Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1955

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        11          09                                       2020/ШЦТ/1955

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго  

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.У. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Г.ын У.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 2439 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Араг Од” ХХК-д бетон арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан, Х. овогт Г.ын У..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У. нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах “Хаан” банкны АТМ-ийн хажуу талд Г.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний өмсөж явсан хувцсыг урах, гар, хурууг нь хазах, хүзүү, цээжийг нь маажих, төмсөгнөөс нь татах, мөргөх зэргээр зодсоны улмаас биед нь баруун гарын 2-р хуруунд шарх, зүүн бугуй, зүүн гарын 2-р хуруу, хүзүү, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Бат-Эрдэнийн өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 28-ны орой 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хорооллын автобусны буудлын урд талд байрлах “Хаан” банкны АТМ-ээс хүнд мөнгө шилжүүлээд гарч ирээд машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь миний машины ард талд өндөр настай эмээ, өвөө хоёр машинаа байрлуулсан байсан. Тэгээд тэр өвөө машинаа хөдөлгөх гэсэн чинь ард талд нэг залуу зогсоод холдож өгөхгүй байсан. Тэгээд би очоод машин гарах гээд байна, холдоод өгчих гэсэн согтуу хүн байсан. Тэгэхээр нь би татаад холдуулсан. Тэгээд өвөө машинаа унаад яваад өгсөн. Нөгөө залуу бас яваад өгсөн. Тэгээд би машинаа гаргах гээд ухарч байсан чинь нөгөө согтуу залуу чинь бас нэг согтуу хүн дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд намайг машиндаа сууж байсан чинь онгорхой цонхоор нөгөө сүүлд ирсэн залуу нь чи миний найз руу томорсон байна гээд шууд намайг цохиод авсан. Би буугаад маргалдсан. Тэгсэн чинь намайг шууд нийлээд зодсон. Нөгөө сүүлд ирсэн залуу нь миний хоёр гар, хурууг хазсан, хүзүү цээж маажсан, төмсөгнөөс 3 удаа татсан, мөргөсөн. Цамц, футболк, дотуур өмд зэргийг урсан, машины толь цохиж хагалсан, хажуунаас бас эхний маргалдсан залуу бас цохиод байсан. Тэгээд  нөгөө хоёр залуу зугатаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би машинаа буцааж байрлуулаад машинд байсан цаасны хутга аваад араас нь олж очоод, цагдаа иртэл хоргоож зогсоосон. Тэгэхгүй бол машинд суугаад зугатаах гээд байсан. Цаасны хутгаар өөрийгөө хамгаалсан, тэр хүмүүст бол хутга хүргээгүй. Хазуулсан газар урагдаж хавдсан, толгой, хүзүү, төмсөг өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

- Гэрч С.Эрдэнэбаатарын өгсөн: “Манай найз У. тэр машин дээр нь очиж уулзахад жолооч талынх нь цонх онгорхой байсан. У. тэр залууд хандаж юун сүртэй юм бэ бид хоёр одоо явлаа гэж хэлсэн. Тэгээд жолооч залуу машинаасаа бууж ирээд У.тай хэрэлдэж, маргалдаад, тэр хоёр харилцан барилцаад авсан. Би очиж салгаад болиоч ээ одоо бид хоёр явлаа гэж хэлсэн. Тэр хоёр намайг анзаарахгүй зууралдаад, нэг нэгийгээ унагаад дээр доороо ороод байсан. Би хоёуланг нь ээлжлэн барьж аваад салгасан. Би тэр залуугаас найзыгаа салгаж аваад У.тай хамт хойшоо зам гараад машин луугаа очсон. Тэгтэл манай дүү Батка машиныхаа гадаа зогсч байсан. Очоод машиндаа суух гэтэл араас нөгөө залуу зам дээр хашлага давж ирж байсан. Гартаа цаасны хутга барьчихсан байсан. Цаасны хутганыхаа ирийг нь гаргачихсан гүйж ирсэн. Ирэхээр нь би урдуур нь ороод одоо болиоч ээ, чи явчихаач ээ, салъя гэж хэлсэн. Тэгтэл ерөөсөө хүний үг авахгүй, шууд манай найз У. луу дайраад, намайг татаж унагаад У.тай бас барьцалдаад авсан. Удалгүй цагдаа ирэхэд больцгоосон. Тэр залуу намайг татаж унагаахад тохой жаахан шалбарсан, өөр гэмтэл шарх байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9911 дугаартай: “1.Г.Бат-Эрдэнийн биед баруун гарын 2-р хуруунд шарх, зүүн бугуй, зүүн гарын 2-р хуруу, хүзүү, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23/,

- Г.У.ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10-11 цагийн үед найз Эрдэнэбаатартай хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол орчмоор шивээсний газар хайгаад явж байсан. Тухайн үед бид хоёр нэлээн согтолттой явж байсан. Бид хоёр тэгээд 13 дугаар хорооллын замын урд талын автобусны буудлын авто зогсоол дээр зогсч байсан чинь үл таних 1 залуу гарч ирээд замаас зайл гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд тэр залуутай хэрүүл маргаан эхэлсэн. Тэр залуу надтай зодолдоод намайг заамдаж барьж авангуут манай найз Эрдэнэбаатар дундуур орж салгасан. Эрдэнэбаатар нь тухайн залууд хандаж, наад чинь согтуу байна шүү дээ, чи өөрөө эрүүл байгаагаараа орхичих оо, хөгшөөн гэж хэлж байсан. Тэгээд Эрдэнэбаатар намайг дагуулаад хойшоо зам гараад яг машиндаа суугаад явах гэж байтал нөгөө залуу араас гүйж ирээд гартаа цаасны хутга барьж байсан. Цаасны хутгатай байж надтай барьцалдаж байгаад миний зүүн гарын эрхий нуруун дээр болон зүүн мөрөн дээр зүсчихсэн. Өмсч байсан цамцыг маань урсан. Тэгээд би цаасны хутгыг нь салгаж авах гээд гарнаас нь хазчихсан. Тэгэхгүй бол намайг хутгаараа зүсэх байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 101/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.У. нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах “Хаан” банкны АТМ-ийн хажуу талд Г.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний өмсөж явсан хувцсыг урах, гар, хурууг нь хазах, хүзүү, цээжийг нь маажих, төмсөгнөөс нь татах, мөргөх зэргээр зодсоны улмаас биед нь баруун гарын 2-р хуруунд шарх, зүүн бугуй, зүүн гарын 2-р хуруу, хүзүү, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.У.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Г.У. нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах “Хаан” банкны АТМ-ийн хажуу талд Г.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний өмсөж явсан хувцсыг урах, гар, хурууг нь хазах, хүзүү, цээжийг нь маажих, төмсөгнөөс нь татах, мөргөх зэргээр зодсоны улмаас биед нь баруун гарын 2-р хуруунд шарх, зүүн бугуй, зүүн гарын 2-р хуруу, хүзүү, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч С.Эрдэнэбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9911 тоот дүгнэлт, Г.У.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.У.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.У. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Г.У.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. овогт Г.ын У.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.У. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.У.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА