| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1954 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч, хохирогч Г.П , түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,
Шүүгдэгч, хохирогч Э.Э , түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.П , Э.Э нарт холбогдох эрүүгийн 2006 00000 2308 дугаартай хэргийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд, үсчин мэргэжилтэй, “Рах” ХХК-д механик ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.П .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.П нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудлын хажууд хохирогч Э.Э тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун завьжны дотор хэсэгт шарх, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамар, уруул, зүүн хөмсөг, хүзүү, зүүн эгэмд цус хуралт, уруул, баруун эгэмд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудлын хажууд иргэн Э.Энх-Эрдэнийн эзэмшлийн тээвриин хэрэгсэл дотор хохирогч Г.П тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодооны улмаас биед нь дух, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.П мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Э ын өгсөн мэдүүлэг /хх-5-6/, хохирогч Г.П ын өгсөн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Э.Энх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-14-15/, хохирол нэхэмжилсэн баримт /хх-17-18, 22-25/, томографийн зураг /хх-26-27/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9497 дугаартай дүгнэлт /хх-19-20/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2543 дугаартай дүгнэлт /хх-28-29/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-33/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-38/ Г.П ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-63-65/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40, 55/, шинээр шүүгдэгч Г.П ын ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, баримтын мэдээлэл, эмнэлгийн магадалгаа 5 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч Г.П нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудлын хажууд хохирогч Э.Э тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун завжны дотор хэсэгт шарх, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамар, уруул, зүүн хөмсөг, хүзүү, зүүн эгэмд цус хуралт, уруул, баруун эгэмд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Э ын өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цаг 35 минутын орчим Хан-Уулын автобусны буудлын тэндээс ажлаасаа тараад явж байсан юм. Г.П бид хоёр Энх-Эрдэнийг “Жуков орно” гэхээр нь би “Бөхийн өргөөн дээр буучихъя” гээд суугаад явсан. Бөхийн өргөөн дээр явж байсан чинь Г.П намайг “ажлын бичиг баримт аваад явчих” гэхээр нь би “цүнхэнд багтахгүй чадахгүй” гэсэн чинь намайг бичиг баримтаар цохиод “ажлыг ингэж хийдэггүй юм хийвэл хийсэн шиг хий” гээд цохиод байсан. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “чи чадах уу, хойшоо ороод ир” гэхээр нь би буугаад тойроод арын хаалгаар ороо суусан чинь гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Э.Энх-Эрдэнэ “та 2 буу” гээд Бөхийн өргөөний буудал дээр зогсоод машинаас буугаад намайг цохиод мөргөсөн.” /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9543 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Э ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун завжны дотор хэсэгт шарх, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамар, уруул, зүүн хөмсөг, хүзүү, зүүн эгэмд цус хуралт, уруул, баруун эгэмд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” /хх-19-20/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.П ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд ажлаас тараад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн Өргөөний орчимд явж байгаад ажпын засвар үйлчилгээний баримтыг Э.Э ыг “аваад цүнхэндээ хийчих” гэхэд урдаас эсэргүүцээд “чи өөрөө ав, миний цүнхэнд багтахгүй” гэхээр нь “чи одоо ингэж ажил хийдэг юм уу” гээд түүн рүү уурласан. Э.Энх-Эрдэнэ машинаа 1 дүгээр эгнээн зогсооход Э.Э машины урд сууж явж байснаа машинаас буугаад миний сууж байсан хаалгыг онгойлгоод намайг буух гэхэд миний зүүн талын шанаа руу хэд хэдэн удаа цохихоор нь би хажуу тийшээ болоход намайг машин дотор дарж авснаа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Э.Энх-Эрдэнэ ах бууж ирээд Э.Э ыг “боль” гээд татаж холдуулсан. Энэ хооронд би машинаас буухад Э.Э дахиж над руу дайрахаар нь би өөрийнхөө биеэ хамгаалж түүнийг нэлээн хэдэн удаа цохиход түүний хамраас цус гараад байсан ба Э.Э гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгаад байсан.” /хх-63-65/ гэх мэдүүлэг,
2. Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудлын хажууд иргэн Э.Энх-Эрдэнийн эзэмшлийн тээвриин хэрэгсэл дотор хохирогч Г.П тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодооны улмаас биед нь дух, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.П ын өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд хамт ажилладаг Э.Энх-Эрдэнэ ахын машинд Э.Э бид 2 замдаа буухаар машинд нь сууж явсан. Э.Энх-Эрдэнэ ах машинаа бариад түүний хажууд Э.Э суугаад би арын суудал дээр ганцаараа сууж явсан. Машинд явж байхдаа Э.Э ыг ажлын бичиг баримтыг “цүнхэндээ хийчих” гэхэд миний өөдөөс томроод байхаар нь бичиг баримтаар түүний мөр рүү хальт цохисон. Тухайн үед бид нар Хөдөө аж ахуйн автобусны буудлын орчимд явж байсан ба Э.Э учир зүггүй уурлаад машинаас бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод зүүн талын шанаа руу 1 удаа цохиод дараа нь түлхэж байгаад миний дээр гараад толгой, нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Э.Энх-Эрдэнэ ах “боль” гээд түүнийг холдуулаад бид 2 машинаас буусан. Би машинаас буугаад түүний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон.” /хх-11-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энх-Эрдэнийн өгсөн: “... 2020 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цаг 30 минутын орчимд ажлаасаа гараад миний машинд Э.Э , Г.П хоёр “замдаа дөхөж бууна” гээд суусан ба Э.Э урд суудал дээр суугаад Г.П хойд суудал дээр суугаад явж байсан. Тэгтэл бид нарын ажлын засвар үйлчилгээний баримт машинд байхаар нь би тэр хоёрт “ах нь маргааш хөдөө явна, та хоёрын нэг нь энэ баримтаа аваад явчих” гэхэд Г.П нь Э.Э ыг “цүнхэндээ хийчих” гэхэд Э.Э “цүнхэнд багтахгүй, чи өөрөө аваад яв” гэсэн. Тэгтэл Г.П үйлчилгээний баримтаар Э.Э ын хацар руу нь цохиод “чи ингэж ажил хийхгүйээ, ийм бол ажлаа боль” гэсэн. Тэгтэл тэр зодолдох гээд байхаар нь Бөхийн өргөөний автобусны буудал руу шахаж зогстол Э.Э буугаад арын хаалга онгойлгоод Г.П ыг хэд хэдэн удаа цохиод тэр хоёр машины арын суудал дээр зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь машинаас буугаад “та хоёр боль” гээд салгах гэтэл дийлэхгүй байсан ба тэгж байгаад арай гэж салгатал Г.П машинаас буугаад Э.Э ын нүүр рүү 4-5 удаа цохиод бие биенийгээ харилцан цохиод зодолдоод байхаар нь салгаад Г.П ыг машиндаа суулгаад аваад явсан ба Г.П “Жуков” дээр буугаад үлдсэн би цааш хөдлөөд явсан. Баримтын хавтсаар Г.П нь Э.Э ын хацар руу нь цохихоор нь Э.Э “чи арай дэндэж байгаа юм биш үү” гээд дүрсхийж уурлаад машин дотор зодолдох гээд байсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 9543 дугаартай дүгнэлтэд
1. Г.П ын биед дух, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” /хх-28-29/ гэх дүгнэлт,
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-17-18, 22-25/, томографийн зураг /хх-26-27/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-33/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-
35-38/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40, 55/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.П ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудлын хажууд хохирогч Э.Э тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун завжны дотор хэсэгт шарх, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамар, уруул, зүүн хөмсөг, хүзүү, зүүн эгэмд цус хуралт, уруул, баруун эгэмд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Э ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн автобусны буудлын хажууд иргэн Э.Энх-Эрдэнийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Г.П тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодооны улмаас биед нь дух, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.П , Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Г.П , Э.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Хохирогч нар нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Хохирогч Г.П , Э.Э нар нь гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.П , Э.Э нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.
Шүүгдэгч Г.П , Э.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.П , Э.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.П , Э.Э нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.П , Э.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.П , Э.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
6. Хохирогч Г.П , Э.Э нар нь гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.П , Э.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.П , Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.П , Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС