Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн /томилолтоор/,

Хохирогч С.О,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Т.Бэд холбогдох эрүүгийн 2007000000176 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, ******* настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, уурхайн тоног төхөөрөмжийн селессарь мэргэжилтэй, ............................ тоотод оршин суудаг, регистрийн ................... дугаартай ******* овогт Т.Б.

Урьд Ардын армийн тусгай шүүхийн 1978 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 225 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн б-д зааснаар 6 жил хорих ял, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д заасан 2 жил хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32-р зүйлийг журамлан хуульд зааснаас доогуур 2 жил хорих ял шийтгэгдсэн,1980 оны оны 06 дугаар сарын 17-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

******* районы шүүхийн 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 46-р дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 169-р зүйлийн Б-д зааснаар  3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* районы ардын шүүхийн 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн А-д зааснаар Т.Бийг 6 сар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 31 дүгээр зүйлийн Б ба 33 дугаар зүйлийн Б-д заасныг журамлан Т.Бэд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сар дээр нэмж 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдсэн,

1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ардын их хурлын тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэнээс 9 сар биеэр эдэлж 2 жил 9 сар үлдэж түүнээс 1 жил 4 сар 15 хоногийг өршөөн хассан, 1986 оны 4 дүгээр сарын 8 өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

******* хотын ардын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил хорих ял шийтгэгдсэн, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бийг 3 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэгдсэн, Төв аймгийн шүүхийн 1998 оны 1 сар 30-ны өдрийн 23-ны дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 9 сар 13 хоног хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

******* дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 140 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял , мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сараар хорих ял шийтгэсэн, 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 956 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 8 жил хорих ялаар шийтгэснийг,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 847 дугаартай магадлалаар дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 299 дугаар “Хорих ялыг дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн тооцоход түүний биечлэн эдлэх ял 5 жил болж өөрчлөгдсөн байх тул ялаас түүний биечлэн эдэлсэн 2 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг хасаж үлдэх 2 жил 18 хоног хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоож шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 271 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.Б нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 2 дугаар хорооны 6-58 тоотод С.Оыг гутлаар толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр би согтуу байсан. Би тэр үед С.Отой ганц нэг шил архи нэмж ууя л гэж бодсон өөр ямар нэгэн санаа бол байгаагүй. Би нэг шил архи нэмж уух уу гэж С.Ооос асуусан тэгсэн үгүй гэж байна гээд намайг загнаад уурлаад байсан. Би тэр үед чи намайг юу гэж бодоод байгаа юм бэ гээд С.Оы нэг удаа ор руу түлхэж, гутлаар нь нэг удаа толгой руу нь цохисон” гэв.

Хохирогч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “..Хэрэг гарсан өдөр Т.Б ах, Нараа эгч, Баяраа ах гуравтай дэлгүүрийн урд талд таарсан. Би дэлгүүрээс авсан зүйлсээ гэрт оруулж тавиад буцаж гарч ирсэн. Тэгээд бид нар дээр Одонтуяа ирсэн.  Бид нар архи яваад Т.Б ахын гэрт очсон. Миний мэдүүлэг шүүгдэгч Т.Б ахын мэдүүлэгтэй адилхан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Т.Б ах ганц юм уух уу манайх руу явъя гээд цагаан байрны 6-р байр руу явах замдаа дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн Хараа архи авч гэрт орсон. С.О тэндээ үлдсэнээ биднийг ороод сууж байхад араас орж ирсэн, чи яах нь вэ дандаа архи ууж байхын гэж би хэлэхэд ******* ах намайг дуудсан юмаа гээд орж ирээд суусан. Би тэр архинаас уугаагүй 5-10 минут сууж байгаад дүүргийн халамжаас залгаад амралтын бочёнкоо ирж ав гэхээр нь гарч яваад араас удалгүй манай нөхөр Одонтунгалаг гарч ирсэн байна лээ..." гэх мэдүүлэг

/хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч А.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...Т.Б ах ганц юм уух уу манайх руу явъя гээд цагаан байрны 6-р байр руу явах замдаа дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн Хараа архи авч гэрт орсон. С.О тэндээ үлдсэнээ биднийг ороод сууж байхад араас орж ирсэн, манай эхнэр чи юу хийж яваан дандаа архи дагаж явж байхын гэхэд ******* ах ороод ир гэсэн юмаа гээд суусан. Манай эхнэр архи уугаагүй жаахан сууж байтал дүүргийн халамжаас залгалаа гээд гарч бид хэд нөгөө архиа дуусгаад Одноог би намайг ордон хүргээд өг гээд гарах гэхэд Т.Б дахиад нэг уух уу мөнгө байгаа шүү гэсэн. Би үгүй гээд Одноогоор түшүүлээд гарахад С.О тэндээ суугаад үлдсэн..." гэх мэдүүлэг

/хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 569 дугаар:

1. "...С.Оы биед духанд шарх, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн дүгнэлт

/хх-ийн 26-27 дугаар хуудас/,

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

            Иргэний мэдээлэл

            /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

            Ардын армийн тусгай шүүхийн 1978 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 225 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол

            /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

 

******* хотын ардын шүүхийн 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол

 /хх-ийн 75 дугаар хуудас/,

 

******* хотын ардын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол

/хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол

/хх-ийн 84-86 дугаар хуудас/,

 

Нийслэлийн ******* дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 140 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор

/хх-ийн 87-88 дугаар хуудас/,

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 547 дугаартай магадлалаар

            /хх-ийн 96-98 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

            Улсын яллагчийн “...Шүүгдэгч  ******* овогт Т.Б нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 2 дугаар хороо 6-58 тоотод С.Оыг гутлаар толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогчид хохирол төлбөрт 3150.00 төгрөгийг өгсөн учир хохирол төлбөрт өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Т.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд заасан хугацаанд нь төлүүлэх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Бэд холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 2 дугаар хорооны 6-58 тоотод С.Оыг “гутлаар” толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Т.Бийн “...Би тэр үед чи намайг юу гэж бодоод байгаа юм бэ гээд С.Оы нэг удаа ор руу түлхэж, гутлаар нь нэг удаа толгой руу нь цохисон” гэх,

Хохирогч С.Оы “......Архи нь дуусаад бид нар гарахаар болсон. ...Би буруу ойлгосон шиг байна лээ, Нараа, Баяраа хоёрыг гарсны дараа маргалдаж намайг ор руу түлхэхэд би орон дээр унаж өндийгөөд түлхэхэд миний баруун хөлийн гутлыг сугалаад толгой руу цохисон, тэгээд миний толгой хагарч цус гарсан. Т.Б ах намайг түлхэхдээ хувцаснаас бариад ор руу түлхэхээр нь би хүчиндэх гэж байна л гэж ойлгосон. Намайг тэр хоёрыг дагаад гарах гэхэд гараас бариад авч үлдчихээд дахиад хоёулаа ууя гэхэд нь би уухгүй гээд уурлаад маргасан, тэгээд ор руу түлхсэн..." гэх,

Гэрч Б.*******ийн "... Би тэр архинаас уугаагүй 5-10 минут сууж байгаад дүүргийн халамжаас залгаад амралтын бочёнкоо ирж ав гэхээр нь гарч яваад араас удалгүй манай нөхөр Одонтунгалаг гарч ирсэн байна лээ..." гэх,

Гэрч А.*******ы "...Манай эхнэр архи уугаагүй жаахан сууж байтал дүүргийн халамжаас залгалаа гээд гарч бид хэд нөгөө архиа дуусгаад Одноог би намайг ордон хүргээд өг гээд гарах гэхэд Т.Б дахиад нэг уух уу мөнгө байгаа шүү гэсэн. Би үгүй гээд Одноогоор түшүүлээд гарахад С.О тэндээ суугаад үлдсэн..." гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 569 дугаар: "...С.Оы биед духанд шарх, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Оы бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ