Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01353

 

Ч.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00112 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “К банк” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “М” ХХК-тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48а байр 1 тоот 378 м.кв орон сууцыг 310 000 ам.доллароор худалдан авахаар тохиролцсон. Дээрх гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгэгч нь байрыг 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүрэн дуусган ашиглалтад оруулах, гэрээний 5.1-д заасны дагуу захиалагч нь захиалсан орон сууцны үнийг төлөх, гүйцэтгэгч нь захиалагчид сууц эзэмших эрхийн бичгийг олгох үүрэг хүлээсэн. Ч.М би захиалсан байрны төлбөр болох 310 000 ам.долларыг 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлсөн, “М” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагчийн нэр дээр гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд Ч.М-ыгорон сууцны өмчлөгч болно гэж харилцан тохиролцсоны дагуу миний бие өөрийн худалдан авсан гарааш, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэгч “М” ХХК нь Ч.М-ыг байрны төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болсон болохыг хүлээн зөвшөөрснөөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2017/00645 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ч.М миний биеийг Хан-Уул дүүргийн 11-р хороо, 3-р хэсэг, Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1 тоот 378 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу дээрх орон сууц болон гараашийн хууль ёсны өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахаар Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Хан-Уул дүүргийн улсын бүртгэгчийн ...улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр огноолсон бүртгэгчийн хариуг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авснаар миний өмчлөлийн орон сууц “Параскай” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болохыг мэдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “М” ХХК, “К банк” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1 тоот орон сууцыг барьцаалахдаа хууль ёсны өмчлөгч болох Ч.М миний зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд “К банк” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48а байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 

...2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж “Параскай” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр хотхоны 48а байрны 1 тоот 378 м.кв орон сууцыг “К банк” ХХК-ийн шаардлагаар Ч.Мандахад мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэвч “К банк” ХХК нь зээлийн барьцаанд орон сууцуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь 2010 оны 09 сард орон сууц нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан ч иргэд 2009 оны 12 сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Ч.М нь тэдний нэгэн адил орон сууцыг ашиглаж байсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч “К банк” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Параскай” ХХК нь “К банк” ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 600 000 ам.долларын Жайка төслийн зээлийг жилийн 7.71 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Түүнчлэн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “К банк” ХХК болон “Параскай” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “М” ХХК-тай зээлийн барьцааны гэрээг байгуулан ...хөрөнгүүдийг барьцаанд авсан. Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. К банкны хувьд 08/150 тоот барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Иргэн Ч.М нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/Ш32017/09070 тоот захирамжаар тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас харахад “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 48а байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, “К банк” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Ч.М нь дээрх барьцааны эрхээс хойно иргэний шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир “К банк” ХХК нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх гэрээ байгуулагдаж, үнийг бүрэн төлснөөр үүсэхгүй, хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсдэг. 

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00112 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь заалтыг баримтлан “М” ХХК болон “К банк” ХХК-ийн хооронд 2010 оны 09 сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48а байрны 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 08 сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 264 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК, “К банк” ХХК-аас 1 264 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мандахад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “К банк” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “К банк” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 264 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т заасны дагуу гүйцэтгэгч “МФикс капитал” ХХК нь захиалагч Ч.М-д өөрийн хийж гүйцэтгэсэн ажил болох орон сууцыг түүний өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд уг гэрээгээр бий болсон эд хөрөнгийг өмчлөх, бусдад барьцаалах эрхийг иргэн Ч.М нь “М” ХХК-д олгоогүй, гэрээнд энэ талаар тусгагдаагүй. Гэтэл “М” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж, цааш нь К банкинд барьцаалан Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөөр байхад энэ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнд гомдолтой байна.

...Иргэн Ч.М болон “М” ХХК нь дээр дурдсанчлан Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг үндэслэн захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхийг түүний төлбөрийг бүрэн төлснөөр шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээндээ тусгасан нь хуульд харшлаагүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь зөвхөн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхээр байна хэмээн хуулийг хэт явцууруулан тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2017/00645 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасны дагуу уг хүчин төгөлдөр захирамжийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

...Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр “М” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулсан К банкны бизнесийн банкны газрын захирал Б. Эрдэнэцэцэгийг гэрчээр асуухдаа шүүхийн зүгээс “тухайн үед барьцаа хөрөнгүүд нь худалдагдсан, бусдын өмчлөлд шилжих байр гэдгийг мэдэж байсан уу” гэхэд тэрээр “бусдад худалдагдсан гэдгийг мэдэж байсан, гэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээ нь “М” ХХК-ийн нэр дээр байсан тул зээлийн барьцааны гэрээг байгуулсан” гэх тайлбарыг өгч байсан. Үүнээс үзвэл зээлийн барьцааны гэрээг байгуулж байх үед К банкны удирдлагаар  ажиллаж  байсан,  зээлийн  барьцааны  гэрээ  байгуулах  эрх  бүхий  албан тушаалтнууд  “М” ХХК-ийг тухайн орон сууцыг барьцаалах боломжгүй гэдгийг мэдэж байсан болох нь тодорхой болно.

Ийнхүү давж заалдах шатны шүүх нь Ч.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “К банк” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг өмчлөх эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч “К банк” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, барьцааны гэрээг “Параскай” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “М” ХХК-тай байгуулсан ба өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Ч.М нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч “Мфикс капитал” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа орон сууцны барилгад 250 мкв талбай бүхий байрыг 250 000 ам.доллараар захиалан бариулахаар тохиролцжээ. Хоёр шатны шүүх уг гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай гэж үзсэн байна.

Талууд 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулж, хаягийн өөрчлөлтийг тусгаж, таун хаусын талбайн хэмжээнд зоорь, гараашийн давхрын 128 мкв талбайг нэмж, нийт талбайг 378 мкв болгож, үнийн дүнг 310 000 ам.доллар гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Ч.М 378 мкв талбай бүхий орон сууцны үнэд нийт 310 000 ам.долларыг 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд төлж барагдуулсан байна.

Хариуцагч “М” ХХК нь орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны 48А байрны 1 тоот 378 мкв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. Улмаар уг эд хөрөнгийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08\150 дугаартай барьцааны гэрээгээр хариуцагч “К банк” ХХК-д “Параскай” ХХК-ийн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08\150 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн хаягт байрлах 2, 3, 4, тоот орон сууцны хамт барьцаалжээ.

Энэ хэрэгт хэргийн оролцогчоор оролцоогүй “Параскай” ХХК нь 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “К банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 600 000 ам.долларыг жилийн 7.71 хувьтай 120 сарын хугацаатай, JBIC2ийн төслийн зориулалтаар зээлсэн байна. Монгол Улсын Сангийн яам, “К банк” ХХК-ийн хооронд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулагдсан ба “Параскай” ХХК-ийн зээл энэ төсөлд хамааралтай ажээ.

Үүнээс гадна “Мфикс капитал” ХХК нь “К банк” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх” нэртэй гурван гэрээ байгуулж, “Юу Си Ай Жи” ХХК, “Монлотус” ХХК, “Вайтстар” ХХК, “Анусервис” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК-ийн зээлийн төлбөрөөс зарим хэсгийг барагдуулсан байна. “Параскай” ХХК-ийн үндсэн зээл, хүүгээс хасагдсан 65 112 ам.долларын төлбөрт маргааны зүйл болж буй барьцааны хөрөнгө хамаарч байгаа эсэх нь ойлгомжгүй, хоёр шатны шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн, маргааны зүйл болж буй барьцааны хөрөнгөөр хангагдах үүрэг буюу “Параскай” ХХК-ийн зээлийн төлбөрийн асуудал, мөн энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, эрх зүйн үндэслэлийн талаар өөр хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй эсэх нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, барьцаагаар үүрэг нь хангагдаж буй этгээд буюу “Параскай” ХХК тухайн хэрэгт оролцоогүй тохиолдолд зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00112 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 264 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН