| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1889/Э |
| Дугаар | 1913 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1913
2020 11 03 2020/ШЦТ/1913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Д., түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,
шүүгдэгч Г.С., түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н. овогт Б.ийн Д., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ын С. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 00283 0281 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Н. овогт Б.ийн Д..
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Банкны эдийн засагч мэргэжилтэй, “Нью гранд мүүн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Г.ын С..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д. нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил, хяналтын тасгийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгч “Төгсчандмань” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С.гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс 933.600 төгрөгийн хахуулийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн урд замын хойно байрлах “Бурхант” нэртэй зоогийн газрын гадаа Г.С.гийн машин дотор авсан,
Г.С. нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу “Төгсчандмань” ХХК-ийн жолооны курст суралцсан БНХАУ-ын 45 иргэнийг замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад тэнцүүлэхийн тулд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил, хяналтын тасгийн мэргэжилтэн Б.Д.ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд 933.600 төгрөгийн хахуулийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн урд замын хойно байрлах “Бурхант” нэртэй зоогийн газрын гадаа өөрийн машин дотор өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Д.Жаргалсайханы өгсөн: “Манай зарын дагуу Хятад жолооч хүмүүс давтан сургалтад суугаад жолооны үнэмлэх авах гэсэн юм гээд орчуулагчаараа дамжуулан ярьсан. Тэр хятад хүмүүсийг орчуулагчийн хамт манай дүрмийн багш Г.С. давтан сургалтыг хийгээд бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлээд шалгалт шүүлгэнд орох боломжтой болсон. Шалгалтад орох хүсэлтийг Бүртгэл хяналтын төвд гаргаарай гэж Г.С.д хэлсэн. Тэгээд хүсэлт гаргасны дагуу байцаагч ирж шалгалт авсан гэсэн. Шалгалтдаа тэнцээд үнэмлэх нь гараад хүмүүстээ өгсөн.
Нэг хүний 275.000 төгрөгийг дээрх хятад иргэдээс авсан. Би 10 сая төгрөгийг өөрөө авч зарцуулсан. 2 сая гаруй төгрөгийг Г.С.д өгсөн. Уг мөнгийг шалгалт болон бичиг баримтад нь зарцуулаарай гэж хэлээд өгсөн. Би тухайн үед нь байгаагүй юм.
Саяхан Бүртгэл хяналтын төв дээр шалгалт ирээд Төгсчандмань жолоочийн курс нь хятад хүмүүсийг мөнгө өгч, хууль зөрчин шалгалт өгүүлж тэнцүүлсэн гэсэн яриа гарсан байна гэсэн. Г.С.гаас юу болсон юм бэ гэхэд би болгосон, зохицуулсан гэсэн. Өнөөдөр таныг дуудсаны дараа бол 80 орчим мянган төгрөгийн эд зүйлийг 900.000 төгрөг өгсөн гэдгийг сая мэдсэн.” Гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-117/,
- Гэрч Ч.Батболдын өгсөн: “ЦЕГ-аас шалгалт авах үйл ажиллагаатай холбоотой шалгалт хийсэн. Тухайн өдөртөө хэн ямар шалгалт авахыг Мэргэжил хяналтын тасгийн дарга өдөр бүр хуваарь гаргаж танилцуулдаг. Энэ өдөр бол дүрмийн шалгалт авах хуваарьтай байсан ахмад Р.Шийравжамц байсан байдаг ба тухайн өдөр чөлөө авсан байдаг. Тасгийн дарга нь ачаалал тэнцвэржүүлж зохицуулалтыг хийдэг юм. Тухайн үеийн асуудлыг бол би сайн мэдэхгүй байна. Шалгалтын үед мэдэхнээ Д. ангиллын шалгалттай байсан ба түүнийг дуудаж ирж дүрмийн шалгалт авахуулсан байсан. Шалгалт авах албан хаагчийн хуваарийг өдөр өдрөөр нь гаргаад над дээр байдаг учир тэрийг харж байгаад би цохолтыг хийдэг юм.
Журмаар бол заавал цохолт хийх ёсгүй. Хуучин журам дээр төвийн дарга ангиллын зөрүү гарсан бол шийдвэрлэх заалт байсныг шинэ журмаар хассан. Хятад, Солонгос, Япон улсын иргэдийн өөрийн улсын жолооны үнэмлэхийн ангилал зөрүүтэй байсан учир манай ямар ангилалтай дүйцэх талаар уулзалт хийж тохируулсан. Үүний дагуу манайх олгож эхэлсэн. Нэгэнт хүсэлт хийгээд аваад ирдэг учир цохолтыг тухайн өдрийн албан хаагчид хийж өгдөг. Тэрнээс бүх гадаад иргэд надаар дамжихгүй. Дээрх журмаар явдаг. “Атом” ХХК, “Хулд номуун баялаг орших” ХХК-нууд дээрх байдлаар орж ирэхэд цохолт хийж явуулсан байдаг. Харин “Төгсчандмань” ХХК дээр бол цохолт хийлгээгүй байсан. Заавал хүсэлт өгч цохолт хийлгэх ёсгүй юм. Манай тухайн өдрийн мэргэжилтэн нар дээр очоод шалгалтаа өгч болно. Гадны иргэдийн гадаад паспорт дээрх мэдээлэл нь давхцаад байсан учир гадаад иргэдийн шалгалт өгөх хүсэлтийг программд оруулж болохгүй байгаа. Энэ жил программыг шинэчлэх гэж байгаа юм. Тухайн жолооны курс нь цаасаар жагсаалтаар авч ирж байгаа. Цаасаар болон цахимаар шалгалтыг авч байгаа. Тог тасрах сүлжээ унах үед ойрхон жолооны курс дээр шалгалт ав гээд явуулдаг байсан. Зуны оргил цагт өдөрт 1000 хүнээс шалгалт авдаг. Дундаж нь 500-600 хүнээс шалгалт авдаг.
Би голдрилд оруулах гээд хүсэлт цохуулаагүй, нэгэнт шалгалт авсан гэж үзээд ангиллыг бичдэггүй. Энэ тохиолдолд дээрх 70 иргэний доод ангилал бичиж байгаад Төгсчандмань ХХК-ийн 5 иргэний ангилал биччихсэн байсан. Тэгээд энэ цохолтыг байсан учир нэгэнт шалгалт авсан бол журмын дагуу материалыг бичиг хэрэг рүү өгсөн. Энэ шалгалт авах, зохион байгуулах эрх нь мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дээр байгаа.
Би бол яг Төгсчандмань ХХК-ийн 45 иргэнийг цаасаар ав гэж үүрэг өгсөн үү, гэхэд нь үгүй гэсэн. Ерөнхийдөө тухайн өдөр ачаалал их байна. Цаасаар авах уу гэхэд нь тэг гэж хэлсэн. Ямар хэлбэрээр авах нь өөрсдийнх нь асуудал юм.” Гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-102/,
Гэрч Б.Очирбатын өгсөн: “Хуучин журмаар шалгалтыг цаасаар авдаг байсан. Цаг хугацаа асар их ордог, шалгагч нар сургууль болгон дээр нь очиж авдаг байсан. Тэгээд цахимжуулах ажлыг хийгээд 2018 оны 05 сараас цахим шалгалт авч эхэлсэн. Ер нь одоо ч жигдэрч чадахгүй байгаа. 2019 оны 01 сар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журмыг шинэчлэн батлуулсан. Энэ шалгалтын хүрээнд цахимаар авах болон бичгээр авахад хэрхэн авах талаар зааж өгсөн. Энэ журмын дагуу шалгалтыг зохион байгуулж байгаа. Цагдаагийн байгууллагын төсвөөс болоод камерын хяналт, цахим мэдээллийг тайлан гаргадаг болгож чадахгүй байгаа. Шинэчлэл нь хийгдээд л явж байгаа. Ямар тохиолдолд цаасаар авна гэж заасан заалт журам дээр байхгүй. Онолын шалгалтыг цахимаар болон бичгээр авах зохицуулалтыг зааж өгсөн байдаг.
Тухайн өдрийн үйл ажиллагааг санахгүй байгаа. БНХАУ-ын иргэд шалгалт өгсөн асуудлыг эхэлж мэдээгүй. Шалгалт авсан Б.Д.ыг шалгалтын тогтоолыг гарын үсэг зуруулахаар орж ирэхэд нь мэдсэн. Би тухайн үед ямар олон хятад иргэдээс шалгалт авсан юм бэ гэхэд төвийн дарга шалгалт авах чиглэл өгсөн гэсэн, тэгээд зураад өгсөн.” Гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-103/,
- Г.С.гийн яллагдагчаар өгсөн: “Би өмнөх мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн байгаа. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэлт хяналтын төвийн байцаагч Д. нь манай “Төгсчандмань” жолооны курсын танхимыг ашиглаж, Замын хөдөлгөөний хууль, дүрмийн 7 хоногийн давтан курсын шалгалтыг авсан. Хятад хүмүүс учир орчуулагчийнхаа хамт шалгалт өгдөг. Тэр журмын дагуу шалгалтаа өгсөн. Би ажилтай байж байгаад яваад өгсөн. 15 цагийн үед дууссан гэсэн. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Д.ын утсаар холбогдож, Бүртгэл хяналтын төвийн урд замын хойно Бурхант цайны газрын гадаа зогсоол дээр өөрийн 5445 УНД автомашинтай очиж, түүнийг гарч ирээд арын машинд миний машины арын суудалд суухаар нь шалгалтын талаар асууж байгаад цагаан торонд идэж уух юм хийгээд 900.000 төгрөгийн хамт баярласан шүү миний дүү гээд түүнд өгсөн. Тэгэхэд яах юм бэ гэсэн. Нийт 933.600 төгрөгийг өгсөн. Тэгээд тортой юмыг аваад буусан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 61-63/,
- БНХАУ-ын 45 иргэний шалгалт өгөх албан бичиг, үнэлгээний хуудас /1-р хх-ийн 4-98/,
- Банкны дансны хуулгууд /1-р хх-ийн 153-183, 4-р хх-ийн 5-10/,
- Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам /1-р хх-ийн 184-202/,
- Дугаар эзэмшигч болон холболт хийсэн лавлагаанууд /2-р хх-ийн 84-238/,
- Утсаар ярьсан холболтын мэдээлэл, үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 20-22/,
- Г.С.гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 23-27/,
- Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 119-126/,
- Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2-5а/4744 дугаар албан тоот /2-р хх-ийн 75-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нийслэлийн Прокурорын газраас Б.Д. нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил, хяналтын тасгийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгч “Төгсчандмань” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С.гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс 933.600 төгрөгийн хахуулийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн урд замын хойно байрлах “Бурханд” нэртэй зоогийн газрын гадаа Г.С.гийн машин дотор авсан,
Г.С. нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу “Төгсчандмань” ХХК-ийн жолооны курст суралцсан БНХАУ-ын 45 иргэнийг замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад тэнцүүлэхийн тулд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил, хяналтын тасгийн мэргэжилтэн Б.Д.ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд 933.600 төгрөгийн хахуулийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн урд замын хойно байрлах “Бурхант” нэртэй зоогийн газрын гадаа өөрийн машин дотор өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Д., Г.С. нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д. нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил, хяналтын тасгийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгч “Төгсчандмань” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С.гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс 933.600 төгрөгийн хахуулийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн урд замын хойно байрлах “Бурханд” нэртэй зоогийн газрын гадаа Г.С.гийн машин дотор авсан,
Г.С. нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу “Төгсчандмань” ХХК-ийн жолооны курст суралцсан БНХАУ-ын 45 иргэнийг замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад тэнцүүлэхийн тулд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил, хяналтын тасгийн мэргэжилтэн Б.Д.ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд 933.600 төгрөгийн хахуулийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн урд замын хойно байрлах “Бурхант” нэртэй зоогийн газрын гадаа өөрийн машин дотор өгсөн болох нь гэрч Д.Жаргалсайхан, Ч.Батболд, Б.Очирбат, Г.С.гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт, Б.Д.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д., Г.С. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Б.Д. нь гэмт хэргийн улмаас олсон орлого 934.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хас” банкны 5001864158 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100900005406 тоот дансанд байршуулсан байх тул уг мөнгөн дүнг тус данснаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Д., Г.С. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н. овогт Б.ийн Д.ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,
шүүгдэгч Б. овогт Г.ын С.г өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д.т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С.д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д.т оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д., Г.С. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д.т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар, Г.С.д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д.ын гэмт хэргийн улмаас олсон орлого 934.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сан дахь 100900005406 тоот данснаас гаргуулан улсын орлого болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Д., Г.С. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА