Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1158

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00125 1305 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.Б, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд *** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-4 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 230 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 750 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 cap 9 хоног хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 2 жил 7 сар 27 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хохирогч Д.Ч-ээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 461-р хорих ангийн ажилтан байна. Төрсөн дүү болох Б.Г-г чинь хугацаанаас өмнө суллахаар болсон хувцас хунар авч өгөх мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 221,000 төгрөгийг Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх АТМ бэлэн мөнгөний машинаас дансаар шилжүүлэн авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б.Б нь хохирогч Д.Ч-ийг “Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтан байна. Танай дүү Б.Г-г хугацаанаас өмнө суллахаар болсон хувцас хунар авч өгөх мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 121,000.00 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 100,000.00 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, бусдад 221,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Гэм буруу дээр маргах зүйлгүй, хохирогчоос 221,000 төгрөг авсан нь үнэн, хохирлоо бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ээж Ж.Д над руу залгаад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангиас хүн залгаад дүү Б.Г-г чинь сайн хүмүүжиж, ажил сайн хийсэн болохоор хугацаанаас өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр суллахаар болсон гэж байна, би чиний дугаарыг өгсөн шүү” гэж хэлсэн. Миний төрсөн дүү Б.Г 2018 онд байхаа, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамт архи ууж байсан залуутайгаа муудалцаж хутгалаад биед нь гэмтэл учруулсан хэргээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхээр орж 3 жил 5 сарын хорих ял аваад цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан юм. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэг хүн залгаад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангийн нийгмийн ажилтан ахмад М гэх хүн байна, танай дүүг хугацаанаас өмнө суллах гэж байна. 121,000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь баярлаад надад өгсөн “***” дугаартай Э.У гэдэг хүний данс руу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 121,000 төгрөгийг “Батхорол гандай“ гэсэн утгатай шилжүүлсэн. Тэр хүн маргааш нь над руу дахиж залгаад “Б.Г-г гаргах гэсэн чинь хувцас хунар байхгүй байна, мөн идэж уух юм авч өгмөөр байна” гэхээр нь мөн түүний хэлсэн “***” дугаартай Ц.Г гэдэг хүний данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш өөрийгөө М гэж танилцуулсан тэр залуу байнга яриад “ийм ч юм, тийм ч юм” гээд нэхээд байхаар нь сэжигтэй санагдаад дахиж мөнгө өгөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 461 дүгээр ангид очиж “Б.Г-г суллах гэж байгаа гэсэн би тосох гэж ирлээ” гэж хэлэхэд 461 дүгээр ангийн алба хаагчид гайхаад Б.Г-г 1 жил 6 cap орчмын дараа суллах юм байна гэж хэлсэн. Тэгээд би жижүүрийн алба хаагчдаас нь “танайд нийгмийн ажилтан ахмад М гэж хүн байдаг юм уу” гэж асуухад “манай нийгмийн ажилтан эмэгтэй хүн байдаг, ахмад М гэж байдаггүй, таныг залилсан юм шиг байна” гэж хэлсэн. Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-21, 28 дугаар хуудас);

3. Гэрч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Барс захын хойд талд байрлах 68 дугаар байрны 1 давхарт байдаг цайны газартаа ажлаа хийгээд байж байтал 13 цагийн үед гаднаас 30 гаран насны намхан нэгэн эрэгтэй орж ирээд, хоол захиалж сууж байгаад, хүрч ирээд “одоо чиний данс руу 121,000 төгрөг орох ёстой орсон уу” гэж асуухаар нь би “юу яриад байгаа юм бэ” гэхэд “ах нь хөдөөгөөс саяхан орж ирлээ, виза карт, бичиг баримтаа гэртээ орхичихсон байна. Танай ханан дээр бичээстэй байгаа дансны дугаарыг хүнд өгчихсөн удахгүй мөнгө орох байх” гэж хэлээд байж байтал миний Хаан банкны *** дугаартай данс руу *** дугаартай данснаас мөнгө шилжиж орж ирсэн. Тэгээд би тэр хүнтэй хамт Хаан банкны ATM дээр очиж бэлэн 100,000 төгрөгийг авч өгөөд үлдсэн 21,000 төгрөгийг идсэн хоолных нь тооцоонд суутгаж авсан. Би Б гэх хүний гэрэл зургийг харлаа Миний дансанд 121,000 төгрөг хийлгэж авсан хүн мөн байна…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас);

4. Гэрч Д.Ч-ийн Хаан банкны *** дугаарын дансны хуулга (хх-ийн 13 дугаар хуудас),

5. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Б.Б гэх хүний гэрэл зургийг огт харж байгаагүй. Энэ залуу намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад манай төрсөн эгч болох Б.Ч-т худлаа хэлж 2019 оны 12 дугаар сард 221,000 төгрөг авсан гэсэн. Энэ талаар өөрийн төрсөн эгч Б.Чээс сонссон…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас);

6. Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Д.Ч гэх хүнийг танихгүй, мөн утсаар ярьж өөрийгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг, дүүг чинь хорих ангиас гаргаж өгнө гэж хэлээгүй, 221,000 төгрөг аваагүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Барс захын хажууханд байдаг цайна газарт байхдаа 121,000 төгрөгийг..., ...маргааш нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны тойрог орчимд явж байгаад 100,000 төгрөгийг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 140-142 дугаар хуудас)

8. Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 88-105 дугаар хуудас), шүүгдэгч Б.Б-ийн ялын тооцооны тодорхойлолт (хх-ийн 138 дугаар хуудас), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 564 дугаартай: “...тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоол 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон...” гэсэн албан бичиг (хх-ийн 164 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байтал тэрээр бусдад худал хэлэн зориуд хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Прокурор шүүгдэгч Б.Б-ийг “залилах” гэмт хэргийг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” үйлдсэн хэмээн яллаж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд тэрээр өөрийгөө “Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажилладаг” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулсан байх тул шүүх гэмт хэргийн шинжийг өөрчлөн дүгнэсэн болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үйлдлийн аргад хамаарах хэд хэдэн шинжээс зөвтгөн дүгнэснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ийг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэргийн улмаас биет байдлаар нийт 221,000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 221,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хохирол төлбөрийг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, үүн дээр Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 cap 9 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 27 хоногийг ялыг дээр нэмж, нийт эдлэх ялыг 3 жил 01 сар 27 хоногоор тогтоож, түүний цагдан хоригдсон нийт 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, уг хорин ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн ялын тооцооны тодорхойлолтоор шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 2 (хоёр) жил 07 (долоо) сар 27 (хорин долоо) хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар, хорих ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тэрээр хохирлоо бүрэн барагдуулсан,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байгааг нь харгалзан шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жил 3 (гурав) cap 9 (ес) хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 7 (долоо) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 (хоёр) жил 8 (найм) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нийт 41 (дөчин нэг) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жил 3 (гурав) cap 9 (ес) хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 7 (долоо) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 (хоёр) жил 8 (найм) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 (хоёр) жил 8 (найм) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н энэ хэрэгт цагдан хоригдсон 41 (дөчин нэг) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шинэчлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА