Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1126

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн О овогт А.Б т холбогдох 2008000001341 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо тоосго ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт А.Б  /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны хойд талын гэрлэн дохионы гарцан дээр хохирогч Г.Бийг гар утсаараа бичлэг хийсэн гэх шалтгааны улмаас түүний гар утсыг нь булаан авч газар шидэж, эвдэж гэмтээн түүнд 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Г.Бийн мэдүүлэг /хх-ийн 5-6х/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /хх-ийн 13-14х/, гэрч З.Нийн мэдүүлэг /хх-ийн 17-18х/, тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газраас айфоне х маркийн гар утсыг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 21-23х/, шүүгдэгч А.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 50х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 51х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 52х/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 53х/, нийгмийн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54х/, хохирогч Г.Б нь хохирлын мөнгө хүлээж авсан тухай хүсэлт, тайлбар /хх-ийн 56х/, ... ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 69х/, шүүгдэгч А.Б ын мэдүүлэг /хх-ийн 32-33х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны хойд талын гэрлэн дохионы гарцан дээр хохирогч Г.Бийг гар утсаараа бичлэг хийсэн гэх шалтгааны улмаас түүний гар утсыг нь булаан авч газар шидэж гэмтээн түүнд 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Бийн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 05-ны оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоот гэртээ унтаж амрах гээд хэвтэж байхад манай ажилтан В улсын иргэн Д өөрийн ... дугаарын гар утаснаасаа миний ... гэсэн дугаар луу залгаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны баруун хойд талын гэрлийн дохио буюу ... тоотод үйл ажиллагаа явуулдаг авто засварын урд талын зам дээр В улсын иргэн Л ах унадаг дугуйтай явж байгаад машинд мөргүүлчихлээ гэхээр нь би гэрээсээ гараад тус хэрэг болсон газар яваад очиход ... улсын дугаартай тоёота приус-10 маркийн автомашин Лыг мөргөсөн Л зам дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд би Лыг мөргөсөн жолоочоос чи хүн алчихлаа ш дээ гэхэд тэр залуу чамд ямар хамаатай юм бэ юу хуцаад байгаа пизда бэ, энэ муугаа өмөөрөөд үхлээ ш дээ гээд намайг цохих гээд дайрахад тэнд байсан нэг эрэгтэй дундуур ороод салгасан. Тэгээд би уг ослын талаар юу болж байгааг видео хэлбэрээр осолд орсон Лын эхнэр лүү үйл явцыг харуулах гэж бичлэг хийж байхад ... улсын дугаартай автомашины жолооч Б ирээд миний I phone-X маркийн гар утсыг булааж аваад газар шидээд хагалчихсан. Миний гар утас засвар авахгүй гэж хэлсэн ба би гар утсаа А улсад амьдардаг хуурай эгч Оээс 2018 онд 2.950.000 төгрөгөөр худалдан авч байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 6х/,

Гэрч Б.Бгийн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 05-ны оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр жижүүртэй байсан. Тэгээд байж байхад В улсын иргэн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны хойд талын гэрлийн дохионы хажуу мөргүүлсэн гэсэн дуудлага ирэхээр нь би очоод хэргийн газар хамгаалж байхад нэг эмэгтэй ирээд хүн алчихлаа энэ чинь гэрээгээр орж ирдэг ш дээ гээд орилоод байсан. Тэгээд В улсын иргэнийг мөргөсөн жолоочтой нөгөө эмэгтэй маргалдаад гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь маргалдаж байгаад эрэгтэй нь аваад шидчихсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй би миний гар утсыг шидчихлээ ш дээ I phone-X маркийн гар утас ш дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

Гэрч З.Нийн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 05-ны оройн 23 цагийн үед нөхөр Бын хамт гэр лүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны хойд талын гэрлэн дохио хүрэх гээд зүүнээс баруун тийшээ 21 тал руу явж байхад хажуунаас нэг согтуу дугуйтай В улсын иргэн ирээд машиныг мөргөөд газар зам дээр унасан. Тэгээд нөхөр бид хоёр иргэний үүргээ биелүүлээд тэр залууд тусламж үзүүлээд 103 болон 102-т дуудлага өгсөн. ...Тэгээд байж байхад гар утсаа эвдлүүлсэн гэх эмэгтэй замын цаанаас ирээд пиздануудаа баярлаад баясаад байгаа юм уу гэхэд би юу гэж тийм юм байх юм энэ хүнд тусламж үзүүлээд байж байна гэж хэлэхэд тэр эмэгтэй нөхөр бид хоёрыг хараагаад тэр эмэгтэй тэр хавиар орилж чарлаад гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд манай нөхөр чи боль яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл нэг мэдсэн нөгөө эмэгтэй гар утас нь газар унасан байхаар нь би тэр эмэгтэйд гар утсыг нь авч өгсөн. Тэр хооронд В иргэний эхнэр нь гэх эмэгтэй ирээд гар утасны эзэн гэх эмэгтэйтэй миний I Phone X маркийн гар утсыг шидээд эвдэлчихсэн төлөх юм байгаа биз гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...i phone X гар утас-1.200.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 21-23х/,

Шүүгдэгч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... В улсын иргэний хариуцдаг гэх эмэгтэй буюу Б ирээд муусайн гуйлгачид минь хүн мөргөж унагачхаад баясаад баярлаад байгаа юм уу гэж хэлэхэд тэр цагдаа Бт хандан чи боль наад хүмүүс чинь цагдаад дуудлага өгчхөөд байна гэж хэлсэн. Тэгтэл Б гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд нь цагдаа бичлэг битгий хийгээд бай гэж хэлсэн. Тэгээд бичлэг хийгээд миний урд хүрээд ирэхэд би боль гэж хэлэхэд тоохгүй бичлэг хийгээд байхаар нь гар утсыг нь булааж аваад газар шидэж унагасан. Тэгээд би машинаа тойроод цаашаа явсан. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гар утасны хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан ба бэлэн 1.200.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Б нь бичлэг хийлээ гэх шалтгаанаар хохирогч Г.Бийн эзэмшлийн I phone X маркийн гар утсыг газар луу шидэж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Иймд шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бийн эзэмшлийн I phone X маркийн гар утсыг эвдсэний улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөнгө хүлээж авсан талаарх баримтаар /хх-ийн 56х/ нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгс нь А.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч А.Б-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг төлсөн, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. О овогт А.Б-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ