| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2018/0355/З |
| Дугаар | 553 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 553
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б,
Хариуцагч: НЗД
Гуравдагч этгээд: “ТСА” ХХК
Гуравдагч этгээд: БГД ЗДТГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 тоот захирамжийн, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 8 дугаар байрны хойд талд байрлах мөсөн гулгуурын талбай бүхий нийтийн эзэмшлийн 1371 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар БГД ЗДТГ т эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах,
БГД ЗД-ад холбогдуулан “БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай байгуулсан 2017 оны 36 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах” тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “ТСА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч иргэн Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Мөсөн гулгуурын талбай нь 4 дүгээр хороолол анх баригдахад тухайн үеийн орон сууцны хорооллын барилга байгууламжийн нормативын дагуу 1982 оны үед баригдан одоог хүртэл ашиглагдаж байгаа нийслэлд байгаа дөрөвхөн мөсөн гулгуурын талбайн нэг юм. Зуны улиралд ч хөл бөмбөг, сагсан бөмбөгийг зориулалтаар ашиглагддаг цахим өвчлөл, мансуурал зэрэг хүүхэд залуучуудын чөлөөт цагийн буруу ашиглалтаас үүдэлтэй нийгмийн тулгамдсан хурц асуудлуудаас сэргийлэхэд ач холбогдолтой, хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжил, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, аюулгүй орчинд амрах амьдрах боломжийг хангасан хэрэгцээ, шаардлага, ашиглалт өндөртэй байгууламж юм.
Энд тохижилт бүхий авто зогсоол барих гэж байгааг мэдсэн цагаасаа эхлэн хууль тогтоомжид заасан хугацаа журмын дагуу БГД ЗД-а, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, НЗД нарт шат дараалан хандсан боловч шийдвэрээ хүчингүй болгохоос татгалзсан тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 тоот захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох үндэслэлийн тухайд.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын холбогдох заалтуудыг үүрэг бүхий байгууллага болох Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хэрэгжүүлээгүй зөрчсөн.
Журмын Хоёр дугаар зүйлийн 2.1.3-т заасан ...Төлөвлөсөн байршил дахь авто зогсоолын төлөвлөлтийг оршин суугчдад танилцуулж, санал авах ажлыг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага зохион байгуулна гэсэн заалт огт хэрэгжээгүй гэж үзэх бүрэн үндэстэй. БГД ЗД-а С.О*******д 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан, урьд нь БГД ЗД-а асан Д.О*******той байгуулсан гэрээгээр тогтоосон хугацаанд төслийг хэрэгжүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон “ТСА” ХХК-ийн Хамтран ажиллах гэрээг дахин сунгахгүй байх тухай миний хүсэлтэд Баянгол дүүргийн Газрын албанаас, Мөсөн гулгуурын талбайд дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай автограаш барихаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01 хүртэл иргэдийн саналыг авч байгаа тул та саналаа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өгнө үү гэсэн хариуг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар ирүүлсэн нь оршин суугчдын санал авалгүйгээр аль эрт 2016 онд захирамж гарсныг баталж байна. Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлан мэдээллээгүй.
Мөн журмын Гурав дугаар зүйлийн 3.2.4-т Санал авбал зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд ... саналыг “Газар барилгажилтын зөвлөл” –ийн хурлаар хэлэлцүүлнэ гэсэн заалт хангагдаагүй. 2017 оны 10 дугаар сард бидний авсан судалгаагаар 8 дугаар байрны 180 айлын 67 нь буюу 37.2 хувь нь мөсөн гулгуурын талбайн зориулалтыг өөрчилж дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай авто зогсоол барихыг эсэргүүцэж гарын үсэг зурсан. Дашрамд дурдахад уг мөсөн гулгуурын талбайн хойд талд 1000 гаруй м.кв талбай бүхий хүүхдийн тоглоомын талбай байдаг тул хоёр дахь тоглоомын талбай хэрэггүй юм.
2. Авто зогсоолын асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломж бий. Энэ орчинд авто зогсоолын хэрэгцээ, шаардлага ихтэй ч эрэлт багатай. 8 дугаар байрны зүүн талд байрлалтай 60 машины авто грааш, Хөгжил хотхоны орон сууцны доорхи авто зогсоолуудад худалдах зар олон байдаг боловч худалдан авагч байдаггүй. Баригдах гэж буй 30 хан зогсоол асуудлыг шийдэхэд нөлөөлөхгүй, харин ч орон сууцны дундах түгжрэл, хүүхдэд аюултай байдлыг нэмэгдүүлнэ. Энэ орчинд одоо ил зогсоолоор ашиглагддаг огт барилгажаагүй 3 газар бий. Юуны өмнө эдгээр газарт олон давхар авто грааш барих нь авто гаржийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах зөв шийдэл мөн гэж үзэж байна.
БГД ЗД-ын ТСА ХХК-тай байгуулсан 2017 оны 36 тоот Хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох үндэслэлийн тухайд.
Баянгол дүүргийн Газрын албанаас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар ирүүлсэн хариуны дагуу Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2017 оны 10 дугаар сарын 03 –ны өдрийн 03/101 тоот хариу албан бичигтээ БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 36 дугаартай Хамтран ажиллах гэрээг хавсарган ирүүлснээс үзэхэд энэ гэрээг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл оршин суугчдын саналыг авч байгааг мэдсээр атлаа санал асуулгын хугацаа дуусахаас хоёр сар гаруй буюу 68 хоногийн өмнө, надад хариу өгөхдөө нэгэнт байгуулсан байсан нь тодорхой байна.
Дээрхи журмын Найм дугаар зүйлийн Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална ... гэсэн заалтыг зөрчиж, урдах 2016 оны Хамтран ажиллах гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй “ТСА” ХХК-тай дахин гэрээ байгуулсан.
Дээрхи байдлаар хууль тогтоомж зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлэх, мөн хуулийн 31 дүгээр 31.1, 31.3-т заасны дагуу 8 дугаар байрны оршин суугчдаас санал авсан эсэх, хуурамчаар санал бүрдүүлсэн гэдэг оршин суугчдын яриа үнэн эсэхийг тогтоох, граашийн төлөвлөлтийг “Газар барилгажилтын зөвлөл”-өөр хэлэлцсэн бол хурлын тэмдэглэл, баримт, шийдвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар шаардан авч өгөхийг тус тус хүсье.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлэх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүй чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой. Тус захиргааны актын улмаас нэхэмжлэгч Д.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болохыг тодорхойлоогүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамжийн БГД ЗД-ын тамгын газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтэд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Гараашийн барилгын тухай” 03/2207 дугаар албан бичгээр, Захиргааны хэргийн шүүхэд хандах тул газар эзэмших эрхийн талаар баримт бичиг гаргуулахаар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан хүсэлтэд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус хариу өгсөн байна.
Үүнээс үзэхэд иргэн Д.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.5, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
БГД ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Бидний авсан судалгаагаар 8 дугаар байрны 180 айлын 76 нь буюу 37.2 хувь нь мөсөн гулгуурын талбайн зориулалтыг өөрчилж дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай авто зогсоол барихыг эсэргүүцэж гарын үсгийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зурсан” байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “бид” гэж чухам хэн хэн болох мөн нэхэмжлэлд хавсаргасан 61 иргэдийг төлөөлж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.9, 18.3 дахь хэсэгт заасан төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнийгээ нотлоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нь зүйтэй бөгөөд захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт хуулийн зорилтыг “Хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлооо хамгаалуулахаар захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байдаг.
Мөн хуулийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгч иргэний ямар хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын төлөвлөсөн байршлаас бусад байршилд иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барьж, байгуулахаар ирүүлсэн саналыг Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авна”, 3.4 дэх хэсэгт “журамд заасан шаардлагыг хангасан авто зогсоол барихаар санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас баталсан загварын дагуу мэдээллийн самбарыг хийж байрлуулах байршлыг тогтоож өгнө” гэж тус тус заасан байдаг.
Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт “Санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барихаар ирүүлсэн саналыг газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 1 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийн дагуу маргаан бүхий газарт Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар БГД ЗДТГ т дүүргийн 8 дугаар хорооны 8 дугаар байрны хойд талд байрлах 1371 м.кв газрыг “Тохижилт бүхий газар доорх авто зогсоол”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн шийдвэрлэсэн.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт “Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаас дэмжсэн дүгнэлт гарсны дараа дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамжийг үндэслэн авто зогсоолын барилга, байгууламжийг барьж байгуулах зорилго бүхий хамтран ажиллах гэрээг “ТСА" ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулсан болно.
Дээрх ажил нь дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдан хийгдэж байгаа бөгөөд авто зогсоолын барилга, байгууламж баригдсанаар нийслэл, дүүргийн өнгө үзэмж нэмэгдэн, гэрэлтүүлэг, орчин үеийн шаардлагад нийцсэн тоглоомын талбай, орчны тохижилт бүхий авто гарааштай болж эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Гуравдагч этгээд “ТСА” ХХК-ийн захирал Ө.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Д.Бийн 2018 оны 04 сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн засаг даргын 2015 оны А/933 тоот захирамжийн БГД-ийн ******* хороо ******* байрны урд талбайд 1371 м2 газрыг дээрээ хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий , газар доорхи авто зогсоолын зориулалтаар БГД-ийн Тамгын газарт эзэмшүүлсэн хэсэг, мөн БГД-ийн Засаг даргын “ТСА” ХХК -тай байгуулсан 2017 оны 36 тоот Хамтран ажиллах гэрээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь ямар ч үндэслэлгүй байна.
Манай компани нь 2015 оноос хойш НЗД Э.Б-ийн санаачилсан “Дээрээ хүүхдийн тоглоомын талбай тохижилт бүхий газар доорхи авто зогсоол ”-ын төслийг Баянгол дүүргийн, ******* хороо, ******* байрны гадаа тоглоомын талбайд хэрэгжүүлэх зорилгоор хуулийн дагуу шаардлагатай бүх бичиг баримтыг өнөөдрийг хүртэл бүрдүүлж ирсэн билээ.
Манай компани доорхи үндэслэлээр иргэн Д.Б-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 тоот захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох үндэслэлийн тухайд:
Манай компани Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 175 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авч БГД- ийн ******* хороо ******* байрны Т******* СӨХ-тэй хамтран 2015 оны 5 сарын 28-ны өдөр БГД -ийн ******* хороо ******* байрны нийт 5 орц 145 айлаас албан ёсоор “Дээрээ хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий газар доорхи авто зогсоол”-ын төслийн танилцуулгыг үзүүлэн уг байрны зүүн талд байрлах талбай дээр хэрэгжүүлэхийг зөвшөөрөх, зөвшөөрөхгүй талаар санал хураахад 118 айл нь уг төслийг дэмжсэн байна. Энэ нь нийт оршин суугчидын 81.3 хувь нь дэмжсэн гэсэн үг юм. Тиймээс дээрхи журмын 3.9-т зааснаар санал авбал зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаар оруулж хэлэлцүүлнэ гэсэн заалтыг бүрэн хангаж байна. Гэтэл иргэн Б 2017 оны 08 сарын 01-нээс 11 сарын 01 хүртэл иргэдийн санал авсан гэж бичсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Мөн иргэн Б нь 2017 оны 10 сард ******* байрны иргэдээс санал авсан, нэхэмжлэлдээ уг төслийг дэмжихгүй байгаа хэмээн тус байрны 67 иргэдийн нэрийг гараар бичиж хавсаргасан байна. Энэ санал нь:
Дур мэдэж иргэдээс санал авсан, ямар нэгэн төрийн байгууллага, Тухайн байрны Т******* СӨХ-өөс зөвшөөрөл аваагүй.
Уг саналыг авахдаа 8 дугаар байрны иргэдэд 12 давхар барилга баригдах гэж байна хэмээн төслийн талаар буруу ойлголт өгч иргэдээс санал авсан. Уг асуудал нь 8 дугаар байрны иргэдийн яриагаар нотлогдож байгаа болно. Шаардлагатай гэвэл уг үйлдлийг нь гэрчлэх гэрчүүд байгаа болно.
Уг саналыг авахдаа ******* байрны иргэдэд 12 давхар барилга баригдах гэж байна хэмээн төслийн талаар буруу ойлголт өгч иргэдээс санал авсан. Уг асуудал нь ******* байрны иргэдийн яриагаар нотлогдож байгаа болно.
Санал гэсэн хуудсанд бичсэн ******* байрны 67 иргэдийн нэрсийн 50 хувь нь уг байранд оршин суудаггүй иргэд байсан. СӨХ-ийн дарга, орцны жижүүрүүд нь уг иргэдийг танихгүй байсан болно.
Дээрхи үпдэслэлүүдээр иргэн Базаргүрийн ******* байрны иргэдээс дур мэдэж авсан санал нь хүчин төгөлдөр бус юм.
БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай байгуулсан 2017 оны 36 тоот Хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох тухайд:
Манай компани 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн БГД-ийн Засаг дарга Д.О*******той 017 тоот хамтран ажиллах гэрээг анх байгуулсан бөгөөд уг гэрээ нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусгавар болсон учир 2017 оны 8 сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл БГД-ийн Засаг дарга С.О*******тай хамтран ажиллах гэрээг дахин хийсэн болно.
Гэрээг дахин хийсэн болон Засаг дарга Д.О-той хийсэн 017 тоот гэрээний хугацаанд төсөл хэрэгжээгүй үндэслэл нь:
Д.О******* Засаг даргатай хийсэн хамтран ажиллах гэрээний хугацаа хэтэрхий богино.
Ямар ч барилгын ажил явагдах боломжгүй. Тус гэрээний хугацаа нь өвөл таарч байсан.
Бичиг баримтууд дутуу учир барилгын ажил эхлэх боломжгүй.
Нийслэлийн Газрын албанаас БГД-ийн Тамгийн газрын нэр дээр уг төслийн газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй тодорхой бус шалтгаанаар олон сар болсон, 2017 оны 09 дүгээр сарын 20-нд гэрчилгээ гаргаж өгсөн.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажил эхлэх зовшөөрөл нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гарсан.
Дээрхи шалтгаануудын улмаас Засаг дарга Д.О-той хийсэн 017 тоот гэрээний хугацаанд манай компаниас үл шалтгаалан төсөл хэрэгжээгүй бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр БГД ЗД-а С.О-тай хамтран ажиллах гэрээг дахин хийсэн болно. Дээрхи зайлшгүй шалтгааны улмаас гэрээг хоёр тал харилцан тохиролцож дахин хийсэн бөгөөд уг гэрээг манай компани хүчин төгөлдөр гэж үзэж байна.
Гуравдагч этгээд БГД ЗДТГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Д.Б-ээс гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 тоот захирамжийн БГД-ийн ******* хорооны ******* байрны дунд 1371 мкв газрыг БГД-ийн ЗДТГ-т эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 8 дугаар байрны хойно 1371 мкв газрыг “Авто зогсоолын зориулалтаар” БГД ЗДТГ т эзэмшүүлсэн. Дээрх газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 175 дугаар тогтоолуудыг үндэслэн олгосон байна.
Дээрх газрыг дүүрэгт эзэмшүүлснээр нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор Үлаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж газар дээрх болон газар доорх авто зогсоолыг барьж байгуулах зорилготой.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Баянгол дүүрэгт эзэмшүүлсэн дээрх шийдвэр нь тухайн иргэний Газрын тухай хуульд заасан ямар хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байгаа болох, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ямар үндэслэл болж байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй тодорхойлоогүй байна.
Харин тухайн хувь /нэг/ иргэний үзэл бодол, 8 хорооны болон тухайн орчинд оршин суудаг иргэдийн эрх ашигийг төлөөлж байгаа мэтээр буюу “...авто зогсоолын төлөвлөлтийг орчин суугчдад танилцуулж, санал авах ажлыг ... хэрэгжүүлээгүй” гэх мэтээр тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 3.1.3-т “нэхэмжпэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52.5.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг тодорхойлолгүй иргэд, оршин суугчдийг төлөөлсөн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсний дагуу мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Б-ээс НЗД д холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 тоот захирамжийн, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 8 дугаар байрны хойд талд байрлах мөсөн гулгуурын талбай бүхий нийтийн эзэмшлийн 1371 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар БГД ЗДТГ т эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах,
БГД ЗД-ад холбогдуулан “БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай байгуулсан 2017 оны 36 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэг: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар “газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 8 дугаар байрны хойд талд байрлах мөсөн гулгуурын талбай бүхий нийтийн эзэмшлийн 1371 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар БГД ЗДТГ т эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч НЗД 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 8 дугаар байрны хойд талд байрлах нийтийн эзэмшлийн 1371 м.кв газрыг тохижилт бүхий газрыг авто зогсоолын зориулалтаар БГД ЗДТГ т эзэмшүүлэн гэрчилгээ бичиж олгохдоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоол -оор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж, байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагын төлөвлөсөн байршлаас бусад байршилд иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барьж, байгуулахаар ирүүлсэн саналыг Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авна”, 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт “Санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барихаар ирүүлсэн саналыг газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу өөрийн гаргасан 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн АДХ/1 дүгээр хурлаас гарсан дүгнэлт зэргийг үндэслэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Б-ээс маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар НЗД д хандаж байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/2697 тоотоор, мөн түүний 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдөл гомдолд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус холбогдох хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн болох нь тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан маргаан бүхий актын талаарх гомдлоо уул актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хуулийн хугацаанд гаргаагүй, энэ хугацаа нь хэтэрсэн байх бөгөөд хугацаа сэргээлгэх талаар шүүхэд хандаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу иргэн Д.Б-ийн энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзвэл хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргах эрх нээлттэй болно.
Хоёр: “БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай байгуулсан 2017 оны 36 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж, байгуулах журам”-д заасны дагуу “Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас гуравдагч этгээд “ТСА” ХХК-ийг БГД ЗД-атай хамтран ажиллах гэрээ байгуулан, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгажээ.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт “Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаас дэмжсэн дүгнэлт гарсны дараа дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамжийг үндэслэн авто зогсоолын барилга, байгууламжийг барьж байгуулах зорилгоор “ТСА" ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн БГД ЗД-а Д.О-той 017 тоот хамтран ажиллах гэрээг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр БГД ЗД-а С.О-тай 036 дугаар гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан болно.
Шүүх маргаан бүхий “БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай байгуулсан 2017 оны 36 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн шинжийг судлан үзээд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд 52.2.5-д заасан захиргаан гэрээ мөн гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий 36 дугаар гэрээтэй холбогдуулан “...оршин суугчид, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг хөндөгдөж байна. Маргаан бүхий талбайд гарааш барих шаардлагагүй, нэхэмжлэгч нь өөрийн болон бусдын эрх ашиг зөрчигдөж байгаа тул төлөөлөл байхгүй ч нийтийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан болно.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэмэмжлэлийг хянан шийдвэрлэдэг.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; 52.5.2-д “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” талаар тусгана гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэгт дурдсан нөхцөл байдлуудаас үзвэл маргаан бүхий “Хамтран ажиллах тухай” 36 тоот гэрээ нь нэхэмжлэгч Д.Бийн субьектив эрхийг хөндөөгүй, уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яг хэрхэн зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй болно.
Мөн маргаан бүхий БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай байгуулсан 2017 оны 36 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” нь Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасан “Захиргааны гэрээ байгуулахад бусад захиргааны байгууллагын зөвшөөрөл, баталгааг авах, эсхүл тухайн захиргааны байгууллагыг оролцуулах талаар хуульд заасан бол энэ шаардлагыг биелүүлсний үндсэн дээр захиргааны гэрээг байгуулна” гэснийг хангасан байхын сацуу энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул уг гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь заалтыг тус тус баримтлан иргэн Д.Б-ээс НЗД д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар “газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 8 дугаар байрны хойд талд байрлах мөсөн гулгуурын талбай бүхий нийтийн эзэмшлийн 1371 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар БГД ЗДТГ т эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.5, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан “БГД ЗД-ын “ТСА” ХХК-тай байгуулсан 2017 оны 36 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР