| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0161/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2020-09-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн *******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн О.Ад холбогдох эрүүгийн 2007000000137 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн компанид туслах ажилтан, Ам бүл 5 ээж, дүү, эхнэр нарын хамт ...................... оршин суудаг,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 2 жилийн хорих ял оногдуулж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
мөн дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 393-Ө дугаартай захирамжаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн ******* овогт *******ийн О.А /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч Яллагдагч О.А нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамжны 428 тоотод байрлах хохирогч Д.Эын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн Шарф загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
2. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороо Бадралын 13 дугаар гудамжны 07 тоотод байрлах хохирогч Б.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нь нэвтрэн орж 32 инчийн Би Эс Би /BSB/ загварын зурагт, цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би Баянзүрх дүүрэгт байрлах айлын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт авсан. Мөн 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороонд байрлах айлд нэвтрэн орж зурагт авсан. Хулгайлсан зурагтаа ломбардад барьцаанд тавьсан. Хүүхдийн маань бөөр төрлөхийн муу болохоор би эм тариаг нь авсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.А нь “2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дугаар гудамжны 428 тоотод байрлах хохирогч Д.Эын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн шарф загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороо Бадралын 13 дугаар гудамжны 07 тоотод байрлах хохирогч Б.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нь нэвтрэн орж 32 инчийн Би Эс Би /BSB/ загварын зурагт, цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх
Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг цүүгээр нь эвдэж, хулгайч ороод 40 инчийн зурагт хулгайлаад аваад явсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй байтал Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс над руу залгаад таны зурагтыг хулгайлсан хүнийг олсон та яаралтай цагдаагийн байгууллагад ир гэсэн. Манай гэрээс 40 инчийн хар өнгийн хүрээтэй "Шарф" загварын дөрвөлжин суурьтай ЛСД зурагтыг хулгайд алдсан" гэх мэдүүлэг
/хх-ийн 65 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би *******,******* а тоотод үйл ажиллагаа явуулдаг "Ачлал" эд зүйл барьцаалан зээлдүүлэх төвийн захирал. Манай барьцаалан зээлдүүлэх төвийн дотоод программаас шүүхэд О.А нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Шарф брендийн 40 инчийн ЛСД зурагтыг 14 хоногийн хугацаатай 200.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан байна. Одоо энэ зурагт нь манай барьцаалан зээлдүүлэх төвд хадгалагдаж байна. Надад 216,000 төгрөгийн хохирол учирсан" гэх мэдүүлэг
/хх-ийн 68-70 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл
/хх-ийн 58 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл
/хх-ийн 59 дүгээр хуудас/,
"Дамно" ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б31-20-1183 дугаартай "Хохирогч Б.Д.Эын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 449.970 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан
/хх-ийн 75-76 дугаар хуудас/,
"Ачлал" барьцаалан зээлдүүлэх газрын А2288 дугаартай гэрээ
/хх-ийн 93 дугаар хуудас/,
******* дүүргийн 7 дугаар хороо Бадралын 13 дугаар гудамжны 07 тоотод байрлах хохирогч Б.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нь нэвтрэн орж 32 инчийн Би Эс Би /BSB/ загварын зурагтыг хулгайлан авсан үйлдлийн хувьд:
Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би гэрээсээ сонгуулийн ажил хийхээр гараад өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай том өрөөний цонх онгорхой, гэрийн хаалга цоожтой байсан. Зурагт, саарал өнгийн цүнх, чихрийн мөнгөн мэт бүрмэл таваг алга болсон байсан. Зурагтаа буцаагаад олоод авсан одоо чихрийн тавгаа олоод авмаар байна" гэх мэдүүлэг
/хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр байрны 10 тоотод байрлах миний үйл ажиллагаа явуулах "Хүрээ" ломбардад ******* овогтой О.А гэх залуу нь 32 инчийн BSB брендийн зурагтыг 120,000 төгрөгөөр тавиад явсан. Тухайн зурагтыг өөрийн эд зүйл гэж тайлбарлан хэлсэн. Удахгүй Цагдаагийн хэлтсээс хүмүүс ирээд зурагтыг хулгайнд эд зүйл гэж хэлээд эзэнд нь хүлээлгэн өгсөн. Одоо дээрх зурагтыг тавихдаа авсан 120.000 төгрөгийг төлөөгүй байгаа" гэх мэдүүлэг
/хх-ийн 17 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт
/хх-ийн 4-8 дугаар хуудас/,
"Дамно" ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн НА-20-137
дугаартай "Хохирогч Б.Гийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 363.600 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан
/хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний газрын Гарын мөрний шинжилгээний лабораторийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3179 дугаартай дүгнэлт
/хх-ийн 34-45 дугаар хуудас/,
"Хүрээ" ломбардын 6-22-3 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ
/хх-ийн 90 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 101 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 102 дугаар хуудас/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 404 дугаар шийтгэх тогтоол
/хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол
/хх-ийн 107-109 дүгээр хуудас/,
О.Ан иргэний үнэмлэхийн лавлагаа
/хх-ийн 114 дүгээр хуудас/,
О.Ан оршин суугаа хаягийн тодорхойлолт
/хх-ийн 116 дугаар хуудас/,
О.Ан гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
/хх-ийн 117 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчаас “...Шүүгдэгч О.А нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамжны 428 тоотод байрлах хохирогч Д.Эын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн “Шарф” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороо Бадралын 13 дугаар гудамжны 07 тоотод байрлах хохирогч Б.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нь нэвтрэн орж 32 инчийн Би Эс Би /BSB/ загварын зурагт, цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулж, шүүгдэгч О.Ад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч О.Ад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Ад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөр ч мэдүүлэг өгсөн. Гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй, улсын яллагчийн зүгээс зүйлчилж байгаа гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Хохирогч Б.Г, хохирогч Ч.Д.Э нарт учирсан хохирол төлбөрийг, эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогч нарт хүлээлгэн өгсөн. Иргэний нэхэмжлэгч Н.д 120.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч *******д 216.000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс оногдуулж байгаа ялын санал дээр тайлбар хэлье. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэрэг нь шүүгдэгчийн гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх зорилгоор үйлдэгдсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй дэглэмтэй ангид эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
1.Шүүгдэгч О.А нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дугаар гудамжны 428 тоотод байрлах хохирогч Д.Эын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн Шарф загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь:
Шүүгдэгч О.Ан: “...Би Баянзүрх дүүрэгт байрлах айлын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт авсан.” гэх,
Хохирогч Д.Эын "...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг цүүгээр нь эвдэж, хулгайч ороод 40 инчийн зурагт хулгайлаад аваад явсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй байтал Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс над руу залгаад таны зурагтыг хулгайлсан хүнийг олсон та яаралтай цагдаагийн байгууллагад ир гэсэн. Манай гэрээс 40 инчийн хар өнгийн хүрээтэй "Шарф" загварын дөрвөлжин суурьтай ЛСД зурагтыг хулгайд алдсан" гэх,
Иргэний нэхэмжлэгч Д.*******н “...Манай барьцаалан зээлдүүлэх төвийн дотоод программаас шүүхэд О.А нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Шарф брендийн 40 инчийн ЛСД зурагтыг 14 хоногийн хугацаатай 200,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан байна. Одоо энэ зурагт нь манай барьцаалан зээлдүүлэх төвд хадгалагдаж байна. Надад 216,000 төгрөгийн хохирол учирсан " гэх мэдүүлгүүд, "Дамно" ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б31-20-1183 дугаартай "Хохирогч Б.Д.Эын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 449.970 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан, "Ачлал" барьцаалан зээлдүүлэх газрын А2288 дугаартай гэрээ, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
2. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороо Бадралын 13 дугаар гудамжны 07 тоотод байрлах хохирогч Б.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нь нэвтрэн орж 32 инчийн Би Эс Би /BSB/ загварын зурагт, цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Шүүгдэгч О.Ан: “...Мөн 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 7 дугаар хороонд байрлах айлд нэвтрэн орж зурагт авсан. Хулгайлсан зурагтаа ломбардад барьцаанд тавьсан.” гэх,
Хохирогч Б.Гийн "...Би 2020 оны 6 дугаар сарын 22-ны би гэрээсээ сонгуулийн ажил хийхээр гараад өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай том өрөөний цонх онгорхой, гэрийн хаалга цоожтой байсан. Зурагт, саарал өнгийн цүнх, чихрийн мөнгөн мэт бүрмэл таваг алга болсон байсан. Зурагтаа буцаагаад олоод авсан одоо чихрийн тавгаа олоод авмаар байна" гэх,
Иргэний нэхэмжлэгч Б.ийн "..."Хүрээ" ломбардад ******* овогтой О.А гэх залуу нь 32 инчийн BSB брендийн зурагтыг 120,000 төгрөгөөр тавиад явсан. Тухайн зурагтыг өөрийн эд зүйл гэж тайлбарлан хэлсэн. Удахгүй цагдаагийн хэлтсээс хүмүүс ирээд зурагтыг хулгайн эд зүйл гэж хэлээд эзэнд нь хүлээлгэн өгсөн. Одоо дээрх зурагтыг тавихдаа авсан 120,000 төгрөгийг төлөөгүй байгаа" гэх мэдүүлэг, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, "Дамно" ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б31-20-1183 дугаартай "Хохирогч Б.Д.Эын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 449,970 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан, "Ачлал" барьцаалан зээлдүүлэх газрын А2288 дугаартай гэрээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, "Дамно" ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн НА-20-137 дугаартай "Хохирогч Б.Гийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 363,600 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрний шинжилгээний лабораторийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3179 дугаартай дүгнэлт, "Хүрээ" ломбардын 6-22-3 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ зэргээр болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.Ан үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г, хохирогч Ч.Д.Э нарт учирсан хохирол төлбөр, эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогч нарт хүлээлгэн өгсөн. Иргэний нэхэмжлэгч Н.д 120.000 төгрөг, Д.*******д 216.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул О.Аг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба О.Ан үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд О.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Ад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ