Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Бэд холбогдох 1706000000203 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овогт ...........ийн ..........., 1995 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .........../;

С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 4-4 тоотод оршин суух Б.Нын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мах, махан бүтээгдэхүүн хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Ямаат овогт Сүрэнгийн Болдсүхийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Бэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, С.Бэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хоригдохоос өмнө Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст автомашины хулгайн хэргээр мөрдөн байцаагч ахлах дэслэгч Мөнхдалайд шалгагдаж байсан бөгөөд дахин шүүхээр ороход миний эрх зүйн байдал дордож байгаа бөгөөд дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу С.Бэд холбогдох хэргүүдийг тус тусад нь шүүхээр шийдвэрлүүлж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох боломжтой тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэгт мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 4-4 тоотод оршин суух Б.Нын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мах, махан бүтээгдэхүүн хулгайлсан 1706000000203 дугаартай эрүүгийн хэргээс гадна “...Өөр хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа” талаар давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон П.Даваасүрэн “С.Б нь өөр хэрэгт шалгагдаж байгаа” талаар тайлбараж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул С.Бэд оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй юм.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч С.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                Ц. ОЧ