Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Мд холбогдох эрүүгийн 2007003130186 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, ,,,,,,,,,,,,,, Их сургуульд суралцдаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эцэг, дүүгийн хамт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********* дугаартай ******* овогт Б.М.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.М нь 2020 оны 07 сарын 20-ны шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Стэй "намайг бусдад муулсан" гэх шалтгаанаар маргалдан гараараа баруун талын чих хэсэгт нь 2 удаа алгадаж биед нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч   Б.М   нь  шүүхийн   хэлэлцүүлэгт:   “...Хохирогч   буюу

М.С миний хуучин найз залуу байсан. Намайг хүнд муу үгээр доромжилж хэлсэн байсан. Энэ талаар нь би одоо үерхэж байгаа найз охиноос нь мэдсэн. Би М.Ст итгэж найдаж явсан болохоор их гомдсон. Яагаад намайг тэгж хэлсэн талаар нь асуух гэж очиж уулзсан. Тэгтэл М.С би тэгж хэлсэн нь үнэн чи намайг алгад гэж надад хэлсэн” гэв.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 сарын 19-ний өдрөөс 2020 оны 07-р сарын 20-ны өдөр шилжих шөнө гэртээ унтаж байхад гаднаас ******* гараад ир гээд дуудаад байхаар нь гараад очсон. *******тай уулзахад "*******өө чамтай нэг юм ярих гэсэн юм гэнээ" гэж хэлсэн. ******* 2-3 метрийн зайтай зогсож байсан. "Би дөхөөд очиход би чамд гомдож байна" гээд гараараа баруун талын чихэн дээр 2 удаа алгадсан. Би ямар ч хариу үйлдэл хийлгүй буцаад гэр рүүгээ орсон. Гаднаас гараад ир гээд дуудаад байхаар нь буцаад очсон. ******* надад хандаж "би чамд гомдож байна. Чамайг арай ч өөр хүнтэй ингэж байна гэж бодоогүй" гэж хэлэхээр нь "хоёулаа аль хэдийн хоёр тийшээ болоо биз дээ, ярилцаж тохироо биз дээ" гэхэд Б.М, ******* нар миний цамцнаас хоёр талаас татсан. Би гараа салгаад гэр рүүгээ орох гэхэд ******* миний цамцнаас зуураад цээж рүү нэг удаа цохисон. Би тэгээд гэр рүүгээ найз охин *******гийн хамт орсон. Маргааш нь миний чих дүнгэнээд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд баруун чихний хэнгэрэг цоорсон байна гэсэн" гэх мэдүүлэг

/хх-ийн 23-25 хуудас /,

 

Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 07 сарын 20-ны өдөр 02 цагийн үед найз залуу М.Сийн хуучин найз охин нь М.С рүү залгаад гэрийнх нь хаягийг асуусан. М.С хэлээгүй утсаа салгасан. 02 цагийн үед гаднаас М.Сийг эрэгтэй хүн дуудсан. Дуудаад байхаар нь М.С бид хоёр хамт гарсан. Хашааны үүдэн дээр ******* зогсож байсан. ******* "М.Ст хандаж *******өө чамтай юм яримаар байна" гэж хэлээд зайтай зогсож байсан хүмүүс дээр дагуулж очсон. Хуучин найз охин М.Сийг алгадаад нүүр болон цээж рүү нь цохиж байсан. Би тэрийг нь хараад салгах гээд очсон чинь *******ын найз охин нь намайг үсдэж дараад "наад хүмүүс хоорондоо ярих юм аа ярилцах гэж байна" гэж хэлэхээр нь "эмэгтэй хүмүүс үсдэхээ боль тавь ярилцъя" гэж хэлсэн. Б.М М.Сийг дагуулаад холдсон тэнд очоод цохиод байсан. М.С бид хоёр гэр рүүгээ яваад орсон. Араас орилоод дуудаад байхаар нь бид хоёр дахиад гарсан. М.Сээс тэр хүүхэн салахгүй зууралдаад дайраад байсан. Хамт байсан хүмүүс М.С рүү дайраад байсан. Тэр хүүхэн М.Сийн хүүхдийг тээж байгаа гэж худлаа хэлэхээр нь баримтаа гаргаад ир гэхэд байхгүй гэсэн. М.С "би үхлээ" гэж хэлээд зугтаж гэр рүүгээ орох гэхэд ******* М.Сийн цамцнаас зуурсан. Цээж хэсэгт нь дугтраад "чи яах гээд байгаа юм бэ" гэж хэлж байсан. Цаанаас нэг нь "Төрөө андаа болиоч ингэнэ гэж хэлээгүй биз дээ" гэж хэлсэн чинь Төрөө М.Сийг тавьсан. Тэгээд бид хоёр гэртээ орсон. Маргааш нь эмнэлэгт М.С үзүүлэхэд чихний хэнгэрэг нь цоорсон байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг

/хх-ийн 26-28 хуудас /,

Гэрч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 07 сарын 19-ний өдөр найз Цэрэгмаагийн байшингийн найранд ******* цагийн үед очсон. Тухайн газар найзууд маань ирж явж байсан. ******* гэх хүүхэн Б.М рүү 23 цагийн үед мессеж бичээд залгаж доромжилсон. Сүүлдээ мессеж бичсэн тухайн мессежийг уншихад М.С чамайг шалиг олон хүнтэй уулзаж явдаг гэсэн гэх утгатай мессеж байсан. 01 цаг өнгөрч байхад *******аас М.Сийн гэрийг заагаад өгөөч гэж Б.М гуйж зөвшөөрүүлээд М.Сийн гэр рүү нь бид нар явсан. Гэрийнх үүдэнд очоод М.Сийг дуудаж гаргаж ирсэн. Б.М М.Ст хандаж "чи намайг муухайгаар хүн болгонд ярьж явах шаардлага байсан юм уу би тэгж яваагүй биз дээ энэ болгоны оронд 10 удаа алгадчихъя" гэхэд М.С зөвшөөрсөн. Б.М М.Сийг 3-4 удаа алгадсан. ******* ирээд Б.Мийг боль гээд түлхсэн. Би *******г холдуулах гээд татахад үс хамт татагдсан.Тэр үед М.С "би амиа хорлоод үхчихье" гээд гүйхэд нь ******* замд нь барьж аваад заамдаж сэгсрээд "чи дандаа үхнэ, хатна гэж байхын" гэж хэлж байсан" гэх мэдүүлэг

/хх-ийн 29-31 хуудас /,

 

Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 07 сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Б.М "М.Сийн гэрийг заагаад өгчих" гээд гуйгаад байсан. Тэр үед найз Цэрэгмаагийн гэрийн найран дээр байсан.01 цаг өнгөрч байхад гарч яваад М.Сийн гэрт 02 цагийн үед очсон. М.Сийг би гэрийнх гаднаас орилж дуудсан. М.С найз охиныхоо хамт гараад ирэхээр нь "Б.М уулзъя гэж байна" гэж хэлээд тэр хоёрыг уулзуулсан. Б.М уурлаад "чи намайг хүн болгонд ингэж ярьж явахаа болиоч энэ болгоны чинь оронд чамайг 10 удаа алгадчихъя" гэж хэлэхэд болно гэсэн. Б.М нүүрэн тус газар 3-4 удаа алгадсан. М.С алгадуулах гээд хаагаад байсан. ******* ирээд салгах гэсэн. Тэр үед М.С "та хоёрыг ингэж байхын бол би явж амиа хорлолоо би үхээд өгье" гээд явахаар нь би замаас барьж аваад заамдаад сэгсэрсэн. Тэгээд "Чи дандаа ийм юм ярьж байх юм. Үхэх тийм сайхан юм уу" гэхэд "андаа больё" гэж хэлсэн." гэх мэдүүлэг

/хх-ийн 34-35 хуудас /,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №545 дугаар:

1. “...М.Сийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт

/хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 131, 132 дугаар хуудас/,

 

            Б.Мий хувийн байдлын тогтоосон баримтууд

            /хх-ийн 79-82 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн: “...Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Стэй “намайг бусдад муулсан” гэх шалтгаанаар маргалдан гараараа баруун талын чих хэсэгт 2 удаа алгадаж биед нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч  Б.М нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогч М.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийн талаар шүүгдэгч Б.Мөөс баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй шүүгдэгч Б.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 өдрөөр тооцон хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд заасан хугацаанд нь төлүүлэх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.М нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 сарын 20-ны шөнө 02 цагийн үед ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Стэй "намайг бусдад муулсан" гэх шалтгаанаар маргалдан гараараа баруун талын чих хэсэгт нь 2 удаа алгадаж биед нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Мий:”... Яагаад намайг тэгж хэлсэн талаар нь асуух гэж очиж уулзсан. Тэгтэл М.С би тэгж хэлсэн нь үнэн чи намайг алгад гэж надад хэлсэн”  гэх,

Хохирогч М.Сийн: “...******* 2-3 метрийн зайтай зогсож байсан. "Би дөхөөд очиход би чамд гомдож байна" гээд гараараа баруун талын чихэн дээр 2 удаа алгадсан. Би ямар ч хариу үйлдэл хийлгүй буцаад гэр рүүгээ орсон. ...Б.М, ******* нар миний цамцнаас хоёр талаас татсан. Би гараа салгаад гэр рүүгээ орох гэхэд ******* миний цамцнаас зуураад цээж рүү нэг удаа цохисон" гэх,

Гэрч Б.*******гийн: "...Б.М М.Сийг дагуулаад холдсон тэнд очоод цохиод байсан. М.С бид хоёр гэр рүүгээ яваад орсон. Араас орилоод дуудаад байхаар нь бид хоёр дахиад гарсан. М.Сээс тэр хүүхэн салахгүй зууралдаад дайраад байсан. Хамт байсан хүмүүс М.С рүү дайраад байсан” гэх,

Гэрч С.*******гийн "...Б.М М.Ст хандаж "чи намайг муухайгаар хүн болгонд ярьж явах шаардлага байсан юм уу би тэгж яваагүй биз дээ энэ болгоны оронд 10 удаа алгадчихъя" гэхэд М.С зөвшөөрсөн. Б.М М.Сийг 3-4 удаа алгадсан. ******* ирээд Б.Мийг боль гээд түлхсэн. Би *******г холдуулах гээд татахад үс хамт татагдсан.Тэр үед М.С "би амиа хорлоод үхчихье" гээд гүйхэд нь ******* замд нь барьж аваад заамдаж сэгсрээд "чи дандаа үхнэ, хатна гэж байхын" гэж хэлж байсан" гэх,

Гэрч Э.*******ын: "...Б.М уурлаад "чи намайг хүн болгонд ингэж ярьж явахаа болиоч энэ болгоны чинь оронд чамайг 10 удаа алгадчихъя" гэж хэлэхэд болно гэсэн. Б.М нүүрэн тус газар 3-4 удаа алгадсан. М.С алгадуулах гээд хаагаад байсан. ******* ирээд салгах гэсэн. Тэр үед М.С "та хоёрыг ингэж байхын бол би явж амиа хорлолоо би үхээд өгье" гээд явахаар нь би замаас барьж аваад заамдаад сэгсэрсэн. Тэгээд "Чи дандаа ийм юм ярьж байх юм. Үхэх тийм сайхан юм уу" гэхэд "андаа больё" гэж хэлсэн." гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №545 дугаар: “...М.Сийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Мий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Сийн бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ