Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0442

 

“З х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг,

Нэхэмжлэгч: “З х” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 253 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0491/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 253 дугаар шийдвэрээр:

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан “З х” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга:

3.1.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай

“З х” ХХК ь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага нэмэгдүүлэн гаргасан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд уг шаардлагаа “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж өөрчилж өгсөн. Үүнээс хойших бүх шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа дэмжин мэтгэлцсэн нь хэрэгт авагдсан баримт шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдоно.

Гэтэл анхан шатны шүүхээс “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг нэрлэн заасан бөгөөд тэдгээр үндэслэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” хэмжээн дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Манай компанийн зүгээс тухайн маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага, үндэслэлүүдээ тайлбарлан мэтгэлцсээр байхад нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийнхөөрөө тодорхойлон нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1, 6.3-д заасан мэтгэлцэх зарчмыг, 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх...” нэхэмжлэгчийг эрхийг, 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн шүүхийн үүргийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийг огноог 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэж илэрхий алдаатай гаргасан, шүүх хуралдааныг 15 цаг 10 минутаас 15 цаг 25 минут хүртэл буюу 15 минут үргэлжилсэн хэмээн тэмдэглэл үйлдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэл хуулиар тогтоосон хугацаанд гараагүйгээс нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тэмдэглэлтэй танилцсан тул тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах боломжгүй байсан болно.

3.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай

Шүүх газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж зам талбай бариагүй тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.

Гэтэл тухайн газарт 1980  оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан үслэг ангийн сангийн аж ахуйн эд хөрөнгийг хувьчлах үед 1996 онд “З х” ХХК уг газар дээр байрлах 11 объектыг тухайн үеийн ханшаар 15 сая төгрөгөөр худалдаж авсан нь, өмгөөлөгч хувьчлалаар хувьчлагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан арав орчим объектууд байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүрэн харьцуулан үнэлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жил дараалан газраа ашиглаагүй” гэснийг тухайн тохиолдол үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн тухайн газар дахь дэд бүтцийн боломж бололцооноос үүдэн улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, ковидын нөхцөл байдалтай холбоотой сүүлийн 2 жил ажиллагаа тасалдсан зэрэг бодит нөхцөл байдлыг тайлбарлан нотлох баримтуудаа өгсөөр байхад тэдгээрийг үнэлж дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“З х” ХХК нь газар ашиглах эрх үүсэхээс өмнө үслэг ангийн сангийн аж ахуйг хувьчилж авсан бөгөөд төр өөрөө хувьчлах замаар аж ахуйн нэгжийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө, түүний ашиглалт өмчлөгчийн эрх ашгийг хэрхэн талаар бодит нөхцөл байдлыг тогтоолгүй газар ашиглах эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ч зөрчсөн. Энэ талаар нэхэмжлэгч нэг үндэслэлээ болгон маргасан ч шүүх уг асуудалд огт дүгнэлт хийгээгүй орхижээ.

3.3.Шүүх эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тухай

 Шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2 “Хорь буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8207 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй тухай захиргааны акт гаргах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдэх хүргүүлсэн байх бөгөөд тайлбар мэдүүлгээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн дотор ирүүлэхийг мэдэгдэх байдлаар явуулсан нь тогтоогдож байх тул хуульд заасан журмын дагуу зохих ёсоор мэдэгдсэн гэж үзлээ” гэж дүгнээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Гэтэл шүүхийн нотлох баримтаар үнэлээд байгаа, хариуцагчийн мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулсан гэж тайлбарлаж буй Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8207 дугаар албан бичгийг үйлдсэн хугацаа нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор “2020.11.12-2020.12.01-ний өдрийг хүртэл хугацаагаар бүх нийтийн хөл хорио тогтоосон” хугацаатай давхцаж байгаа юм. Мөн уг Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралтаар тухайн цаг үед  ажиллах төрийн байгууллага, хуулийн этгээдийн жагсаалт батлагдсан бөгөөд түүнд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамаараагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сайд, төрийн захиргааны төв байгууллага иргэн, аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, энэхүү үйлдлээ нуух шүүхийг төөрөгдүүлэхийн тулд уг албан бичгийг нөхөж үйлдсэн байх магадлалтай талаар нэхэмжлэгч тал тайлбарласаар байхад энэхүү эргэлзээтэй нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 253 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

1.Анх “З х” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг[1] гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ““З х” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичиг /албан бичгийн хавсралтын 6-д/ хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ[2].

3.Дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 7588 дугаар захирамжаар[3] хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаар тогтоолоор[4] хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ[5].

5.Улмаар 2022 оны 03 дугаар сарын 22, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс[6] үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсэг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах“ гэж тодорхойлсон болох нь тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актуудыг “хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “З х” ХХК-д холбогдох илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлон шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заасантай нийцэхгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, түүний хүрээнд дүгнэлт өгөхийг хуулиар тодорхой заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус гэж тодорхойлон энэ хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргах нь үндэслэлгүй юм.

7.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар[7] Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “З х” ХХК-ийн Төрхурхын аманд байрлах 8.99 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

8.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар[8] “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “З х” ХХК-ийн Төрхурхын аманд байрлах 11.1 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон.

9.Анхан шатны шүүхээс эдгээр маргаан бүхий актуудад дурдсан нэхэмжлэгчийн ашиглалтын 8.99 га болон 11.1 га газруудын аль хэсэгт нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй 11 объект байрлаж байгаа, мөн нэхэмжлэгчээс тайлбарлаж буй улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа нэхэмжлэгч компанийг маргаан бүхий газруудыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

10.Мөн нэхэмжлэгчийн маргаж буй “газар ашиглах эрх үүсэхээс өмнө үслэг ангийн сангийн аж ахуйг хувьчилж авсан, газар ашиглах эрх үүсэхээс өмнө үл хөдлөх хөрөнгө барьсан байсан, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон  нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн” гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай.

11.Дээрхээс гадна хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тайлбартаа “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар цуцлагдсан “З х” ХХК-ийн газар дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/466 дугаар тушаалаар Д.Н-д Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурхын аманд аялал жуулчлалын зориулалтаар 7.3 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон... Иймд иргэн Д.Нямдагвын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна” гэж дурдсан байх тул уг маргаж буй үндэслэл нь маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх, үүнтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулан захиргааны хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

12.Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасныг анхан шатны шүүхээс зөрчсөн байна.

13.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгчээс дахин тодруулж, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбартай холбоотой нотлох баримтуудыг бүрэн цуглуулан, нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгөх шаардлагатай.

14.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр, харин шүүх хуралдааны тэмдэглэлийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тус тус зөрүүтэй огноолсон, мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан 15 цаг 10 минутаас 15 цаг 25 минут хүртэлх хугацаанд буюу 15 минут үргэлжилсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн зэрэг илэрхий алдааг анхан шатны шүүх гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

15.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 253 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 1 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 173 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 178-181 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 197-199 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 212 дахь тал

[6] Хэргийн 2-р хавтас 112-114, 123-137 дахь талууд

[7] Хэргийн 2-р хавтас 39, 40 дэх талууд

[8] Хэргийн 1-р хавтас 95, 96 дахь талууд