| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1885 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч А.Ө , түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Ө т холбогдох 2003 00372 0301 дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, слесарь ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , А.Ө .
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Ө нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн зам “Болор” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Тоёота приус” маркийн 57-28 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Киа вонго” маркийн 48-56 УБО, “Тоуоёа приус” маркийн 84-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, явган зорчигч Ч.Хүрэлбаатар, М.Хатанбаатар нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хохирогч М.Хатанбаатарын өгсөн мэдүүлэг /хх-25-27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-16/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-17/, хохиогч Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдүүлэг /хх-31-33/, иргэний нэхэмжлэгч Д.Жавзмаагийн өгсөн мэдүүлэг /хх-36-37/, иргэний нэхэмжлэгч Ц.Саруулболдын өгсөн мэдүүлэг /хх-40-42/, иргэний хариуцагч И.Цэрэнтогтохын өгсөн мэдүүлэг /хх-46-47/, гэрч Б.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх-57-59/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7094 дугаартай дүгнэлт /хх-62-64/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7093 дугаартай дүгнэлт /хх-66-67/, “Вendo” ХХК-ийн компанийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-73-76/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-79-82/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-85-86/, шүүгдэгч А.Ө ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-156/, шинээр банкны хуулга 2 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Ө нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн зам “Болор” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Тоёота приус” маркийн 57-28 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Киа вонго” маркийн 48-56 УБО, “Тоуоёа приус” маркийн 84-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, явган зорчигч Ч.Хүрэлбаатар, М.Хатанбаатар нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хатанбаатарын өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Киа Вонго маркийн 48-56 УБО улсын дугаартай автомашинд суугаад явж байсан. Тухайн үед машиныг манай найз Ч.Хүрэлбаатар жолоодож явсан. Тэгээд манай 16 цагийн үед “Болор” хүнсний дэлгүүрийн зүүн замд замаас гараад зорчих хэсгийн хөвөөн дээр зогсоод найзтайгаа хамт хойд талын дугуйны завсар орсон чулууг найз авах гээд би хажууд нь зогсож байсан. Тэгтэл гэнэт ар талаас нэг зүйл мөргөх шиг болсон. Тэгээд надад мэдэх зүйл байхгүй ухаан алдчихсан байсан. Би тухайн үед найзынхаа машины дугуй хэсэг рүү доошоо хараад зогсож байсан. Ирж байгаа машиныг хараагүй. Би осол болох үед замаас гараад замын хажуугийн хөвөөн дээр зогсож байсан.” /хх-25-27/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Хүрэлбаатарын өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Киа Вонго маркийн 48-56 УБО улсын дугаартай автомашинаа жолоодоод “Өгөөмөр” захын хажууд очиж тэвш авах гээд явж байсан. Тэгтэл хойд талын давхар дугуйнд том чулуу хавчуулагдсан байхаар нь 16 цагийн үед “Болор” хүнсний дэлгүүрийн зүүн замд замаас гараад зорчих хөвөөн дээр зогсоод найзтайгаа хамт хойд талын дугуйны завсар орсон чулууг авах гээд машины хажууд юмаар хөшөөд авах гээд зогсож байсан. Тэгтэл гэнэт юм дэлбэрч байгаа юм шиг юм хөмрөөд явчихсан. Тэгээд нэг сэхээ орох үед би 2 машины голд хавчуулагдчихсан. Миний 2 хөлөн дээр жижиг машин гараад зогсчихсон байсан. Тэгээд би дарагдчихсан байсан учир босож чадахгүй байж байтал хэдэн залуучууд орилж ирээд нөгөө машиныг өргөөд намайг завсраас нь гаргаж авсан. Манай найз М.Хатанбаатар бид хоёр л хамт байсан.” /хх-31-33/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Жавзмаагийн өгсөн: “...Киа Вонго” маркийн 48-56 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Учирсан хохирлыг нэхэмжилж байна. Эсвэл адилхан сэв зураасгүй автомашиныг нэхэмжилж байна.” /хх-36-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Саруулболдын өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 6-ны Улиастай хуучин эцэст хойд талын намын ухуулах байрны гадна машинаа зогсоол дээр тавиад дотогш ороод байж байтал гадаа тас гээд дуугарсан. Тэгэхээр нь гадагшаа гүйгээд гарсан. Тэгтэл миний машины зүүн талд зорчих хэсэг дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгтэл миний машин дотроос 2 дүү буугаад ирсэн. Тэгтэл машинд хавчуулагдсан байсан хүн “ахыгаа авраарай” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би хоёр дүүтэйгээ хамт гүйж очоод дээр нь байсан машиныг бид гурав өргөөд нөгөө хүнийг завсраас нь гаргасан. Нөгөө хоёр хүнийг үзээд шууд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Араас нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн.” /хх-40-42/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч И.Цэрэнтогтохын өгсөн: “...Тоёота приус маркийн 57-28 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн автомашин. А.Ө нь миний ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Миний зүгээс бусдад учирсан хохирлыг боломж бололцоогоороо барагдуулж өгнө.” /хх-46-47/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганзоригийн өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамаатны ах Саруулболдын хамт сонгуулийн ажилд явж байгаад Улиастайн 23 дугаар намын үүрийн гадна талд ирээд зогссон. Миний сууж байсан машины ар талаас нэг зүйл мөргөх шиг болсон. Тэгэхээр нь машинаас гараад хартал нэг Портер маркийн автомашины хойд хэсэг дээр Тоёота приус маркийн автомашин урд хэсгээрээ даваад зогсчихсон байсан. Мөн уг хоёр машины голд нэг хүн хавчуулагдсан байдалтай байсан. Нөгөө хүн “ахдаа туслаарай” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр хавьд байсан хүмүүсийг дуудаад машиныг нь өргөөд нөгөө хавчуулагдсан ахыг өргөж гаргаад сандал дээр суулгасан. Бас нэг хүн зам дээр хэвтэж байсан. Тухайн үед Тоёота приус маркийн автомашины жолооч согтуу нэлээн архи үнэртэж байсан. Тухайн үед Тоёота приус маркийн 57-28 УБТ улсын дугаартай автомашин зам тээврийн осол гаргахдаа урсгал сөрж орж ирсэн байсан. Миний сууж байсан автомашин замын хажуугийн хөвөөн дээр зогсож байсан. Тоёота приус маркийн 57-28 УБТ улсын дугаартай автомашины жолооч тухайн үед осол болсны дараа маш их согтуу байсан. Их архи үнэртэж байсан.” /хх-57-59/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7094 дугаартай дүгнэлтэд:
1. Ч.Хүрэлбаатарын биед бүсэлхий нурууны 1-р нугалмын шахагдсан, баруун тахилзуур ясны далд хугарал, зүүн тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-62-64/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7093 дугаартай дүгнэлтэд:
1. М.Хатанбаатарын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр даланд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-66-67/ гэх дүгнэлт,
“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн 31049 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ тайлангийн хавсралт “...Тоёота приус 11 маркийн 84-23 УНИ улсын дугаартай ... Үнэлгээгээр тогтоогдсон дүн 800.800 төгрөг.” /хх-73-76/ гэх дүгнэлт,
“Хас Үнэлгээ” ХХК автомашины эвдрэл, хохирлын 569 дугаартай үнэлгээ “...Тоёота приус 20 маркийн 57-28 УБТ улсын дугаартай ... Үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.578.000 төгрөг.” /хх-79-82/ гэх дүгнэлт,
“Ашид Билгүүн” ХХК автомашины эвдрэл, хохирлын 106 дугаартай үнэлгээ “...Киа Вонго маркийн 48-56 УБО улсын дугаартай ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 613.000 төгрөг.” /хх-85-86/ гэх дүгнэлт,
2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадалгаанд: “...
1. Тоёота приус-20 маркийн 57-28 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч А.Ө ыг драгер багажаар шалгахад 1.90 хувийн согтолттой байсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн, мөн дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Ч.Хүрэлбаатар, М.Хатанбаатар нар нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” /хх-122-123/ гэх магадалгаа,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ө ын яллагдагчаар өгсөн: “...Согтуугаар машин барьж осол гаргасан нь миний буруу. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” /хх-137-138/ гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-16/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-17-18/,
Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /хх-92-98, 100-110/,
Хохирол төлсөн баримт /хх-150, 153, 157-163, 165-166, 190/,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-198, 200/,
Шүүгдэгч А.Ө ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-156/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-220-225/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч А.Ө нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн зам “Болор” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Тоёота приус” маркийн 57-28 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Киа вонго” маркийн 48-56 УБО, “Тоуоёа приус” маркийн 84-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, явган зорчигч Ч.Хүрэлбаатар, М.Хатанбаатар нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болох зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч М.Хатанбаатар, Ч.Хүрэлбаатар, иргэний нэхэмжлэгч Д.Жавзмаа, Ц.Саруулболд, иргэний хариуцагч И.Цэрэнтогтох нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7094 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7093 дугаартай дүгнэлт, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан.” /хх-73-76/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан” /хх-79-82/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан.” /хх-85-86/ гэх дүгнэлт, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа.” /хх-122-123/, А.Ө ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.Ө нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчид хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ө ын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн зам “Болор” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Тоёота приус” маркийн 57-28 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Киа вонго” маркийн 48-56 УБО, “Тоуоёа приус” маркийн 84-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, явган зорчигч Ч.Хүрэлбаатар, М.Хатанбаатар нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч А.Ө ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хангалттай тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч А.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн 580100 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Ө ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Ө ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар А.Ө т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар А.Ө нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн 580100 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Ө т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ө т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ