Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0480

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч Д.Батмагнай,

Нэхэмжлэгч: “Г” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын XV-019268 тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-019268 тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 331 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Хэргийн индекс: 128/2022/0028/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 331 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41, 6.1.41-ийн а-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын хайгуулын XV-019268 тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-019268 тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1.“Г” ХХК нь анх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 02/12 тоот албан бичгээр сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаж чадаагүй тул сунгаж өгөхийг хүссэн албан бичиг /хугацаа сунгуулах тухай өргөдөл, холбогдох баримтуудыг хавсаргаагүй/ ирүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8/5212 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсралтын хамтаар гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.161-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн байгааг мэдэгдсэн байна.

2.2.Уг хариуг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/21 тоот албан хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байх бөгөөд хариуг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/5245 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 11 дүгээр сарын 05/ өдрөөс өмнө ямар нэгэн хүсэлт, хуульд заасан өргөдөл материал ирүүлж байгаагүй нь баримтаар тогтоогдож байдаг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргаагүй нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутга хууль зүйн үндэслэл байхгүй.

2.3.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхгүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсон байгаагаас үзвэл “Г” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-019268 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хуулийн шаардлага хангаж ирүүлсэн байхад түүнийг шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор байна.

2.4.Гэтэл “Г” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-019268 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.161-д заасны дагуу тус зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх үйл баримт, шүүхэд цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдоогүй. Гэтэл анхан шатны шүүх эс үйлдэхүй тогтоогдож буй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

2.5.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-ээс 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-аас 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-аас 11.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа бөгөөд “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Төрийн захиргааны төв байгууллагад ирүүлээгүй байх тул тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

2.6.Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Нэхэмжлэгч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тухайдаа маргаагүй” гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь логик алдаатай шийдвэр болсныг харуулж байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд “Г” ХХК нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хэргийн оролцогчийн гомдлыг хангаж, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Ашигт малтмалын хайгуулын XV-019268 тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-019268 тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.

2.Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 967 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг Зүүн хошуу нэгтэй 2631.33 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын XV-019268 тоот тусгай зөвшөөрлийг[1] “Г” ХХК-д олгосон.

3.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 729 дүгээр шийдвэрээр[2] 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

4.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”,

Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заасан.

5.Дээрх хуульд зааснаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах ба хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоор байна.

6.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхгүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ.

7.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч компанийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1 сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч байгууллагад гаргахаар байжээ.

Гэтэл нэхэмжлэгч компаниас хуульд заасан хугацааг 1 сар гаруй    хугацаагаар хэтрүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/21 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг[3] хариуцагч байгууллагад гаргасан.

Уг хүсэлтийг хянан үзээд хариуцагчаас  2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8/5212 дугаар албан бичгээр[4] “... ашигт малтмалын хайгуулын XV-019268 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ... гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон” гэсэн хариуг өгсөн гэдэг нь тогтоогдож байна.

8.Мөн нэхэмжлэгч компаниас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/21 дүгээр албан бичгээр “... Манай компанийн хувьцаа эзэмшигч, шийдвэр гаргах албан тушаалтнууд бүгд “Ковид-19” цар тахлын улмаас өвчин тусч, хөл хорионд орох болсон нь тусгай зөвшөөрлийн сунгалт хийх өдөртэй цаг хугацааны хувьд давхцаж таарсан онцгой нөхцөл байдал үүссэн байгааг харгалзан үзэж, XV-019268 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцож, сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гаргасан, хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/5245 дугаар албан бичгээр[5] тус хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн агуулга бүхий хариуг өгсөн байна.

9.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, хүлээж авахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

10.Хариуцагчаас нэхэмжлэгч компанийг хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө гаргаагүй гэж тус компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон.

11.Гэтэл анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш болсон нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх агуулгаар хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, “нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Н.Банзрагч Ковид-19 өвчнөөр өвдсөний улмаас 2021 оны 10 дугаар сарын 14-өөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд, үүсгэн байгуулагч Г.Наранхүү нь 2021 оны 10 дугаар сарын 04-өөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд, Г.Наранхүүгийн гэр бүлийн хүн болох Б.Тогоонхүү нь 2021 оны 10 дугаар сарын 16-аас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгаарлагдан эмчлүүлсэн” гэсэн нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагын бодит нөхцөл байдалд тохироогүй, хуульд үндэслээгүй, хуульд заасныг хэрэгжүүлэхээс татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж анхан шатны шүүхээс үзсэн нь үндэслэлгүй.

12.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Г” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын XV-019268 тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-019268 тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 12 дахь тал

[2] Хэргийн 57 дахь тал

[3] Хэргийн 50 дахь тал

[4] Хэргийн 9 дэх тал

[5] Хэргийн 10 дахь тал