Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1160

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Т.Болор-Эрдэнэ, шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1218 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Г.Э-ыг, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод *** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 2 дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52 дугаар гудамжны ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шитгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөсөн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгж буюу 1,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд ялын тооцоогүй байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г овогтой Э нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах *** цайны газарт О.Н-ийг хаяж явлаа гэх шалтгаанаар маргалдан сэнжтэй аяга толгой хэсэг рүү нь шидэж зулайн хуйханд шарх, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Г.Э нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй цайны газарт “орхиж явлаа” гэсэн шалтгаанаар хохирогч О.Н-тэй маргалдаж, түүний толгой руу сэнжтэй шаазан аяга шидэж, бие махбодод нь “...зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, *** цайны газарт хамт ажилладаг Б-ы хамт хоол идээд сууж байхад мөн хамт ажилладаг Э араас орж ирээд “цуг явчихгүй, хаяад явчихлаа, мөнгө цаас гуйна гэж бодоо юу” гээд уурлахаар нь би “чамаас айх юм уу, чи юу гээд байгаа юм” гэж хэлээд бид 2 маргалдсан. Тэгээд эргэж хараад ширээн дээрээ сууж байтал толгой дундуур тас хийгээд явчихсан. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Э гартаа сэнжтэй цайны аяга барьчихсан ард зогсож байгаад дахиад цохих гээд дайраад “ална” гээд байсан. Хажуугаас Б салгаж, намайг цохиулаагүй. Б, Ж хоёр хөндлөнгөөс харсан. Э бид хоёр хоёулаа ажилтай байсан, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би шүүх эмнэлэгт л үзүүлсэн. Өөр эмнэлэгт хандаагүй. Ямар нэг хохирлын баримт байхгүй ч 200,000 төгрөг эмчилгээнд зарсан. Эмчилгээний зардлаа гаргуулаад авчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас);

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8669 дугаартай шинжээчийн: “...О.Н-ийн биед зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 12-13 дугаар хуудас);

4. Гэрч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамт ажилладаг Э араас орж ирээд Н-д хандан “та хамт хоол иднэ гэчхээд хаяад явчихлаа” гэж хэлсэн. Н, Э 2 эхлээд тоглоомоор нэг нэгэндээ үг хаяад байсан. Сүүлдээ маргалдаад Н “би чамтай явах албатай биш дээ” гэж хэлтэл Э сэнжтэй аягаар толгой дундуур нь 1 удаа цохисон. Тэгтэл Н-ийн толгойноос цус гоожоод эхэлсэн. Би дундуур нь орж салгаад Э-ын гарт байсан аягыг авч тавиад, Э-ыг гадагш нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Г.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 25 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 34 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 37-61 дүгээр хуудас), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19/719 дугаартай: “2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ял биелэгдсэн” гэсэн тогтоол (шинээр гаргаж өгсөн);

6. Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч О.Н-н биед учирсан гэмтлүүдийг учруулсан. Би түүний толгой руу сэнжтэй аягаар 1 удаа цохисон. Тэр үед үүссэн гэмтлүүд юм. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би нягтлан бодогчоосоо цалингаа cap бүр бэлнээр авдаг тул цалингийн данс гэж байхгүй. Энэ талаарх компанийн тодорхойлолт байгаа..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 74 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Г.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.Н-ийн эрх чөлөөнд халдаж, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Э нь хохирогчид 200,000.00 төгрөг нөхөн төлсөн, мөн хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн гэр бүлийн байдал, ам бүлээ ганцаараа тэжээдэг хувийн байдлыг нь харгалзан торгох ял сонгож, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хувийн байдлыг харгалзан торгуулийн хэмжээг сая төгрөгөөр тогтоох саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.

Анхан шатны шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн эхнэр хүүхдээ ганцаараа тэжээдэг ар гэрийн байдлыг нь харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Э-т оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Э-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдоогүй, тэрээр хохирогчид 200,000.00 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Э-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА