Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 164

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* М.Бт холбогдох эрүүгийн 2007002950177 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............................................... тоотод ээж, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,******* овогт М.Б /РД:  /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр *******,******* тоотод хохирогч С.Мтай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  М.Б  нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Найзуудаараа хамт

айлд ганц нэг шил архи уугаад сууж байсан. Гэтэл С.М эмэгтэй хүн рүү дайраад хэл амаар доромжлоод байсан. Би тэр үед болиулах гэхэд уурлаад байхаар нь болихгүй байсан.  Тэгээд бид хоёр маргалдсан. Би хохирогчийг гадаа гараад хөмсөг хэсэгт нь 1 удаа л цохисон. Хэрэг болсноос хойш би Дорнод руу жоншны үйлдвэрт ажил хийхээр явсан. Би хохирогчтой уулзахад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Миний цалин буухаар би хохирол төлбөр өгнө” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад найз М.Бтай Тайжийн хороонд уулзсан. Гудамжинд бид нар 3 шил 0.75 литрийн архи уусан. 16-17 цагийн үед М.Б бие өвдөөд байна гээд явсан. М.Бтай хамт явсан хоёр хүн М.Бтай уулзана гээд Тайжийн . хороонд нэг айлын гэрт очсон. Тэр айлын хүн бид нарыг архичдыг цуглуулдаг гэр биш гээд хөөсөн бид нар жоохон байж байгаад явъя гэж хэлсэн. Тэр үед М.Б босож ирээд үгийн зөрүү байхгүй нүүр рүү гараараа цохисон. Тэр үед зүүн хөмсөг язарч цус урсан." гэх мэдүүлэг

/хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Я.Мгийн "*******ын гэрт архи уугаад сууж байхад гаднаас С.М согтуу орж ирсэн. Юм яриад сууж байхад С.М М.Бт "надад танай найз дүү нар чинь намайг амжихгүй тэд нарыг чинь би зодно" гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо зодолдохоор болоод гэр дотор хоорондоо цохилцсон. Гарч учраа олно гээд гарсан гадаа С.М удалгүй яваад өгсөн. Тэр үед С.Мын хамраас цус гараад дээд уруул нь хавдсан байсан " гэх мэдүүлэг

 /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 497 дугаар:

“...1. С.Мын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

/34-35 дугаар хуудас/,

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

            М.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд

            /хх-ийн 61, 63, 69-70 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

   Улсын яллагчийн “...Шүүгдэгч******* овогт М.Б нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* Тайжийн 18 гудамжны 05 тоотод хохирогч С.Мтай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогч С.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийн талаар шүүгдэгч М.Баас баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Улсын яллагчийн яллаж байгаа зүйл хэсэгтэй шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс маргаан байхгүй. Улсын яллагчийн зүгээс оногдуулж байгаа торгуулийн ял оногдуулахыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг гарах болсон шалтгааны нэг хохирогчийн буруутай үйлдэл байгаа, зэрэг шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн нөхцөл тогтоогдож байна.  Шүүгдэгч нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн, зэрэг нөхцөл байдал байна. Улсын яллагчийн оногдуулж  байгаа торгох ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Бт холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр *******,******* тоотод хохирогч С.Мтай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч М.Бын “...Гэтэл С.М эмэгтэй хүн рүү дайраад хэл амаар доромжлоод байсан. Би тэр үед болиулах гэхэд уурлаад байхаар нь болихгүй байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Би хохирогчийг гадаа гараад хөмсөг хэсэгт нь 1 удаа л цохисон” гэх,

Хохирогч С.Мын: "Тэр үед М.Б босож ирээд үгийн зөрүү байхгүй нүүр рүү гараараа цохисон. Тэр үед зүүн хөмсөг язарч цус урсан." гэх,

Гэрч Я.Мгийн: “Тэр хоёр хоорондоо зодолдохоор болоод гэр дотор хоорондоо цохилцсон. Гарч учраа олно гээд гарсан гадаа С.М удалгүй яваад өгсөн. Тэр үед С.Мын хамраас цус гараад дээд уруул нь хавдсан байсан " гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 497 дугаар: С.Мын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч                С.Мын бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан  болон  битүүмжлэгдсэн  эд

хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч******* М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ