхи голомтлог цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун бугалга, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

Хохирогч Э.Я-н Гэмтэл Согог судлалын үндэсний төвд үзүүлсэн өвчний түүх /хх-ийн 37-45 тал/,

 

Шүүгдэгч Л.Э гийн "Самсунг А51" гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-96, 99-112 тал/,

 

Шүүгдэгч Л.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би ажлыхантайгаа зугаалганд явчихаад гэртээ ирсэн чинь С  Я  эгч гэртээ хоноогүй гэхээр нь би С ыг дагуулаад Я-н ажил дээр очоод гадаа нь хүлээгээд зогсож байтал 21 цаг 45 минутын үед ажлаасаа гарч ирсэн. ...Би утасны кодыг нь гаргуулаад үзсэн чинь Я  нь 2 эрэгтэй хүнтэй зэрэг чатлаад уулздаг байсан чат байсан. Чатандаа би эгчийнхээ нийтийн байранд амьдардаг, яаж нийтийн байранд амьдарна, би уг нь гадаадад амьдардаг корона гээд Монголд түр ирсэн байгаа гэх зэргээр худлаа мэссеж бичсэн байсан. Тэгээд би цээж рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Я  босч ирээд гар хүрсэн. Бид нар унтаад маргааш өглөө нь Я ыг босоод ажилдаа яв гэхэд босохгүй байсан тэгтэл Я  ингэж байхаар алчихаач яах гэж төрүүлсэн юм гээд хашхираад байхаар нь би дуугүй байлгах гээд цээж рүү нь гараараа цохиход гар самардаад байхаар нь ус буцалгагчны залгуураар цохисон. Би 4 хүүхэдтэй нөхөрөөсөө салсан болохоор охиноо бас ийм амьдрал битгий туулаасай гэсэндээ байнга хаана яаж явж байгааг нь мэдэхийг хүсдэг. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр охиноо гэртээ ирж хоноогүй гэхээр буруу зөрүү яваад гэмт хэргийн хохирогч болох бий гэж эх хүний хувьд санаа зовоод ийм асуудал гаргачихлаа. Охиныхоо утсыг үзэхээр янз бүрийн эрэгтэй хүмүүстэй холбогдсон байсан. Гэр орондоо ирэхгүй, гадуур яваад хэцүү байна. Би чадахынхаа хэрээр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж, юмаар дутаахгүй юмсан гэж зүтгэж явна. Охин маань бага байхад асрамжийн газар өгч байсан гэдгийг сонсоод гомдоод байх шиг байгаа юм. Уг нь тухайн асрамжийн газар нь манай хамаатны хүнийх байсан тул би амьдралын эрхээр хүүхдүүдээ цэцэрлэгт байхад 1-5 өдөрт өгөөд 5 дахьд нь өөрөө авдаг байсан. Би охиныгоо хүмүүжүүлэх гээд зодож гэмтээсэн, буруу үйлдэл гаргасан гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Я гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 23-ны үед 22 цагийн үед гэртээ ирээд хүүхдээ унтуулаад байж байтал ээж, дүү С , Я  нар гэрт орж ирсэн. Ээж Я аас чи өчигдөр хаана хоносон юм гэж асуухад Я  гөжүүдлээд хариулахгүй байсан. Тэгээд ээж Я ыг утасныхаа кодыг гаргаад өг гэсэн чинь гаргаж өгөхгүй байсан, ээж Я ыг хэдэн удаа цохиж байгаад утасных нь кодыг гаргуулаад үзэж байтал утас нь унтарчихсан. Тэгээд Я  уурлаад ээж рүү дайраад ээжийг түлхээд байхаар нь би босоод Я ын нүүр толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Я  ээж рүү яах гэж намайг төрүүлсэн юм гээд дайраад байхаар нь би уур хүрээд зодчихсон юм. Маргааш өглөө нь ээж Я ыг босоод ажилдаа яв гэтэл гөжүүдлээд дуугарахгүй байсан, тэгээд ээж босгоод цохиж байх шиг чимээ сонсогдсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр өдөр дүү маань тэвчихийн аргагүй үйлдэл гаргаад ийм зүйл болсон. Үгэнд орохгүй дандаа буруу хүмүүстэй нийлээд, янз янзын санхүү авна энэ тэр гэсэн чат руу ороод байхаар нь гэмт хэргийн хохирогч болчих вий гэж айсандаа ээж бид хоёр загнаж зодсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүүгдэгч Л.Э гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 63 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 65 тал/, Голомт банкы депозит дансны хуулга /хх-ийн 66-68/, Хаан банкы депозит дансны хуулга /хх-ийн 69-79 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 тал/,

Шүүгдэгч Э.Я гийн мөрдөн шалгах ажиллагаанд авсан хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 82 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 85 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 86 тал/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 87 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 88 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Шүүхийн дүгнэлт:

 

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Э , Э.Я , хохирогч Э.Я  нар нэг гэр бүлийн гишүүд байх ба хэрэг учрал болсон 2020 оны 8 дугаар сарын 23-24-ны өдөр ээж Л.Э  нь охин Э.Я ыг гэр орноосоо өөр газар очиж хонолоо, эрэгтэй хүмүүстэй нийлээд буруу яваад байна гэсэн шалтгаанаар маргалдаж эхэлсэн, улмаар энэ үйлдэлд эгч Э.Я нь оролцож, ээжийн үгэнд орохгүй, гадуур тэнээд эрэгтэй хүмүүстэй уулзаад байна гэж Э.Я ыг хамтран зодсон үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт агуулгын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн 10162 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч Л.Э , Э.Я нарын үйлдлийн улмаас хохирогч Э.Я ын биед тархи доргилт, тархины аалзан хальсан доорхи голомтлог цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун бугалга, нурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирчээ.

 

Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой бөгөөд шүүгдэгч Л.Э , Э.Я нар үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогч Э.Я ын эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул прокуророос тэдгээрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.Э , Э.Я нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч Э.Я  нь ёс суртахууны хувьд зохисгүй буруу үйлдэл гаргаж, түүнийг нь эх Л.Э  засч, залруулах буюу өөрийн үр хүүхдээ өсгөн хүмүүмжүүлэх, асран хамгаалах, эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хувьд зөв төлөвшил олгох үндсэн үүргээ биелүүлэх гэсэн сэдэлтээс улбаатай байна. Ингэхдээ хуулиар хориглосон арга хэлбэрийг ашигласан нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэх үндэслэл болж байх тул цаашид гэр бүлийн гишүүдийн хэн алин нь бие биеэндээ хүндэтгэлтэй хандах, хоорондоо зүй зохистой харилцах, гэр бүл, ёс суртахууны төлөвшлийг зөв ойлгон ухамсарлан хүмүүжих шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хавтас хэргийн 31-32 дахь талд авагдсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10162 дугаартай шинжээчийн дүгнэлтээ хохирогч Э.Я ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 113 дахь талд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэжээ.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э , Э.Я нар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт хуулинд заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д нийцнэ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6- дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Л.Э , Э.Я нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Л.Э , Э.Я нарт тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Э , Э.Я нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Л-Э , Бовгийн Э-Я  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э , Э.Я нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э , Э.Я нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э , Э.Я нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Э , Э.Я нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Я  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э , Э.Я нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА