Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 181/2016/00422/и |
Дугаар | 925 |
Огноо | 2017-04-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 925
“Рокмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/2017ШШ/00452 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Рокмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Роял нью кэстл” ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 298 865 713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч “Рокмон” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Роял нью кэстл” ХХК-тай “Бетон зуурмаг нийлүүлэх” тухай 14/16 тоот гэрээ байгуулж нийт 493 511 000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг нийлүүлж, зуурмаг шахагч машины үйлчилгээ үзүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 303 511 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд гэрээний 5.4-д дагуу хоногийн 0.2 хувийн алдангийг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тооцож эхэлсэн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэхэд нийт 268 511 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, алданги 75 197 970 төгрөг болсон. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс талуудын тохиролцоогоор алданги тооцохоо зогсоож, хүү төлөх нөхцлөөр 14/16-1 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх нэмэлт гэрээ”-г байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан. Гэтэл “Роял нью кэстл” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн “Бетон зуурмаг нийлүүлэх тухай” 14/16 тоот гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн “Бетон зуурмаг нийлүүлэх тухай” нэмэлт гэрээг удаа дараа зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 386 дугаар зүйлийн 386.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар талуудын хоорондын “Бетон зуурмаг нийлүүлэх” 14/16 тоот гэрээ, 2015 оны 02 сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээний холбогдох зүйл заалтыг тус тус үндэслэн “Роял нью кэстл” ХХК-иас нийлүүлсэн бетон зуурмагийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 123 511 000 төгрөг, 14/16 тоот гэрээний 5.4-д заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны төлбөрийн алданги 75 197 970 төгрөг, 14/16-1 тоот нэмэлт гэрээний 2.1-т заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хүү 100 156 743 төгрөг нийт 298 865 713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Роял нью кэстл” ХХК шүүхэд гаргасан тайлбар итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх” №14/16 тоот гэрээ байгуулагдаж, өнөөдрийн байдлаар гэрээний эцсийн нийт үлдэгдэл 123 511 000 төгрөг байгаа ба дээрх үлдэгдэл төлбөрийг хэрхэн барагдуулах талаар талуудын захирлуудын түвшинд хийсэн уулзалтууд болон түүнийг баталгаажуулсан тохиролцоонуудыг хийсэн болно. Үүнд:
1.1. Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа энэхүү санхүүгийн хямралаас шалтгаалж манай компанийн бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, хөрөнгө, мөнгөний гачигдал буюу бэлэн мөнгөний хомсдол бий болж буй энэ цаг үед 14/16 тоот гэрээний үлдэгдэл нийт 123 511 000 төгрөгийн санхүүжилтийг улс орны эдийн засгийн байдал болон компанийхаа санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлаж 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах тухай саналыг “Роял нью кэстл” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №240 тоот албан бичгээр хүргүүлсэн ба “Рокмон” ХХК-ийн зүгээс дээрх төлбөрийн графикийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №1/280 тоот албан бичгээр баталгаажуулсан. Манай компаниас төлбөр төлөлт хийгдэж байгаа.
1.2. Мөн “Рокмон” ХХК-иас 123 511 000 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийн төлбөрийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр нэг дор шууд шийдвэрлэж өгөх боломжгүй байгаа бөгөөд өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан төлбөрийн гүйцэтгэлийг түргэн шуурхай хийх боломжтой болохыг удаа дараа буюу №240, №89 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн боловч “Рокмон” ХХК-иас өнөөдрийг хүртэлх хугацаанд тодорхой хариу ирүүлээгүй.
2. Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №14/16 тоот гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь: тус гэрээгээр нийлүүлэгч “Рокмон” ХХК нь захиалагч үнийг төлөхөөс өмнө өөрийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийг гэрээний 3.8, 4.1-т заасан нөхцлөөр шилжүүлэх, захиалагч “Роял нью кэстл” ХХК нь бетон зуурмагийн төлбөрийг гэрээний 3.2, 4.7, 6.1, 6.2-д заасан нөхцлөөр тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн болно. 14/16 тоот зээлээр худалдах-худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан заавал тусгагдах 4 нөхцлийг гэрээнд бичгээр байгуулж, баталгаажуулахыг үүрэг болгосон байдаг. Үүнд: Бэлэн мөнгөөр төлөх, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг талууд бичгээр байгуулсан гэрээнд тохиролцоогүй буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан шаардлагад агуулгын хувьд нийцүүлээгүй учир Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүү төлөхгүй, гагцхүү гэрээний үндсэн төлбөр 123 511 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгч тал 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №14/16-1 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх нэмэлт гэрээ” байгуулсан гэжээ. Дээрх байгуулсан гэрээний агуулга тохиролцооноос үззхэд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэхээр байгаа ч, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг 14/16-1 тоот гэрээнд тусгаагүй нь захиалагч гэрээний 2.1-т заасан 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тухайн үеийн төлбөрийн үлдэгдэл дүнг хэсэгчлэн төлөх ба тухайн төлбөрийг төлсөн дүнг хассан үлдэгдэл дүнд 1 сарын 2.5 хувиар хүү тооцож худалдагч талд нэмж төлөх үүргийг хүлээхгүй. Хариуцагчаас 14/16 тоот гэрээний үлдэгдэл төлбөр нийт 123 511 000 төгрөгийг улс орны эдийн засгийн байдал болон компанийнхаа бүхий л нөөц бололцоог дайчлаад тодорхой графикийн дагуу төлж барагдуулах боломжтой гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг баримтлан хариуцагч “Роял нью кэстл” ХХК-иас 185 266 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113 599 213 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Рокмон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 652 285 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Роял нью кэстл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 084 282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д олгож
шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Рокмон” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хоорондын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14/16 тоот, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14/16-1 тоот нэмэлт гэрээ нь худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх, талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь "эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ"-ээс нэмэгдсэн зэрэг шинжтэй байгаа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэр, агуулга, шинжийг бүрэн агуулсан бөгөөд талууд харилцан тохирч гарын үсэг зурж, тамга дарсан. Өөрөөр хэлбэл, эхний хэлцэл худалдах, худалдан авах гэрээний, дараагийн хэлцэлд шилжихдээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэр, агуулга, шинж, нөхцлөө бүрэн тодорхойлсон бөгөөд 14/16 тоот гэрээний 4.7-д "...захиалагч тал нь нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр тооцоог 30 хоногт нэг удаа нийлж, төлбөрийг 5 хоногт багтаан нийлүүлэгчид дансаар шилжүүлэх үүрэгтэй ..." гэж заасан байдаг. Нэмэлт гэрээг хуульд нийцүүлэн тайлбарлавал бэлэн мөнгөөр төлөх төлбөр 268 511 000 төгрөг гэж тогтоосон, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээг хариуцагч талд эрх, боломжийг өөрт олгосон, төлбөл зохих хүүгийн хэмжээг 1 сарын 2.5 хувь гэж тогтоосон, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг зохицуулсан байна. Мөн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 14/16-01 тоот нэмэлт гэрээ хийхдээ 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 17 хоногийн алданги 10 319 374 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 41 хоногийн алданги 23 247 902 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 28 хоногийн алданги 15 316 616 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 49 хоногийн алданги 26 314 078 төгрөг, нийт 75 197 970 төгрөгийг үндэслэлгүйгээр хангаагүй. Учир нь: талууд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх төлбөрт алданги тооцох, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш алданги тооцохгүй харин хүү тооцохоор болсон. Хариуцагч "Роял нью кэстл" ХХК 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 303 511 000 төгрөг байснаас 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага 75 197 970 төгрөг, хүү 81 477 819 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 18 678 924 төгрөг нийт 175 354 894 төгрөгийг нэмж хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний чөлөөт байдал, түүний агуулга, алданги тооцох үндэслэлийн талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглээүй байгаа тул залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Рокмон” ХХК нь хариуцагч “Роял нью кэстл” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 298 865 713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр №14/16 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээт ажлын төлбөрийг тухайн зуурмагийн үйлдвэрлэлтээс хамаарч 30 хоног бүр тооцоо нийлж, төлбөрийг 5 хоногт багтаан нийлүүлэгч талд дансаар шилжүүлэх үүрэг хүлээлгэхээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан /хх 9-13/.
Мөн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №14/16 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний нэмэлт гэрээ байгуулж, нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 268 511 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх ба тухайн төлбөрийг төлсөн дүнг хассан үлдэгдэл дүнд 1 сарын 2.5 хувийн хүү тооцож, худалдагчид нэмж төлөн, сар бүрийн 18-нд төлбөрийг хүүгийн хамт тооцоо нийлж, актаар баталгаажуулсан үйл баримт хэргийн бармтаар тогтоогдож байна /хх-14-16/.
Дээрх бетон зуурмаг нийлүүлэх гэрээнд бетон зуурмагийн үнийг хэдийд төлөх хугацааг үйл явдлаар тодорхойлсон нь 30 хоног тутамд тооцоо нийлж, тооцоо нийлснээс хойш 5 хоногт багтаан төлбөрийг шилжүүлэх үүргийг тохиролцсоноор тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын хувьд тооцоо нийлсэн акт гарснаас хойш 5 хоногт багтаан төлбөр шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 5 хоногоос эхлэн төлбөр төлөхгүй бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэвч талуудын хооронд тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийг хугацаа хэтрүүлснийг тогтоох, үүнтэй холбоотой алданги тооцох үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм.
Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.4-д “захиалагч нь бетон зуурмагийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд хүлээнэ” гэж заасан боловч талууд энэхүү алданги тооцох нөхцөл болох хугацааг тодорхойлоход шаардлагатай төлбөр тооцоо нийлсэн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Харин талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх нэмэлт гэрээ” нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох шаардлагыг хангасан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан бичгээр гэрээ байгуулсан байна.
Тухайлбал, худалдан авагч тал нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн төлбөрийн үлдэгдэл 268 511 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх ба тухайн төлбөрийг төлсөн дүнг хассан үлдэгдэл дүнд 1 сарын 2.5 хувийн хүү тооцож худалдагч талд нэмж, сар бүрийн 18-нд төлбөрийг хүүгийн хамт тооцоо нийлсэн актаар баталгаажуулахаар тохиролцжээ.
Ийм учраас талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-нд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний нөхцлийг талууд 2015 оны 02 дугаар сагрын 18-ны өдрөөс зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлтэй болгон өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй.
Хуульд гэрээний нөхцлийг дээрх байдлаар өөрчлөхийг хориглоогүй бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан гэж үзэх тул нэхэмжлэгч “Рокмон” ХХК-ийн хувьд “Бетон зуурмаг нийлүүлэх тухай нэмэлт гэрээ”-нд заасны дагуу Иргэний хулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хүү тооцон шаардах эрх үүссэн гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч “Роял нью кэстл” ХХК нь нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн “Бетон зуурмагийн үндсэн үнэ, алданги, хүүгийн тооцоолол” гэх баримтыг няцаагаагүй, уг баримтад заагдсан үнийн дүнг эсэргүүцэн маргаагүй.
Иймээс хариуцагчийн төлбөр төлсөн дансны хуулгыг нэхэмжлэгчийн бетон зуурмагийн үндсэн үнэ, алданги, хүүгийн тооцооллын нотлох баримтуудтай харьцуулан үзээд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хүүд 88 065 072 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. /хх15-16 28-38/
Хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бетон зуурмагийн үлдэгдэл хүү 81 477 819 төгрөг байгаа талаар талууд маргаагүй бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 587 253 төгрөг болж байх тул хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хүртэлх хугацааны хүү шаардсан шаардлагыг хангах боломжгүй. Учир нь: талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хугацаа дуусгавар болох талаар заагаагүй боловч 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу тохирсон хүүгээ төлөхийг шаардаж 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс уг гэрээ цуцлагдсан гэж үзэх тул гэрээ цуцлагдснаас хойш гэрээний дагуу хүү шаардах үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч “Роял нью кэстл” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 123 511 000 төгрөг, хүүгийн төлбөр 88 065 072 төгрөг нийт 211 576 072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д олгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нээмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/2017ШШ/00452 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Роял нью кэстл” ХХК-иас гэрээний үүрэгт 211 576 072 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Рокмон” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 289 641 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтад “1 084 282” гэснийг “1 215 830” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Рокмон” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 034 725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.БАЙГАЛМАА