| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1841 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч О.Баярсайхан,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М холбогдох эрүүгийн 2006 00000 2473 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, халх, тусгай дунд боловсролтой, архивч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, эгч, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батбайгаль” ХХК дотор иргэн Э.Отгонбаатартай маргалдаж гараараа цохиж баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-9-10/, Б.М гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 8836 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-14/, насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатарын хохирлын баримт /хх-17-18/, шүүгдэгч Б.М ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батбайгаль” ХХК дотор иргэн Э.Отгонбаатартай маргалдаж гараараа цохиж баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатарын өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 29-ны өдөр манай төрсөн дүү Нацагдорж, үеэл дүү Алинчбиш нар Мөнхтайван гээд бид нартай хамт ажилладаг хүнд зодуулсан байсан. Тэгэхээр нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байгаад Мөнхтайван руу очоод “яагаад хоёр дүү дээрэлхээд байна” гэсэн чинь намайг заамдаж аваад шууд цохисон. Тэгэхээр нь би Мөнхтайванг бариад авсан чинь намайг газар унагаад боож байгаад миний толгой нүд рүү 3 удаа цохисон. Тэр үед үйлчлэгч эгч Дуяа ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би босож ирээд хувцсаа тайлаад чи ямар овоо юм бэ гэсэн чинь Мөнхтайван цаанаас хайч аваад над руу дайрсан чинь үйлчлэгч эгч Дуяа дундуур орж ирээд салгаад тэгээд би явсан.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М гийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 09 цагийн үед ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Батбайгаль ХХК-д ажлаа хийж байсан. Тэгтэл Отгонбаатар гэх залуу орж ирээд өчигдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай дүү болох Нацагдоржийг зодсон, дээрэлхсэн гэх шалтгаанаар надтай маргалдаж байгаад заамдалцаж аваад миний цээжин хэсэгт 2, 3 удаа гараараа цохих үед би эргүүлээд Отгонбаатарыг нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд газарт унагаад хоолойг нь боож байгаад толгой хэсэгт нь 2 удаа цохисон. Газарт унасан байх үед мөн адил миний хоолойг боосон. Мөн тохой хэсэгт 1 удаа гараараа цохисон. Удалгүй Дуяа гэх эгч ирээд салгасан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 8836 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатарын хохирлын баримт /хх-17-18/,
Шүүгдэгч Б.М ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-26/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Отгонбаатарын өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 29-ны өдөр манай төрсөн дүү Нацагдорж, үеэл дүү Алинчбиш нар Мөнхтайван гээд бид нартай хамт ажилладаг хүнд зодуулсан байсан. Тэгэхээр нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байгаад Мөнхтайван руу очоод “яагаад хоёр дүү дээрэлхээд байна” гэсэн чинь намайг заамдаж аваад шууд цохисон. Тэгэхээр нь би Мөнхтайванг бариад авсан чинь намайг газар унагаад боож байгаад миний толгой нүд рүү 3 удаа цохисон. Тэр үед үйлчлэгч эгч Дуяа ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би босож ирээд хувцсаа тайлаад чи ямар овоо юм бэ гэсэн чинь Мөнхтайван цаанаас хайч аваад над руу дайрсан чинь үйлчлэгч эгч Дуяа дундуур орж ирээд салгаад тэгээд би явсан.” /хх-9-10/ гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Б.М гийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 09 цагийн үед ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Батбайгаль ХХК-д ажлаа хийж байсан. Тэгтэл Отгонбаатар гэх залуу орж ирээд өчигдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай дүү болох Нацагдоржийг зодсон, дээрэлхсэн гэх шалтгаанаар надтай маргалдаж байгаад заамдалцаж аваад миний цээжин хэсэгт 2, 3 удаа гараараа цохих үед би эргүүлээд Отгонбаатарыг нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд газарт унагаад хоолойг нь боож байгаад толгой хэсэгт нь 2 удаа цохисон. Газарт унасан байх үед мөн адил миний хоолойг боосон. Мөн тохой хэсэгт 1 удаа гараараа цохисон. Удалгүй Дуяа гэх эгч ирээд салгасан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 8836 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М гийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гаргасан татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Батбайгаль” ХХК дотор иргэн Э.Отгонбаатартай маргалдаж гараараа цохиж баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2
дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Насанд хүрээгүй хохирогч Э.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.М г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.М гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.М д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС